Хятадын Хэнань мужийн Жэньжоу хотод төвтэй, дэлхийн хамгийн том автобус үйлдвэрлэгч “Yutong Bus” компани орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 55 аж ахуйн нэгжийн төлөөлөлд орон нутаг болон жуулчинд үйлчлэх зориулалттай их багтаамжийн автобусны танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.
Тус компанийн автобусыг дэлхийн олон оронд түгээмэл ашигладаг шалтгаан нь цахилгаан автобусандаа "3S Safety Technologies"-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь эрчим хүчний автобусны аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн технологи аж. Мөн бүрэн цахилгаан дамжуулах системийн хамгаалалтын түвшин нь IP68 стандартын шаардлагыг хангасан нь үер усны аюул тохиолдоход тэсвэртэйг илтгэдэг. Сүүлийн үед үйлдвэрлэсэн хол зайнд явах зориулалт бүхий Yutong автобус нь дотроо бие засах боломж бүрдүүлж зорчигчдынг ая тухтай байдалд онцгой анхаарч суудлын уян хатан байдалд өөрчлөлт хийжээ. Жуулчдад зориулсан автобус нь караоке бүхий тоног төхөөрөмжтэй, кофе цай уух боломжтой гээд олон шийдлийг шинэчилж хийсэн гэв.
“Yutong Bus” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер Ц.Мөрөн “Дэлхийд танигдсан автобусыг ашиглаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Бид чанарыг эрхэмлэж, зорчигчдын аюулгүй байдал, ая тухтай байхад онцгой анхаарч ажилладаг учир дэлхийн олон оронд танигдаж, үйл ажиллагаа маань өргөжсөөр байна. Монгол орны газар зүйн байршил, цаг агаарт тохирсон автобусыг санал болгож, аж ахуйн нэгжийн төлөөлөлд танилцуулж байгаадаа баяртай байна” гэв.
Нийтийн тээврийн үйлчилгээнд тус компанийн ZK6116HG загварын автобусыг ашиглаад хоёр жил гаруй болж байна.
Тус компани нь цахилгаан автобусны хамгийн тохиромжтой технологийн шийдлийг санал болгодог бөгөөд хос хөдөлгүүрт болон бүрэн цахилгаан автобусны борлуулалтаараа дэлхийд нэгдүгээрт жагсдаг аж.