
Монголын мотоспортын түүхэн дэх шинэ хуудсыг Пүрэвдоржийн Мөрөн нээж, 2026 оны Дакар раллид оролцох эрхээ албан ёсоор авчээ.
Тус тэмцээн нь Саудын Арабын Янбу хотод болох ба мотоцикл, автомашин, ачааны машин гэсэн төрөлд 130 оролцогчтойгоор эхлэх юм. Дакар ралли нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, хүнд сорилттой уралдаан бөгөөд тамирчид 8000 гаруй км замыг говь цөл, асар том манхан, хадтай уулс, галт уулын талбай гэх мэт бартаа саадыг даван туулдаг.
Тэмцээнд оролцох болсон талаараа П.Мөрөн “Энэ бол зөвхөн миний мөрөөдөл биш. Намайг үргэлж дэмжиж, итгэл өгч ирсэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, дэмжигчдийн минь ялалт. 2026 онд би монголынхоо нэрийн төлөө, монгол хүний тэсвэр, зоригийг дэлхийд харуулахын төлөө уралдана” гэв.
Ийнхүү Монгол Улсын тамирчин Дакар раллид эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөх эрхтэй болсноор монголын мотоспортын ертөнцөд томоохон үйл явдал тохиолоо.
Э.Ариунтөгс