Ирэх даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлнэ. UBN сайт 2026 оны төсвөөс онцлох хэсгүүдийг нь цувралаар хүргэж буй билээ. Бид энэ удаад орон нутгийн төсвийг бүсчлэлээр нь ангилан хүргэж байна.
Орон нутгийн төсвийн суурь орлого, зарлагыг төлөвлөж, аймгуудад олгох санхүүгийн дэмжлэг 2026 онд 297.5 тэрбум төгрөг, дээд шатны төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 2026 онд 1.4 их наяд төгрөг байхаар тооцжээ.
21 аймгаас 14 нь төсвөөс дэмжлэг авах бол долоон аймаг болон Улаанбаатар хот төсөвт орлого төвлөрүүлэх аж.
-ХАНГАЙН БҮС: 90.3 тэрбум төгрөгийн дэмжлэг авна-
Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг нийтдээ 90 тэрбум 305 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс авах юм. Тодруулбал, Архангай 32 тэрбум 646 сая, Баянхонгор 31 тэрбум 392 сая төгрөг, Өвөрхангай 26 тэрбум 267 сая төгрөгийн дэмжлэг авахаар байна.
Тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг танилцуулбал, О.Алтангэрэл /АН/, Б.Батцэцэг /МАН/, Д.Ганбат /АН/, Г.Хосбаяр /АН/, Дав.Цогтбаатар /АН/, С.Ганбаатар /АН/, П.Мөнтулга /АН/, Д.Жаргалсайхан /АН/, Г.Тэмүүлэн /МАН/ нар байна.
-БАРУУН БҮС: УИХ-ын дарга болон ЭХ-ний сайдын тойрог 97.1 тэрбумын дэмжлэг улсаас авна-

Баруун бүс буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймаг нийт 97 тэрбум 149 сая төгрөгийн төсвийн дэмжлэг авах аж. Үүнийг задалж үзвэл, Ховд 3 тэрбум 992 сая, Завхан 39 тэрбум 258 сая төгрөг, Говь-Алтай 16 тэрбум 68 сая төгрөг, Увс 37 тэрбум 831 сая төгрөгийн дэмжлэг авна.
Сонгогдсон УИХ-ын гишүүдийг нэрлэбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан /МАН/, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт /МАН/, АН-ын дарга О.Цогтгэрэл /АН/, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж /АН/, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /МАН/, УИХ-ын гишүүн Б.Түвшин /АН/, О.Амгаланбаатар /АН/, Б.Заяабал /МАН/, З.Мэндсайхан /МАН/, Э.Болормаа /МАН/ нар байна.
-Бүсчлэлд багтаагүй Баян-Өлгий аймаг 16.5 тэрбумын дэмжлэгтэй-
Бүсчилсэн тойрогт багтаагүй ганц аймаг бол Баян-Өлгий билээ. Тус аймаг ирэх оны улсын төсвөөс 16 тэрбум 555 сая төгрөгийн дэмжлэг авахаар тусгасан байна. Энэ нь 2025 оныхоос 2.8 тэрбумаар буурсан үзүүлэлт аж.
Баян-Өлгий аймаг нь гурван мандаттай бөгөөд УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Б.Бейсен, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар аймгийн иргэдийг төрд төлөөлж байгаа юм.
-ХОЙД БҮС: Орхон аймаг 86.3 тэрбумыг улсад төвлөрүүлнэ-

Хойд бүсийн гурван аймгаас Хөвсгөл, Булган аймаг нийт 46 тэрбум 759 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах бол Орхон аймаг 86 тэрбум 377 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх аж.
Хойд бүсийн иргэдийг УИХ-д Х.Баттулга, Л.Энх-Амгалан, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар төлөөлж буй.
-ТӨВИЙН БҮС: Улсаас дэмжлэг авахгүй, 22.2 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлнэ-
Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг улсын төсвөөс дэмжлэг авахгүй бөгөөд эсрэгээрээ орлого төвлөрүүлэх аймгуудаар нэрлэгдэж байгаа юм. Нийт 22 тэрбум 292 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс Сэлэнгэ аймаг 9 тэрбум 385 сая, Дархан-Уул 9 тэрбум 854 сая, Төв аймаг 3 тэрбум 53 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Энэхүү тойргоос Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Соёлын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Б.Тулга, С.Эрдэнэболд, С.Лүндэг, Ж.Батжаргал нар сонгогдсон билээ.
-ЗҮҮН БҮС: Дорнодынхон 1.1 тэрбумыг төвлөрүүлэх бол Хэнтий аймаг 28.6 тэрбумыг улсаас татна-

Энэ бүсээс Сүхбаатар, Хэнтий аймаг улсын төсвөөс дэмжлэг авах бол Дорнод аймаг орлого төвлөрүүлнэ. Тодруулбал, Сүхбаатар 8 тэрбум 684 сая, Хэнтий 28 тэрбум 664 сая төгрөгийн дэмжлэг авна. Харин Дорнод аймаг 1 тэрбум 192 сая төгрөгийг улсад төвлөрүүлэх юм.
Зүүн бүс нь ерөнхийдөө УЛААН ТОЙРОГ бөгөөд МАН-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, П.Соронзонболд, М.Ганхүлэг нар сонгогдсон бол АН-аас ганцхан УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн төлөөлөл болж УИХ-д сууж байна.
-ГОВИЙН БҮС: Өмнөговь аймаг хамгийн их буюу 1.1 их наядыг улсын төсөвт төвлөрүүлнэ-

Говийн бүсээс Өмнөговь, Дорноговь аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэх бол Говьсүмбэр, Дундговь аймаг төсвөөс дэмжлэг авахаар төсвийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, Өмнөговь аймаг 1 их наяд 136 тэрбум 829 сая төгрөг, Дорноговь 10 тэрбум 425 сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх юм. Харин Говьсүмбэр 6 тэрбум 421 сая, Дундговь 2 тэрбум 986 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах аж.
Энэ бүсээс Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар нарын гишүүд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
-УЛААНБААТАР ХОТ: 173.5 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлнэ-
Өнгөрсөн онд нийслэл Улаанбаатар хот 2025 онд 130.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгагдаж байсан бол ирэх 2026 онд энэ дүн 42.8 тэрбумаар өсөж 173 тэрбум 579 сая төгрөгт хүрчээ.