Швед улс үндэсний мөнгөн тэмдэгтийн дижитал хувилбар руу шилжих боломжийг 2022 он хүртэл судлахаар төлөвлөсөн тухай тус улсын Санхүүгийн зах зээл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд Пера Болунда мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, цахим мөнгөнд шилжих боломжийн талаарх судалгааг өнгөрөгч баасан гарагт эхлүүлсэн байна. Энэ боломжийг судлах үйл явцыг 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм.
Шведийн радиогоор Төв банкныхаа тайлангаас иш татан өнгөрсөн сард мэдээлснээр, тус улсад нийт төлбөрийн 10 хүрэхгүй хувийг бэлэн мөнгөөр хийдэг байна. Бэлэн мөнгөнөөс татгалзах үйл явцын хурдаараа Швед улс дэлхийд нэгдүгээрт бичигддэг гэнэ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нь ДНБ-ний ердөө 1 хувьтай тэнцдэг бол Еврогийн бүсэд энэ үзүүлэлт 11 хувь байдаг аж.