Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батбаатар: М.Нарантуяа-Нара гишүүний саналыг намын гишүүний өгч буй санал гэдэг утгаар хүлээж авсан. ИЗНН-ын удирдах бүрэлдэхүүнд миний хамааралтай хүмүүс байхгүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 14 секунд

Өнгөрөгч есдүгээр сарын 1-нд ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл эл шийдвэрийн талаар болон намын дотоод уур амьсгалтай холбоотой цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодруулга мэдээлэл авлаа

-Өнгөрөгч өдрүүдэд танай намын улс төрийн зөвлөл хуралдаж МАН-тай хамтран ажиллах гэрээг байгуулах ажлын хэсгийг байгуулсан байсан. Үүнээс үүдэн танай нам өнгөрсөн хугацаанд буюу ЗГ анх байгуулагдах үед гэрээгээ байгуулаагүй байсан юм уу гэдэг асуудлыг олон нийт ярьж байна?

-Засгийн газарт парламентын суудалтай таван намаас гурван нам нь хамтарч байгаа. Энэ нь хамтарсан Засгийн газар. Тэгэхээр 2024 оны намрын чуулганаар хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөр нь батлагдсан. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Н.Учрал манай намд албан ёсоор албан тоот өгсний дагуу бид өөрсдийн мөрийн хөтөлбөрөөс тодорхой асуудлуудыг оруулсан. Эрх барьж байсан гурван нам биш парламентад суудалтай таван намын мөрийн хөтөлбөрүүдээс харилцан зөвшилцсөнөөр мөрийн хөтөлбөр батлагдсан. Хэдийгээр бид сөрөг хүчин байсан боловч өөрсдийн мөрийн хөтөлбөрийг оруулах чиглэлээр ажилласан.

Дараагийн асуудал нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнээ баталснаар хаврын ээлжит чуулган хаалтаа хийсэн. Төсвийн тодотголыг маш богино хугацаанд баталсан. Мөн төсвийн хэмнэлтийн асуудлыг шийдсэн. Энэ хүрээнд хамтарсан ЗГ-ыг бүрдүүлж байгаа тохиолдолд намуудын хооронд гэрээ зурагдах ёстой. Намууд хамтарч улс төрийн асуудлаа шийдэх ёстой. Тэгэхээр Ерөнхий сайд намын дарга байгаагүй. Намын дарга Ерөнхий сайдтай гэрээ байгуулна гэдэг нь нам Засгийн газарт ажилд орж байгаа асуудал болж хувирна. Тиймээс гэрээний ерөнхий драфт санаануудаа солилцсон. Улс төрийн бүх намууд хурлаа хийнэ. Асуудал шийдэгдсэний дараа гэрээгээ байгуулъя гэсэн нөхцөл байдал тухайн үед бий болсон. Тиймээс МАН-ын хурлаа хийхдээ үедээ ИЗНН, ХҮН-тай яагаад хамтарч ЗГ байгуулсан юм бэ гэдэг асуудлыг намынхаа хурлаар оруулах нь зүйтэй. Түүнээс биш намын удирдах түвшний хүмүүс хоорондоо гарын үсэг зурснаар асуудлыг шийддэг байж болохгүй. Иймд манай Улс төрийн зөвлөл хамтарсан Засгийн газар өнгөрсөн долоодугаар сараас хойш юу хийж бүтээв, өөрчлөлт оруулах шаардлага юу байна гэсэн асуудлыг хэлэлцэх ёстой.

Хамтарсан ЗГ-ын бүрдүүлэхийн тулд гурван үндсэн зүйлийг анхаарах нь зүйтэй. Нэгдүгээрт, засаглалын хувьд ямар байх ёстой юм. Нэг ёсондоо, Засгийн газар бодлого хэрэгжүүлэхийн тулд хамтарч байгаа бол ямар засаглалыг хамтдаа хэрэгжүүлэх юм бэ. Голлох чиглэлийн асуудлуудаа юугаар илэрхийлэх, ЗГ юунд зорьж ажиллах вэ гэх мэт.

Хоёрдугаарт, бидний мөрийн хөтөлбөр юу юм, мөрийн хөтөлбөрөөсөө ямар ямар зүйлийг тэргүүлэх зэрэглэлд эрэмбэлэх юм бэ гэдэг асуудал. Гуравдугаарт, бид хамтарч ажиллаж байгаа бол ямар зарчим, ямар зөвшилцөл, хариуцлагын тогтолцоо, үүрэг роль зэргээ шийдэх ёстой. Ийм гурван тулгуур зарчимтай байж гэрээ байгуулах нь зүйтэй. Гэрээ байгуулсны дараа түүнийг ширээний шургуулганд хадгалахгүй. Олон нийтэд ил болгоно.

ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга н.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн Р.Батболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Манай Ерөнхий нарийн бичгийн дарга МАН-ын ЕНБД-тай уулзсан байсан. Энэ нь ганцхан МАН-тай ч биш, ХҮН намтай ч уулзах ёстой асуудал. МАН намын даргын асуудлаа шийдэж чадаагүй байгаа учраас намууд эхний ойлголцлын бичгийг ЕНБД нарын түвшинд тодорхойлж гаргах ёстой.

-М.Нарантуяа-Нара гишүүний хувьд засгаас гарах саналыг намын дарга хүлээж авсан гэсэн зүйлийг цахим хуудсандаа нийтэлсэн. Үүнийг та үгүйсгэхгүй байдлаар хуваалцсан харагдсан. Засгаас гарах асуудалд танайд яригдсан зүйл байгаа юу?

-Манай нам ардчилсан үзэл баримтлалтай. Ардчилсан үзэл баримтлалтай намын хувьд намын гишүүд ямар нэг зүйлээр санал дэвшүүлэх, шүүмжлэх, уриалга санаачилга гаргахад түүнийг намын дарга хүлээж авах нь зүй ёсны үүрэг. Тэр үүргийнхээ хувьд би М.Нарантуяа-Нара гэлтгүй бусад гишүүдийнхээ саналыг намын даргын хувьд бүгдийг зөв гэж хүлээн авч байгаа. Энэ санал санаачилгуудыг бүгдийг нь хүлээж авч байгаад намын дүрмийнхээ дагуу Улс төрийн зөвлөл, Үндэсний хороо зэрэг намын аль бүтцийн байгууллагаараа оруулж шийдэх вэ гэдэг нь дараагийн процесс.

-Танай намын зарим гишүүдийн зүгээс таныг намын удирдах болон хяналтын шатны байгууллагуудад өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна гэсэн зүйлийг илэрхийлж байна. Энэ асуудалд та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Өөрсөд шигээ юм ярьсан байна. Би түүн дээр ямар нэгэн тайлбар өгөөд байх шаардлага байхгүй. Манай намын Үндэсний хороо 219 хүнтэй байх ёстой. Үндэсний хороо 219 хүний тоондоо хүрээгүй байгаа. Нэг ёсондоо Үндэсний хороонд сонгогдох ёстой хүмүүсийн тоо нь гүйцэхгүй байгаа гэсэн үг. Тиймээс Үндэсний хороонд миний хамаарал бүхий хүмүүс байгаа эсэх нь нэгдүгээрт яригдах асуудал биш. Гэхдээ ИЗНН-ын удирдах бүрэлдэхүүн, томилгоонд миний хамааралтай хүмүүс байхгүй. Үүнийг хариуцлагатай мэдэгдье.

-Яамд, төрийн нарийнд АН томилгоо байгаад байна. ИЗНН нэг яам хариуцаж байгаа. Гэтэл энэ яамных нь бүтцийн өөрчлөлтөд өөр намаас томилгоо ороод байна гэдэг байр суурийг намын зарим гишүүд илэрхийлсэн байсан. Танай яамны бүтцийн өөрчлөлтөд намаас хийгдсэн томилгоо бий юу?

-Яамны бүтцийн өөрчлөлт Засгийн газрын хурлаар орж шийдэгдэж байгаа. Тиймээс энэ бүтцийн өөрчлөлт зарим нэг албан тушаалтан солигдсон. Гэхдээ үүнд үүрэг гүйцэтгэгч хоёроос гурван хүн солигдсон. Түүний оронд томилогдсон хүмүүс нь төрийн албан хаагчид. Хуульд заасны дагуу АТГ-д очиж ХАСХОМ-оо мэдүүлсэн буюу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ нотолсон хүмүүс томилогдож байгаа. ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүн бол 15 жил төрийн албан хаагчаар ажиллаж байгаа эрхэлсэн түшмэл. 15,16 жил төрийн анхан шатны мэргэжилтнээс нь авхуулаад ажилласан хүнийг аль нэг намын хүн гэж хэлэх боломжгүй. Өөрөө яамдаас сэлгэн томилогдсон хүмүүс байгаа. Тэд төрийн албанд 20 жил ажилласан хүн. Ингэхдээ газрын дарга буюу эрхэлсэн түшмэлийн дэс цолтой. Үүнд манай намаас эсхүл миний хамаарал бүхий томилогдсон зүйл байхгүй.

Монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах хүсэлтийг БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ
Монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах хүсэлтийг БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.