
“Даллас Маверикс”-ын шидэгч Клэй Томпсон зодог тайлсныхаа дараа Ice Cube-ийн үүсгэн байгуулсан BIG3 лигт тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ялангуяа дөрвөн онооны шидэлт түүний сэтгэлийг ихэд татаж буйг онцолсон байна. Клэй Томпсон нь NBA түүхэн дэх хамгийн шилдэг холын зайн шидэгчдийн нэг бөгөөд хэдхэн удаагийн холын шидэлтээр л тухайн тоглолтын урсгалыг өөрчилж чаддаг тоглогч юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
- 4 удаагийн NBA аварга
- 5 удаагийн All-Star
- 2 удаагийн All-NBA-д нэрлэгдсэн
- 2018-19 оны улиралд All-Defensive Second Team-д нэрлэгдсэн.
Мөн 2022-23 онд “Голден Стэйт Уорриорс”-д тоглож байхдаа 301 удаа гурван онооны шидэлт амжилттай болгож, лигийг тэргүүлж байв. Тэрбээр карьерынхаа туршид гурван онооны шидэлтийг 10 улирал дараалан 200-аас дээш амжилттай болгосон цор ганц тоглогч юм.
Одоогоор Томпсон NBA-ийн бүх цаг үеийн гурван онооны жагсаалтад 5-р байрт бичигдэж байна (2,697). Түүний өмнө зөвхөн Стефен Карри, Жэймс Хардэн, Рэй Аллен, Дэмиан Лиллард нар байгаа бөгөөд ойрын жилүүдэд Рэй Аллены амжилтыг давах магадлал өндөр байгаа юм.
Ирж буй улиралд тэрбээр Антони Дэвис, Күүпер Флэгг, Кайри Ирвинг (бэртлээс эргэн ирсний дараа) зэрэг одуудын хамтаар “Даллас Маверикс”-ийг аваргын цом руу дайрахад том нөлөө үзүүлэх нэгэн юм . Тиймээс BIG3 лиг Томпсоныг багагүй хугацаанд хүлээх болж байна.
Э.Ариунтөгс