Өглөөний 06.00 цагт хот огт өөр өнгөөр амьдардаг. Өчигдөрхөн орой зам дагуу чих дүүртэл дуулдсан дуу чимээ намжиж, оронд нь намуухан салхи, шувуудын жиргээ л сонсогдоно. Гудамжаар цөөн хүн алхаж, зарим нь ажилдаа яаран, зарим нь гүйхээр гарчээ. Хүмүүсийн хөлд үл мэдэгдэх тоос босож, өглөөг угтан хот дөнгөж сэрж буй мэт санагдана. Өглөө эхэлснээс хойш хот буцаад хуучин мэт санагдавч хэсэгхэн хугацаанд аниргүй, шинийг мэдрүүлдэг нь өглөөний 06.00 цагийн хотын анзаарагддаггүй өнгө төрх ажээ.
Замын хоёр талаар усалгааны машинаас асгарсан усанд гэрлийн туяа гялалзан, нойрмог цэцгүүд сэрж амжаагүй мэт нам гүм. Хааяахан өнгөрөх машин бүхэл гудамжийг хөдөлгөөнд оруулж байгаа ч чимээ нь түр зуурынх. Дэлгүүрүүд хаалттай, цонхны цаанаас гэрэл цухуйхгүй, энэ үед л хот эзэнгүй мэт ч бас хамгийн амгалан төрхөө харуулна.
Хүмүүсийн хувьд өдөр бүрийн эхлэл янз бүр байдаг ч энэ өглөө өөрийнхөөрөө өвөрмөц. Нарны эхний туяа өндөр барилгуудын шилэн цонхонд тусахад өнгөрсөн шөнийн ядаргаа арилж, шинэ өдрийг эхлүүлэх урам өгдөг. Өөрийн эрхгүй амьсгал гүнзгийрч, бодол хөнгөрөн, “Өнөөдөр сайн өдөр байна” гэсэн мэдрэмж төрнө.
Хотын өглөө ийм намуухан, тайван байдлаар эхэлдэг нь бидэнд өөрсдийгөө шинээр нээж, өдрийг илүү эергээр угтах боломж олгодог юм шиг. Оройны хотын сайхныг ярьдаг бид өглөөний шинэ хотыг анхаарч хараагүй байх нь лавтай.
М.Ариунжаргал