Цар тахлын анхны тохиолдол өнгөрсөн жилийн сүүлээр Хятадын Ухань хотод гарсан хэмээн өдгөө албан ёсоор үзэж байна. Гэтэл Италийн эрдэмтэд анх дөрвөн настай итали хүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу Ухань хотоос өмнө халдвар авсан байсныг тогтоожээ. Хэрав энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдвал цар тахлын үүсэл, гарал, тархалтын тухай бидний мэдэх бүхнийг орвонгоор нь өөрчлөх юм.
Италид анхны тохиолдол албан ёсоор хоёрдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн ч дээрх мэдээллээс харахад түүнээс эрт халдвар хэдийн тархсан байж болзошгүй аж. Дөрвөн настай хүү арваннэгдүгээр сард халдвар авсан гэдэг нь албан ёсоор батлагдвал цар тахал анх Европоос Хятадад очиж дэгдсэн болж ч магадгүй юм. Үүнээс өмнө Европын хамгийн анхны тохиолдлыг арванхоёрдугаар сарын сүүлээр халдвар авсан 43 настай парис эр хэмээн үзсэн байдаг.
“Энэ бол маш чухал зүйл. Учир нь энэ мэдээллийн тусламжтайгаар хүн төрөлхтөн SARS-CoV2 вирусийн үүсэл, түүх, тархацын талаар олон зүйл үнэн зөв, шинэээр мэдэж авах болно. Мөн Италид хэрхэн маш хурдтай тахсан шалтгаан ч олдох болно” хэмээн судлаачид ярьжээ.
Дөрвөн настай хүү Миланы ойролцоо Ломбарди мужид амьдардаг бөгөөд арваннэгдүгээр сарын 21-нд бие нь өвдөж, ханиадны шинж тэмдгүүд илэрч, арьсан дээр нь юм туурч эхэлсэн байна. Түүнийг анх улаан бурхан өвчин туссан хэмээн оношилж, эмчилгээ хийжээ. Үүнээс хойш 39 хүнийг улаан бурхан өвчин туссан хэмээн оношилж, эмчилгээ хийсэн ч үнэн хэрэгтээ өвчин нь улаан бурхан биш гэж тогтоогдов
Эх сурвалж: Telegraph