Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэв: МҮОНРТ эрх барьж байгаа намын “Төв цэвэрлэх байгууламж“ биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд

 

МҮОНРТ олон нийтийнх байх ёстой. Ингэж чадахгүй байна хэмээн үзэж ажилчид нь сүүлийн хоёр сар тэмцэл өрнүүлж байгаа. Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, МҮОНРТ-ийн ажилчдыг хоёр хувааж, нэг хэсгийг нь сарын эхний 15 хоног, нөгөө хэсгийг нь сүүлийн 15 хоног гэх журмаар ажиллуулж байгаа юм байна. Ингэхээр тал хэсэг нь байгууллага руугаа дуртай цагтаа нэвтрэх боломжгүй болж, тэмцлээ үргэлжлүүлэхэд саад тулгарсан учраас өнөөдөр байгууллагынхаа гадаа гэр барихаар шийджээ. Энэ үеэр МҮОНРТ-ийн дөрвөн ажилтанг цагдаа нар саатуулж, гэрийг нь бариулсангүй.  

Нэг инженер техникийн ажилтан, нэг сэтгүүлч, нэг зураглаач ЧД-ийн цагдаагийн газарт хүргэгдэж, байцаалт өгч дуусаад гарч ирлээ. 

Гэр барьж, тэмцлээ эрчимжүүлсэн гол шалтгаан нь өчигдрийн ТББХ-ноос гаргасан шийдвэрээс улбаатай аж. Учир нь, “Өмнөх захирлын багт ажиллаж байсан хоёр хүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд квотоор орохоор ТББХ-нд дэмжигдээд өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж байна. Хэдийгээр ТББХ-ний зарим гишүүд үүн дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ч, олонхийг саналаар дэмжигдлээ. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүн хэлсэн үгэндээ “Манай Үнэн сонины эрхлэгч, орлогч эрхлэгч байсан хоёр хүнийг би дэмжинэ ээ” гэж хэлсэн. Үнэн сонин бол одоо эрх барьж буй МАН-ын төв хэвлэл. МҮОНРТ-д ажилчдын хүсээд байгаа хараат бус байдал бий болж чадахгүйд хүрээд байгааг л бид эсэргүүцэж байна” хэмээн ажилчдын төлөөлөл тайлбарлаж байна.

Цагдаад баривчлагдан, байцаалт өгөөд гарч ирсэн сэтгүүлч Б.Пүрэв "Бид нарыг хөл хорионы үеийн дэглэмийг зөрчсөн үйлдэл хийж байна гэж үзээд байцаалт авлаа. Миний хувьд өмгөөлөгчтэйгөө байцаалт өгнө гээд хүний эрхийн байгууллагын төлөөлөгч нарыг дуудаж, хамт байцаалт өглөө. Өнөөдөр УИХ-аар бид нартай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа. Бид нарын эсэргүүцээд байгаа хүмүүсийг дахин оруулж ирж, гэнэтийн үйл явдал боллоо. Тиймээс үүн дээр ажилчид байр сууриа нэгтгэх шаардлагатай, хойшлуулж болохгүй асуудал тулгарсан. Ингээд гэр барихаар тохироод байж байтал цагдаа хүчний байгууллагын ажилчид ирж, хүч хэрэглэн таван хүнийг баривчлаад машиндаа хийж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст авч ирсэн. Бид нар хөл хорионы үеийн дэглэмийг зөрчсөн зүйл хийгээгүй. Жагсаал цуглаан зохион байгуулах гээгүй. Улс төрчид МҮОНРТ-ийг төрийн мэдлийнх гэж ойлгоод байдаг. Энэ бол олон нийтийн байгууллага шүү. МҮОНРТ эрх барьж байгаа намын "Төв цэвэрлэх байгууламж" биш гэдгийг хэлмээр байна" гэсэн юм. 

АН: Баривчлагдсан сэтгүүлчдийг яаралтай суллахыг шаардаж байна
АН: Баривчлагдсан сэтгүүлчдийг яаралтай суллахыг шаардаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.