
Манай компанийн хувьд нэгэн томоохон зорилт тавьсан нь энэ үйлчилгээг бие даан үзүүлэх. Тиймээс бид цаашдаа агаарын хөлөг буусан үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр газрын үйлчилгээг 100% бие даан хэрэгжүүлж болох юм байна гэдгийг судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаад, хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан сүүлийн 3 сар тасралтгүй ажиллаж, анхан шатны мэргэшүүлэх сургалтад 40 орчим мэргэжилтнийг хамруулсан.
Ингээд 3 сар тасралтгүй бэлтгэл хийсний дагуу 2025 оны 06-р сард Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлан ирэхэд бид “МИАТ” ТӨХК-тай хамтран, туслан гүйцэтгэгчээр анхны туршилтын нислэгээ хүлээн авсан. Бид туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа туршлага судалж, үйл ажиллагаагаа шинэчлэн сайжруулж, цаашид анхаарах зүйлсээ тодорхойлоод Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр 2 агаарын хөлөг ирэхэд бид бүрэн хэмжээний газрын үйлчилгээг нь үзүүлж амжилттай зохион байгуулсан.