УИХ-ын ХЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн Газарт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Тус гэрээг анх 1999 онд гэмт этгээд шилжүүлэх тухай ерөнхий байдлаар байгуулжээ. Шинэчилсэн төслөөр эрүү болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх нарийн зохицуулалтыг зааж 25 зүйлтэйгээр боловсруулсан байна. Монгол Улс одоогийн байдлаар 22 улстай 40 эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Тайланд болон Малайз улстай гэрээ байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсыг Киргизийн 3300 гаруй иргэн зорин ирсэн бол 150 гаруй Монгол иргэн тус улсад ажиллаж амьдарч байна. Харин манай улсад Киргизийн 75 иргэн амьдарч байна.