Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Гантулга: Мансууруулах бодисын хамааралтай иргэдийн 92 хувь нь 13-35 насныхан байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
13 минут 10 секунд

May be an image of 1 person, television, newsroom and textСЭМҮТ-ийн Их эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулгатай хар тамхи, мансууруулах бодисын үр нөлөө болон одоогийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-СЭМҮТ-д хар тамхины асуудлаар жилд хэчнээн хүн ханддаг юм бол?

-Яг зөвхөн хар тамхины асуудалтай гэвэл 2019 оны үед 50-70 хүн ханддаг байсан бол одоо энэ тоо 2 дахин өсөөд жилд 160 орчим хүн хар тамхины донтолтын асуудлаар эмчилгээ, үйлчилгээ авч байна. Гэхдээ энэ бол зөвхөн СЭМҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авч байгаа хүний тоо шүү. Мансууруулах төрлийн гэмт хэрэг, түүний хэрэглээ далд байдаг учраас яг тэд гэж баримжаалсан тоо байхгүй. Би эмнэлэгт хандвал миний мэдээлэл цагдаагийн байгууллагад оччихно гэдэг ч юм уу хүмүүс мэдчихнэ гэдэг айдсаас болж эмнэлэгт хандах нь ховор. Тиймээс тоо хэлэх ер нь хэцүү.

-Хар тамхи хэрэглэсэн хүн “Надад туслаач” гээд эмнэлгийн байгууллагад хандлаа гэхэд тухайн хүний мэдээллийг эмнэлэг цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх ёстой байдаг уу?

-Заавал өгөх ёстой үүрэг бол байхгүй. Гэхдээ энэ асуудлыг уг нь нэг талдаа гаргах ёстой юм л даа. Одоо би таны мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг, эсвэл өгдөггүй гэж хэлж чадахгүй байна. Бүх зүйл цахимжиж байгаа өнөө цагт төрийн байгууллагын мэдээллүүд тодорхой хэмжээнд хоорондоо шэйрлэгдэж болно шүү дээ. Тийм учраас л хар тамхины хэрэглээ болон донтолт далд байдгийн нэг шалтгаан нь энэ байх. Тэгвэл бид хэрхэн тэмцэх ёстой вэ гэвэл нэр хаяггүй эмчлэх газрыг бий болгох ёстой. Тэнд тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн нэр болон бусад мэдээллийг авахгүйгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг газруудыг байгуулах ёстой юм. Хар тамхи хэрэглэж байгаа гэмт хэрэгтнийг барихад биш хэрэглэж байгаа хүмүүсийг гаргах, эмчлэхэд чиглэсэн арга замыг бид хайх хэрэгтэй. Тэгж байж далд байгаа хэрэглээ, донтолт ил болж, эмчилгээ хийгдэнэ шүү дээ. “Би болимоор байна, энэ асуудлаас салмаар байна. Гэвч айгаад байна” гэсэн өчнөөн олон хүн бий. Энэ хүмүүст туслах боломжийг бид нээж өгөх ёстой. Шийтгэх, ял өгөх бол тэмцэх нэг арга болохоос эмчилгээ биш. Харин үр дүнтэй уулзалт, сэтгэл зүйн эмчилгээ бол тэр хүнийг насан туршид нь донтолтоос салгах боломжтой.

-Мансууруулах бодисын хэргээр хоригдож байгаа хүмүүст донтолтын эсрэг эмчилгээ хийдэг болов уу?

-Ял эдэлж байгаа хүмүүст донтолтын эмчилгээ хийх ёстой гэсэн юм бол байхгүй юм билээ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ байдаг. Харин сайн дурын үндсэн дээр хүмүүс сэтгэлзүйн болон нөлөөллийн сургалт, сэтгэлзүйн эмчилгээ үзүүлэх нь мэр сэр байдаг ч хангалттай хэмжээнд биш юм билээ. Би сүүлийн 8 сарын турш хорих ангид сар болгон уулзалт хийхэд үүнийг анхны тохиолдол гэж байгаа юм. Тэгэхээр донтолтын эсрэг эмчилгээ, зөвлөгөө бол хорих ангийн хувьд хангалтгүй гэж би хувьдаа дүгнэсэн. Ганц, нэгхэн уулзалт хийгээд нөлөөлнө гэж байхгүй. Харин сар бүр тогтмол уулзаад, асуудлыг нь ярилцаад, сэтгэлзүйн эмчилгээ хийгээд ирэхээр шал өөр болж байгаа юм. Суллагдчихаад хүртэл үргэлжлүүлэн эмчилгээ зөвлөгөө авъя, яг надтай адилхан хүмүүст би дуу хоолойгоо хүргэе гээд зориод ирж байх жишээтэй. Хар тамхины хэргээр хоригдсон хүн суллагдсаныхаа дараа дахин хэрэглэсэн тохиолдол багагүй байдаг. Тиймээс бид хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх аргаа өөрчлөх ёстой. Тэглээ гээд хууль зөрчсөн хүний толгойг илнэ гэсэн үг мэдээж биш л дээ. Нөлөөллийн бодлогыг түлхүү барих нь үр дүнтэй юм байна гэж эмч хүнийхээ хувьд дүгнэсэн. Хорих ангид хийсэн уулзалтуудаас би боломж их байгаа юм байна гэдэг мэдрэмжийг авсан. Яагаад гэвэл тэнд донтолтоо эмчлүүлэх юмсан, эргээд хэвийн болох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн маш олон байгаа юм. Эндээс би маш олон хүнд тусалж болох юм байна гэдэг бодолтой болсон.

7 хоногийн баасан гараг болгонд гараад алкохол хэрэглээд байвал тэр хүн баасан гараг болох тоолонд архи уух тухай бодно

-Донтож эхэлж байгаа хүмүүс эмнэлгээс туслалцаа авъя гэхээр мэдэгдчихнэ гэсэн айдас байдаг гэсэн шүү дээ. Ийм хүмүүс эмчид хандалгүйгээр, эмийн сангаас ч юм уу эм аваад асуудлаа шийдэх боломж байдаг уу?

-Ямар ч донтолтын эмгэгийн суурь эмчилгээ бол сэтгэл засал байдаг. Тамхины дээр жишээ авахад л өөрөө тамхинаас гарсан хүмүүсийн 80 хувь нь эргээд орсон байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, суурь эмчилгээг авалгүйгээр донтолтын эмгэгээс бүр мөсөн салах боломжгүй. Гарлаа ч гэсэн тэр нь түр зуурынх байх ба хэзээ ч эргээд орох магадлалтай гэсэн үг. Донтолт гэдэг зөвхөн эмийн эмчилгээ хийгээд эмчлэгддэг эмгэг биш. Эдгэрлийн хамгийн эхний шат нь "Би болимоор байна, гармаар байна" гэсэн хүсэл эрмэлзэл байдаг.

-Эмчилгээ хэр хугацаанд үр дүнгээ өгдөг юм бол. Хэрэглээ ямар түвшинд байвал донтолт гэж үзэх вэ?

-Ямар бодис вэ гэдгээсээ шалтгаалаад донтох хугацаа болон эмчилгээний үр дүн өөр байдаг. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх архины хэрэглээн дээр жишээ татахад 7 хоногийн баасан гараг болгонд гараад алкохол хэрэглээд байвал тэр хүн баасан гараг болох тоолонд архи уух тухай бодно. Улмаар бие мах бодь нь ч мөн тийм давтамжтайгаар алкохол хүлээж авах рефлекстэй болно. Тэгэхээр тодорхой хугацааны дараа архины хамааралд орно. Донтолт яг ийм байдлаар л явдаг. Хэрэглэж байгаа мансууруулах төрлийн бодис хэр хүчтэй, ямар төрлийн бодис гэдгээс хамаараад донтох хугацаа өөр өөр. Нэг, хоёрхон удаа хэрэглээд донтчихдог бодис ч бий.

-Мансууруулах бодис хүний биед ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ. Ер нь юунд хүргэж болох вэ?

-Хамгийн энгийнээр хэлбэл таны биеийн эд эрхтэн бүгд хэвийн ажиллахаа болино гэсэн үг. Жишээ нь тархины эсүүдийг үхүүлнэ, тогтоох чадваргүй болно. Тэнэгрэл үүснэ. Зан авирт хүчтэй өөрчлөлт гарна. Огцом ууртай болно. Дотор эрхтэнүүд бүгд муудахаас эхлээд үхэлд хүргэх аюултай. Товчхондоо бол таныг бодит зомби болгоно.

-Мансууруулах бодист донтсон хүний удамшилд нь нөлөөлөх боломжтой юу?

-Нөлөөлөлгүй яах вэ. Наад зах нь ургийн гажгаас эхлээд хүүхдийн тархины хөгжил, ирээдүйн зан төлөвт хүртэл нөлөөлөх боломжтой.

-Монголд мансууруулах төрлийн эмгэгтэй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага СЭМҮТ-өөс өөр байдаг уу?

-Донтолтыг анагаах чиглэлээр бол саяхан “Мондэм” гээд төв байгуулагдсан байсан. Мөн Адикктологийн төв гэж байгаа. Донтох эмгэгийн бүх төрлийн эмчилгээг үзүүлдэг. Донтолтын асуудлаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа иргэдийн 95 орчим хувь нь архины хамааралтай иргэд байдаг. Үлдсэн 4-5 хувь нь хар тамхи болон бусад төрлийн мансууруулах бодисийн донтолт, хэрэглээтэй холбоотой байдаг. Архи болон мансууруулах бодисын донтолтыг нэг дор биш тус тусад нь тасаг байгуулж эмчлэх ёстой байдаг. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон улсын шаардлагад нийцсэн ийм төвийг байгуулахаар төсөв, санхүү нь шийдэгдээд явж байгаа юм билээ.

-Хар тамхи хэрэглэж байгаа, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл хэдээс хэдэн насныхан байдаг юм бол?

-Хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай болсон, энэ төрлийн хэрэгт холбогдож байгаа нийт хүний 92 хувь нь залуучууд буюу 35 наснаас доош настай хүмүүс байна. 13-35 насныхан дунд хэрэглээ маш өндөр байгаа нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ гэдэг аюулын түвшинд хүрснийг харуулж байгаа юм.

-13 настай хүүхэд хүртэл хэрэглэсэн байна гэж байна шүү дээ. Тэгвэл ийм багаасаа хэрэглээд, эрүүл мэндэд нөлөөлөөд хэрэг хүлээх чадамжгүй болчихсон байвал яадаг вэ?

-СЭМҮТ энэ хүн хэрэг хүлээх чадвартай байна уу үгүй юу гэдэг магадлагааг гаргадаг. Ер нь бол бүгд хэрэг хүлээх чадамжтай гэж гардаг л даа. Яагаад гэвэл хэрэглэж байгаа, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс ихэвчлэн донтох эмгэгээсээ болоод биш сонирхоод хэрэглэчихсэн хүмүүс байдаг. СЭМҮТ энэ хүн донтох эмгэгтэй байна уу үгүй юу гэдгийг тодорхойлж гаргадаг гэсэн үг. Үүнээс гадна эдгээр хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, ганцаарчилж уулзах үйлчилгээг үзүүлнэ. Цаашдаа бид нэр хаяггүй, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн уулзалтыг зохион байгуулдаг болох ёстой юм билээ. Хамгийн их үр дүнгээ өгдөг олон улсын туршлага бол нэр, хаяггүй уулзалт. Манайд энэ төрлийн арга архины хамааралтай иргэд дээр бол маш сайн явж байгаа. Бусад мансууруулах төрлийн асуудалд ийм тогтсон уулзалтыг бий болгож чадаагүй явж байгаа.

-Хар тамхины хэрэглээтэй тэмцэх “Ирмэг дээр” төслийг санаачилсан тухайгаа ярьсан байсан. Хар тамхины үр нөлөөг бодитоор харуулна гэхээр яаж харуулах юм бэ?

-Алдартай хүмүүсийн дүрийг лааны тосон баримлаар яг бодит юм шиг хийчихсэн дүр зураг гадны орнуудаар явахад олон тааралддаг шүү дээ. Яг үүнтэй адилхан, тусгай технологийг ашиглан эрүүл хүн мансууруулах бодис хэрэглэсээр яаж дуусдаг болохыг бодит мэтээр хийсэн баримлыг бүтээж, үүнийгээ үзэсгэлэн болгож олон нийтэд дэлгэх юм. Хүн чихээр сонсох, нүдээр үзэх хоёр шал өөр хүний тархинд бууна шүү дээ. Мансууруулах бодис хүний бие эрхтэнд хэрхэн нөлөөлж байгааг нүдээр харж, барьж үзэх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Энэ ондоо багтаад хар тамхины нөлөөллийг харуулсан тосон баримлын үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна. Олон улс ч мөн энэ аргыг түгээмэл ашигладаг юм билээ. Гэхдээ мансууруулах бодисын эсрэг тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн байгууллага эсвэл цагдаагийн байгууллагын ажил биш. Төрийн бодлого ийшээ чиглэж байж л үр дүнд хүрнэ.

Ярилцсанд баярлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.