
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксожсон түлш авах тендер зарласан билээ. Энэ нь УИХ-аас зургаадугаар сарын 05-ны өдөр гаргасан тотгоолын эсрэг үйлдэл хэмээн зарим УИХ-ын гишүүд үзэж, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд буй. Тэгвэл "Хайбрид хаус" ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ 226 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын утааг 42 хүртэл хувиар бууруулах бодит шийдэл байгааг мэдээлжээ.
Энэ тухай тэрбээр “Монгол гэр бүгд ижил хэмжээтэй тул стандарт халаалтын болон дулаалгын шийдэл хийхэд хялбар. Гэрийг зөв дулаалаад 1кВт чадалтай халаагуур юм уу 3.2 кВт хуримтлууртай халаагуураар халаах боломжтой. Монгол гэрийг дулаалан цахилгаанаар халаахад нийт 3-4 сая төгрөг зарцуулагдана.
Улаанбаатар хотод нийт 92 мянга орчим айл Монгол гэрт амьдардаг. Тэдгээр айлуудыг Хятадаас авах гэж буй хагас кокосжих нүүрсний нэгхэн жилийн 226 тэрбум төгрөгөөр дулаалж, цахилгаанаар халаавал Улаанбаатар хотын галлагаанаас үүдэлтэй утааг 42 хувиар шууд бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид 12 болон 1 сард 10 болон 11 сарын агаараар амьсгалах боломж бүрдэж утаанаас үүдэлтэй аюулыг холдуулах боломжтой. Үүний дараа: • Амины сууцны хувьд бие даасан инженерийн дэд бүтцийг дэмжих, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй сууц барьвал ипотекийн зээл олгох, барилгын ажлыг бүх төрлийн татвараас чөлөөлөх бодлогыг баримталбал Монголчууд бид орон байрныхаа асуудлыг шийдэнгээ утаа болон хөрсний бохирдлыг давхар бууруулах боломжтой" гэжээ.