
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хуулийн төсөлд гаргасан санал, дүгнэлтээ танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат: Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал Төсвийн тухай хуулийн 34.1.2 дахь хэсэг, 34.1.1.дэх хэсэг нь төсөв тодотгох хууль эрх зүйн үндэслэл болж байна гэжээ. Гэвч урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч, зарлага нэмэгдсэн гэдэг нь нэгэнт тодорхой байсан зүйл.
Өмнөх онуудад төсөв батлахдаа тооцож болох зүйл байсан бөгөөд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж түүнийг дагуулж зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт, зөвлөмждөө байнга сануулсаар ирсэн. Болзошгүй эрсдэлийг тооцож, хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах боломж байсан гэдгийг дахин сануулах нь зүйтэй.
Төсвийн тодотголыг 2025 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 10.6 хувиар бууруулахаар тооцож байгаа нь ЗГ тухайн жилийн төсвийн орлогыг анх төсөөлөхдөө макро эдийн засгийн болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, гол нэрийн түүхий эдийн үнэ ханшийн төсөөллийг хэт өөдрөгөөр төсөөлж байсныг залруулах нэг оролдлого гэж харж байна.