
Зуны нар зүгээр л дулаан байдаггүй. Хүмүүсийн сэтгэлд элч тээж ирээд халуун дулаанаар дүүргэдэг. Тэр халуун элчээр нь бид баяр хөөр, эрх чөлөө, бас дурсамж бүтээдэг. Зун бидэнд өөрийгөө чөлөөлөх боломж олгодог. Ажилтай ч бай, асуудалтай ч бай аль алийг нь тархинаасаа түр авч хаяад чихэвчээ зүүгээд гол руу алхчих эрх чөлөөг зун бидэнд олгодог. Асуудал дуусахыг хүлээлгүйгээр жаргаж болохыг сануулдаг.
Сэтгэлийнхээ аглагт нандигнаж боогоод хадгалчихсан дурсамжийн “хайрцагаа” нээж инээж, ичиж, уярч суух үдшүүдийг зун бидэнд олгодог. Тэгэхэд зун зун шиг байсныг, зуслангийн айлууд айлсаг байсныг, үдшийн бүрий тасартал бид тоглодог байсныг, өглөө болохыг нь хүлээж гэр гэртээ ордог байсныг, сэрэхэд шөнөжин орсон бороо арилж, уулсын маань орой мананд хучигдсан байдгийг, манант уулс орноосоо босоогүй юм шиг санагддаг байсныг, хувцасаа ч өмсөлгүй хажуу айлын хүүхдүүд боссон эсэхийг шалгадаг байсныг, ээж сүүгээ самрах, зэлэн дээр тугал мөөрөх, гадаа хүмүүс гангар гунгар ярих, урд гол дээгүүр нисэж өнгөрөх тогоруун дуу өглөө болсны бэлгэ тэмдэг байсныг зуны үдэш л аяга цай оочлонгоо бодож суух боломж олддог.
Дурсамж зүгээр л дурсамж байдаггүйг, өнгөрсөн зүгээр л өнгөрсөнд үлддэггүйг, зүрх сэтгэлд үргэлж амьд оршдогийг зун сануулдаг. Зун бол мөнх бусын сануулга. Зуны сар хэзээ ч зургаа болохгүйг, жаргал хэзээ ч үүрд байхгүйг, зовлон бас үргэлж оршихгүйг, залуу нас зуны өдрүүд шиг л урсан одохыг сануулдаг. Тиймээс тэр амжиж жаргахыг, амжиж ухаарахыг, амжиж хөгжилдөхийг уриалан дуудсаар байдаг.
Зун бол амар амгалан бас эрх чөлөө. Тунгалаг горхины хөвөөнд нар жаргахыг харж суух амгалан, усан борооноор зориуд шүхэргүй алхах үнэний эрэл, ирдэг явдаг үй олон хүмүүсээс алсрах хүсэл, тийм амгаланг, тийм үнэнг тэмтрэн тэмүүлэх өдөр хоногууд зунтай л хамт ирдэг.
Дэлхий бүтэн амьсгаа авч, байгаль амь орж, хүн бүрийн зүрх халуун дулаанаар цохилдог энэ улиралд бид зүгээр нэг амьдардаггүй. Зүгээр л нэг зун ирдэггүй. Зун дурсамж бас аз жаргалыг зурдаг. Тиймээс гар утсаа түр тавиад, салхиар илбүүлж, нарны гэрэлд алх. Зуныг мэдэр.