
Засгийн газраас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
-------------------
Тэрбээр "Ерөнхий сайд Г.Занданшатар Хэмнэлтийн тодотгол хийнэ гэдгээ зарласан. Энэ долоо хоногт багтаан Засгийн газраас Төсвийн тухай хуулийн дагуу 13.1.1-д заасан процессыг эхлүүлж байна. Төсвийн тодотгол эхлэхээс 14 хоногийн өмнө хэлэлцүүлэг эхэлсэн байх ёстой гэсэн заалтын дагуу анхны удаа хэрэгжиж байна гэж ойлгож болно. Өнөөдрөөс Засгийн газрын хуралдаанаар тодотголын төслийг хэлэлцэж олон нийтийн хэлэлцүүлгийг эхэлнэ. Тодотгол ярихын өмнө 2025 оны төсвийг өдийд төлөвлөлтөө хийж байхад нөхцөл байдал ямар байв гэдгээс эхлэх нь зүйтэй.
Цар тахлын дараах дэлхий нийтийн эдийн засгийн сэргэлт өөдрөг байсан үе. 2024 оны есдүгээр сарын 1-нд төсвийг өргөн барих үед дэлхий нийтийн чиг хандлага хэвээр байсан.
Манай улсын эдийн засгийг 7-9 хувийн өсөлттэйгээр төсөөлж байсан. АНУ, Европын эдийн засаг цар тахлын дараах эдийн засгийг өсөлтийг зарлаж, өөдрөгөөр төсөөлж байсан. Энэ хүрээнд 2025 оны төсөв төлөвлөгдөж өргөн баригдсан.
Төсөв хэлэлцэх явцад гадаад нөхцөл байдлаас шалтгаалж төсөөллүүд тухайн үед сар, сараар өөрчлөгдөж байсан. Ялангуяа арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нэг тал руугаа гарах тусам эдийн засгийн төсөөллүүд буурч эхэлсэн. Үүний зэрэгцээ Европт дайны асуудал, хэд, хэдэн газарт галын мөргөлдөөн гарч, худалдааны дайны хүлээлт өндөр болсонтой холбоотой төсөөллүүд муудаж эхэлсэн. Улмаар 2025 оны төсөв батлагдснаас хойш нэг сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн дүн гараад тангараг өргөснөөс хойш эхэлсэн дэлхийн худалдааны дайн, геополитикийн нөхцөл байдлаас үүдэн Азийн орнуудын эдийн засгийн төсөөлөл буурч эхэлсэн.
Манай улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг Хятадын эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж, төсөөлж байсан өсөлтүүд нь саарч эхэлсэнтэй холбоотой манай гол түүхий эд нүүрсний зах зээлийн үнэ нэгдүгээр сараас хойш хурдтай унаж эхэлсэн.
Нэгдүгээр сард 920 юань орчим байсан нүүрсний дундаж үнэ 5 сарын 14 хүртэлх 100 юаниар унасан. Энэ хугацаанд 820 юань хүртэл шүү дээ. .Гэтэл тавдугаар сарын 14-өөс өнөөдрийг 120 юаниар унаж огцом унасан. Уул уурхай, тэр дундаа нүүрснээс хамааралтай манай улсад энэ нь хүчтэй нөлөө үзүүлсэн.
Дөрөвдүгээр сар хүртэл улсын тэнцвэржүүлсэн тэнцэл 50 тэрбум төгрөг хүртэл алдагдалтай явж ирсэн. Энэ нь урьд жилүүдийнхтэй харьцуулахад орлогын түвшин буурсан. Үүнтэй уялдаад зардлаа танаж явсан. Зөрүүгээр нь 50-60 тэрбумын алдагдалтай барьж ирсэн. Гэтэл тавдугаар сард энэ алдагдал 260 тэрбум төгрөг болж огцом өслөө.
Энэ нь нүүрсний үнэ нэг сарын дотор 120 юаниар огцом унасантай холбоотой. Мэдээж зургаадугаар сарын 1 хүртэл тодотгол хийхгүй яав гэсэн асуулт гарч ирдэг. Бидний хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүлээж байлаа. Энэ хуулиар 535.9 тэрбум төгрөгийн хэмнэлт тодотголтой, тодотголгүй хийгдэж байна гэсэн үг.