
Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.
----------------------------
-Хамтарсан Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хөтөлбөрийг шинээр бүрдэх Засгийн газар хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайдаар томилогдоод буй Г.Занданшатар илэрхийлсэн. Алт олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн “амин сүнс”-ийг та хэрхэн харж байна. Бид юун дээр анхаарах ёстой вэ?
- Төр бодлогоороо хэрэгжүүлнэ гэж зарлаж байгаа нь эерэг нөлөөтэй. Харин “Алт-III” дээр юуг алдахгүй явах вэ гэдэг нь энэ салбарт байгаа хүмүүсийн хийх ёстой ажил гэж харж байна. Мэдээж энэ хөтөлбөрийн зорилго нь өөрөө алтны олборлолтыг нэмэгдүүлэх. Үүний тулд аж ахуйн нэгж, бичил уурхайчид буюу жижиг үйлдвэрүүдээ өмнө нь гаргаж байсан урт нэртэй хууль шиг дөнгөж хөрөнгө оруулалт хийж байтал дахиад л байгаль орчинд ээлгүй, болохгүй байна гэх байдлаар үйл ажиллагааг нь зогсоогоод эхэлбэл хүнд байдалд орно. Тиймээс төр засгийн байгууллагуудын бодлого шийдвэр урт хугацаанд тогтвортой байх ёстой. Нөгөөтэйгүүр “Алт-III” хөтөлбөр гэхээр бид цэвэршүүлэх үйлдвэр ярьдаг. Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа өнөөдрийн нөхцөлд бид тэр том цэвэршүүлэх үйлдвэрийг одоо байгаа зардлаас хэтрүүлэн хийх ямар шаардлага байна вэ гэдгийг судлах ёстой юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийг яаж дэмжих юм, цэвэршүүлэх үйлдвэр барихаар болбол хэзээ вэ, баривал ямар үйлдвэр байх вэ гэдгийг тус бүрт нь ялгаж салгаж урт хугацааны бодлого байх ёстой.
- Манай улсын хувьд дөнгөж л үйлдвэрлэх процесс руу шилжих гэж байна. Таны хэлсэнчлэн төр засгийн шийдвэр тогтвортой, “Алт-III” хөтөлбөрийг урт хугацаанд бодлогоор хэрэгжүүлж чадвал магадгүй ирээдүйд алт цэвэршүүлэх, боловсруулах үйлдвэртэй болох нь чухал байх?
- Монгол Улс, Монголбанк цэвэршүүлэх үйлдвэр байгуулахыг дэмждэг. Үүнийг улсын төсвөөс санхүүжүүлэхээс илүүтэй олон улсад хувийн компаниуд л үйлдвэр байгуулдаг. Хувийн компаниуд энэ зах зээл рүү орж ирэх хэрэгтэй. Монгол Улсад цэвэршүүлэх үйлдвэрээ байгуулаад ажиллабал боломжтой зах зээл. Заавал төр хэрэгжүүлнэ гэхээс илүү зах зээлийн зарчмаараа хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой.
- Хэрэв бичил уурхайчид буюу жижиг дунд үйлдвэрийг бодлогоор дэмжиж хөрөнгө оруулж чадвал “Алт-III” хөтөлбөрийн хүрээнд жилд 20 тонноос дээш алт нийлүүлэх боломж байгаа юу?
- Монголбанк дунджаар 20 тонн алт худалдан авдаг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бууралттай байна. Нөгөөтэйгүүр, шороон ордны нөөц дуусаж байгаатай холбоотой бичил уурхайчдын тоо нэлээн багассан. Энэ тоо жижиг уурхайнууд дээр харагдаж байгаа. Ер нь бол Монголбанканд алтны арилжаа эрхэлж байгаа буюу иргэдээс тушаасан алтны хэмжээ буурсан. Аж ахуйн нэгжийн тушааж буй алтны хэмжээ арай бага байна.
Тиймээс тогтвортой татварын бодлого, тогтвортой журам зайлшгүй шаардлагатай байна. Нэг үгээр хэлбэл, алт олборлолт, алт худалдан авалт нь том циклээрээ бодлого нь зогсолтгүй тогтвортой байх шаардлагатай.
- “Алт-III” хөтөлбөр нь алт олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой. Үүний зэрэгцээ өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг ирэх өдрүүдэд хямралгүй, хүндрэл багатай даван туулахад дэм болох учиртай. Эдийн засагт үзүүлэх өгөөжийг та хэрхэн харж байна?
- Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнгөрсөн хавар бичил уурхайчдыг дэмжих форумыг зохион байгуулсан. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор уран дархчуудын үйл ажиллагааг дэмжих форум боллоо. Энэ нь бичил уурхайчид буюу нөгөөталд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэдгийг Монгол Улс даяар зарлаж, төр засгийн байгууллагууд нь оролцохдоо бүх л салбарт тулгамдаж буй асуудлаа ярилцаад явсан. Тиймээс бидний ойлгосноор бичил уурхайчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг цаашид дэмжээд явах юм байна. Ингэснээр өрхийн орлого нэмэгдэнэ. Энэ нь худалдан авалт сайжирна гэсэн үг. Энэ нь эдийн засагт мэдээж эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.
- Одоогоор Монголбанкны алтны нөөц хэр байна вэ. Нөгөөтэйгүүр, алт худалдан авалттай холбоотой үүсээд асуудал нь шороон ордны нөөцийг үндсэн орд руу шилжүүлэх асуудал яригдаад удлаа?
-Шороон ордны нөөц дуусаж буй талаар сүүлийн 3-5 жил яригдаж байна. Монголбанканд алт тушааж буй 20 орчим компани жилд 30 орчим килограммыг олборлож байна. Энэ бол мэдээж жижиг компанид орно. Өөрөөр хэлбэл, шороон ордоос ихэвчлэн жижиг компаниуд алт олборлож буй юм. Тэд цаашид үндсэн орд руу орохын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Энэ тухайд мэдээж “Алт-III” хөтөлбөр дээр алт олборлож буй хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь аль аль талдаа зохистой яригдах байх. Цаашилбал, Монголбанкны худалдан авалт нэмэгдэнэ, гадаад валютын нөөцөд алтнаас оруулах нөлөөлөл нь өснө гэсэн үг.
- “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж байгууллагуудад шалгуур бий юу?
- Алтны худалдан авалт нь өөрөө арилжааны банкуудыг дамжин Монголбанкаар эцсийн цэгт хүрдэг. Ашигт малтмалын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуулиар сорьцлогдсон алтыг тухайн өдөр Монголбанкнаас зарласан ханшаар худалдан авч байгаа. Энэ процессыг харахад “Алт-III” хөтөлбөр нь энэ үйл ажиллагааг эрчимжүүлэхээс гадна байнгын тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжийг аж ахуйн нэгжүүд хангаж цаашид олборлолтоо нэмэгдүүлээд явахад зайлшгүй шаардлага бий.
“Алт-III” хөтөлбөрт алт олборлолтыг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг дэмжих санхүүжилтыг Монголбанктай хамтран шийдвэрлэх гэж тусгагдсан байсан. Өнөөдрийн байдлаар Монголбанканд санхүүжилтийн талаар яригдаагүй байна. Өмнө нь бид алтны олборлодог компаниудад хөнгөлөлттэй санхүүжилтийг олгож байхад алтны олборлолт ч нэмэгдсэн, худалдан авалт ч нэмэгдсэн үр дүнтэй байлаа.
Гэхдээ Монголбанкны хэмжээнд Засгийн газартай хамтран энэ ажлыг эхлүүлнэ гэвэл хамтарна байх. Одоогоор шийдвэр гараагүй байна. Үүнээс гадна Монголбанк Швейцарын алт олборлогчдын байгууллагатай хамтран санамж бичиг зурж бичил уурхайчдын алт олборлох үйл ажиллагааг дэмжихээр боллоо. Тэндээс олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн зах зээлд гаргана. Үнэт эдлэл хийгдсэний дараа алт олборлосон жижиг аж ахуйн нэгжүүддээ тухайн компани урамшуулал өгдөг. Энэ нь тухайн үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулах боломжтой. Ийм олон улсын жишиг хөтөлбөрийг үйл ажиллагааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулна гэсэн санамж бичиг зураад байгаа юм. Монголбанкны хувьд алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд тал бүрийн л үйл ажиллагаагаар дэмжиж хамтардаг байгууллагын нэг.
- Дэлхийн зах зээлд алтны үнэ 3400 ам.доллар шүргэж байна. Алтны үнийн өсөлт манай улсын эдийн засагт нүүрстэй харьцуулахад хэр зэрэг нөлөө үзүүлж байна?
-Алтны үнэ сүүлийн жилүүдэд нэмэгдээд 2025 оны хоёрдугаар улиралд эрс өссөн байгаа нь Монголбанкны хувьд алтны хэмжээ нь буураад байгаа ч үнэ өссөн учраас гадаад валютын нөөцөд оруулах мөнгөн дүн буураагүй байгаа. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсөх нь Монгол Улсын эдийн засагт мэдээж хэрэгтэй. Бидний хувьд ашигтай.
Хэдий нүүрсний үнэ унасан ч нөгөөтэйгүүр алтны үнэ өсөж байна. Монголбанканд алт худалдан авалт жилд гурван тонноор буурсан ч алтны үнэ өссөн учраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг, 800-900 сая ам.доллар буураагүй. Тэгэхээр Монголбанканд болон Монгол Улсад алтны үнэ өссөн нь ашигтай байна гэсэн үг.
- Худалдааны дайн, геополитикийн тодорхойгүй байдлаас улбаалан олон улсад төв банкууд нь валютын нөөцөө алтаар нэмэгдүүлэх чиг хандлага нэмэгдэж байна. Манай улсын хувьд алт худалдан авалт багасаж байгаа нь анхаарал татах боллоо. Бид валютын нөөцөө алтаар нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Олон улсын байгууллагууд дэлхийд үнэт эдлэлийг хамгийн их хэрэглэдэг. Дээр нь банк санхүүгийн байгууллагад байршуулах, хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглах, технологийн салбарт ашиглах зэргээр алт нь томоохон дөрвөн салбарт ашиглаж байна. Алтны үнэ геополитикийн тодорхойгүй байдал болон бусад олон шалтгаанаас үнэ нь өсөж байгаа учраас банк санхүүгийн байгууллага төдийгүй иргэд ч мөн адил алтыг хадгалах хандлага өссөн. Жишээ нь, сүүлийн үед Хятадад нэг граммын бэлэг дурсгалын зориулалттай алтыг маш ихээр худалдаанд гаргаж байгаа. Энэ нь алт бэлэглэвэл өсөөд явж байгаа учраас тухайн хүмүүстээ ашигтай учраас алтыг түлхүү ашиглаж байна. Монголбанкны хувьд алтны худалдан авалт нь тодорхой хэмжээгээр буурч байгаа болов ч алтны үнэ өссөн нь гадаад валютын нөөцөд нөлөөлөх хэмжээгээ алт бууруулаагүй.
- Таны хэлсэнчлэн Хятадуудтай ядил монголчууд ч бас сүүлийн үед алт хадгалах сонирхолтой болж байна. Анзаарвал, Монголбанкны Эрдэнэсийн сан дахь алтан зоос мөнгөөс ч илүү гүйлгээтэй юм билээ. Нөгөөтэйгүүр, “Алт-3” хөтөлбөр макро түвшинд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болох ч иргэдэд зах зээлд ямар байдлаар нөлөө үзүүлэх бол?
- Монгол Улсад 2018 онд мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлд иргэд, байгууллага хоорондын арилжааг албан ёсны болгох, уран дархчуудын ашиглаж буй үнэт металлыг тодорхой болгох зөвлөмж өгсөн. Энэ дагуу Монголбанкнаас уран дархчуудад зориулсан үрлэн хэлбэртэй цагаан мөнгө худалдаалж эхэлсэн. Үүнийг дагалдуулаад алтан гулдмай, алтан зоосыг худалдаалаад эхэлсэн. Одоо сарын дараа Монголбанкнаас нэг граммын бэлэг дурсгалын алтан гулдмайнууд зарж эхэлнэ. Дөрвөн есийн сорьцтой Монголбанкны логотой нэг, гурав, таван граммын бэлэг дурсгалын зориулалттай жижиг гулдмай алт худалдаалж эхэлнэ. Энэ нь өөрөө нэг грамм нь өнөөдрийн ханшаар 389 мянган төгрөг байна. Энэ дүнгээр бид хоорондоо алт худалдан авч бэлэглэх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр бид дотооддоо үнэт эдлэлийн зах зээлийг дэмжиж, иргэдэд мөн алтан гулдмай, зоос зэрэг үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлж байна.