
Шинэ Ерөнхий сайдын эмхлэн байгуулах Засгийн газар хэр хол явах нь түүний бодлогын нүүдлээс шалтгаална. Гэхдээ эхлээд өөрийнх нь эрх мэдэл баталгаажих ёстой бөгөөд тэр цаг нь өнөөдөр. Мэдээж нүүдлээ сайн хийж чадвал түүний кабинет ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсэх юм.
Гол асуудал нь шинэ Засгийн газарт бүтцээ танах, төслүүдээ эрэмбэлж, төсвөө тодотгох эхний үүрэг ногдох учраас цомхон бүтцээр ажиллах шаардлага тулгарч буй.
Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 16 яам, 23 сайдтай буюу хамгийн өргөн бүрэлдэхүүнээр ажилласан. Дээр нь 19 Үндэсний хороо, 2 комисс, 24 Үндэсний зөвлөлийг байгуулж, давхардсан тоогоор 1024 сайд дарга нар түүнд багтаж ажиллажээ.
Үүгээр ч зогсохгүй засагт хамтарсан АН, ХҮН намын хүмүүс дунд шатанд дарга, менежерээр томилогдож, парламентад дахин сонгогдож чадаагүй МАН-ын зарим гишүүд ч төрийн өмчит компаниудад даргын суудал авч гомдоллоо тайлсан гээд зовлон их. Энэ томилгоонд 400 орчим хүн яригддаг.
Итгэл хүлээлгэхийг хүссэн Л.Оюун-Эрдэнэ парламентын индрээс томилгоог өөрийн толгойгоороо хийж чаддаггүй, дээрээс, дэргэдээс шахалтууд ирдэг гэж хэлж байсан нь тод.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн 10 сар угсарсан бүтцийг хэрхэн задалж, хаанаас нь хасаж танах нь шинэ Ерөнхий сайдын ухаан мэднэ.
Нэн түрүүнд шаардлагагүй Үндэсний хороог татан буулгаж, яамгүй сайд нарын орон тоог хасах хэрэгтэй болж магад. Зөвлөл нэртэй 24 бүтцийг цөөлж түүнд харъяалагдах ажлын албадыг татан буулгах ажил ч хүлээгдэж байна.
Улс төрийн хүрээнд одоо байгаа 16 яамыг цөөлж, төрийн өмчит компаниудад шигдсэн бүтээмж, хяналтын менежерүүдийн орон тоог байхгүй болгож, гол төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн яриа ч гарах болсон юм.
Үүнтэй зэрэгцээд гологдогсод, гомдоллогчдоор дүүрсэн МАН ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнээ хэрхэн зурахыг дотроос сөрөг хүчний намууд, гаднаас нийгэм тэр чигтээ нүд цавчилгүй харж байна. Намын зарим гишүүд нь хуучин кабинетаасаа улирч сонгогдохоор тачаадаж байгаа бол ээлжээ хүлээсэн хүмүүс улаа эргэтэл гүйлдэж байгаа.
Үндсэн хуулийг 39.3 дахь хэсэгт заасны дагуу шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа тал бүрийн хүчин зүйлийг харгалзаж, кабинетаа бүрдүүлж, бодлогоо зурах ёстой болж байна.
Нөгөөтээгүүр МАН-ын Бага хурлын үеэр Г.Занданшатар бодлогоо танилцуулахдаа цомхон бүтцээр ажиллаж, АН-ыг шинэ засагт оруулахгүй гэсэн Бага хурлын тогтоолыг хэрэгжүүлэхээ ч мэдэгдсэн гэдэг.
Одоо тэрбээр дангаараа засгаа бүрдүүлэх үү, парламентад суудалтай АН-аас бусад нам, эвсэлд хадаг өгөх үү гэдэг сонголтын өмнө ирээд буй. Дангаараа бүрдүүлэх болбол өмнөх сайд нараас улираан томилоход ялангуяа нам дотроо багагүй эсэргүүцэл, зэвүүцэлтэй тулгарах нь мэдээж. Учир нь засаг огцорсны маргаашаас нь эхлээд МАН-ын зарим гишүүд сайд нарыг кабинетын зарчмаа барьж, хамтын хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ил, далд хэлээд эхэлчихсэн. Дээр нь Ч.Номин сайд дараагийн засагт орж ажиллахгүй гэж мэдэгдэл хийснээр загтнасан газар нь маажиж, бусад сайд нараа хатгаад амжсан. Гэхдээ нүүдэл яаж хийгдэхээс хамаарч нүдээ аниад томилж ч магад.
Эцэст нь Ерөнхий сайдаар томилогдох Г.Занданшатарт цомхон бүтэцтэй ажиллах, төсвийн тодотголыг яаравчлах үүрэг нэн тэргүүнд ногдож буй.