МУАЖ, Хэл бичгийн ухааны доктор, профессор, нэрт дуучин Шарын Чимэдцэеэ өөрийн унасан бууц болох Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой хэмээх газарт ээждээ зориулсан “Тэнгэр Ээж минь өршөө” алдарт бүтээлээрээ дуун суварга босгоод хэдхэн хонож буй. Цагийг эзэлсэн нэрт дуучинтай ээжийнх тухай ярилцлаа.
“Тэнгэр ээж минь өршөө” алдарт бүтээлийнхээ хөшөөг төрсөн нутагтаа босголоо. Ээждээ зориулж бүтээсэн дуугаа, төрсөн бууцан дээрээ мөнхөлж үлдээнэ гэдэг хэн хүнд олдохгүй хувь заяа байх. Танд ямар мэдрэмж төрж байв?
-Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой гэдэг газар төрсөн хүн. Эмнэлэгт биш энэ бууцан дээр эхээс унасан хүн л дээ. Яг төрсөн бууцан дээрээ ээждээ зориулж бүтээсэн дууныхаа хөшөөг босгоод, дуулаад зогсож байх сайхан байлгүй яах вэ. Хөшөө гэхээс илүү бид дуун суварга гэж нэрлэж байгаа юм. Энэ дуун суваргыг би 3 зүйлийг бодож босгосон юм. Нэгдүгээрт, би ээждээ зориулсан бүтээлээ мөнхлөх гэсэн юм. Хоёрдугаарт, Хамрын хийдэд очсон хүмүүс “Үлэмжийн чанар”-ыг дуулдаг шиг, миний төрсөн бууцан дээр ирсэн хүмүүс “Тэнгэр ээж минь өршөө”-г дуулдаг байгаасай гэж. Гуравдугаарт, Хоолой хэмээн энэ газраас дахин дуучин төрөх авшиг оршоосой хэмээн бэлгэдэж ээждээ зориулж бүтээсэн хамгийн алдартай дуугаараа дуун суварга босголоо. Би ер нь ээжийнхээ ачийг үргэлжийн хариулж явах юмсан гэж боддог. Одоо өдий насанд ирэхэд тэгдэг байж гэсэн зүйлч бодогддог юм байна. “Тэнгэр ээж минь өршөө” дууг би ээждээ зориулж зохиож дуулаад 30 гаруй жил болжээ. Энэ дууны минь хөшөөг амилуулах, авшиг оршоох тэр үед тийм олон сайхан уртын дуучдаар нээлгэх учир ерөөлтэй байж дээ гэж би бэлгэшээж, баярлаж сууна.
Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өгснийг тань хүмүүс их ярьдаг. Одоо ээждээ зориулсан дуугаа хөшөө болгон мөнхөллөө. Тэгэхээр та ээжийнхээ ачийг хариулсан гэж боддог уу?
-Эхийнхээ ачийг хүн ямар ч буян үйлдэж, ямар ч гавьяа байгуулж, яаж ч ачлаад хариулж барахгүй юм гэнэ лээ. Ачийг нь мартахгүй юмсан гэж бага залуудаа шүүдрийн ус цохиж, амсуулж байсан удаа бий. Тэгэхэд ээж баярлаагүй юм. “Дэмий юм хийж байхаар ажлаа л сайн хийвэл барав” гэж зэмлэж байсан. Харин “Тэнгэр ээж минь өршөө”-г зохиож дуулчихаад, би хөдөө ээж дээрээ очиж дуулж өгсөн. Тэгэхэд ээж минь их баярласан. “Ээжийнхээ бүх л өндийж хөхүүлсэн ачийг хариулсан гэж бодоорой” гэсэн нь санаанаас гардаггүй. Миний ээж тийм нялуун хүн биш. Биднийг үнсэж, үнэрлэх нь цөөн. Тэгэхэд намайг татаж үнсээд, дэргэдээ суулгаж үе үе толгойг минь илээд. Их л баярлаж байгаа нь тэр шүү дээ. Ээжийн тэр үг надад бол авч болох бүх л гавьяа шагналаас илүү, тэнгэр дээдсээс өгсөн тийм л их шаг байсан даа.
Ээжээсээ хойш ээжийгээ хамгийн их санасан үе хэзээ байсан бэ?
-Би их эх амьтай хүн л дээ. Ээж минь санагдахгүй үе гэж ховор. Сайн явахад нэг их бодогдоно. Муу явахад бас их бодогдоно. Ээжийгээ бурхан болсны дараа лав гурван жил би гэртээ сайхан дуулж чадаагүй. Хүмүүс бол болж байна гээд л гадаад, дотоодгүй л явсан даа. Намайг МУГЖ болсноос хойш бурхан болсон юм, муу ээж минь. Тэгэхэд л их хэцүү байсан даа. Хорвоо ертөнц дээр ээж байхгүй болох шиг хэцүү юм байхгүй. Үнэхээрийн хэцүү. Орох байх газар олдохгүй. Гишгэх газар олдохгүй. Тэгж л их үймэрч явсан даа. Ээжийн минь явж байсан газрууд бодогдоно оо. Уулзаж байсан хүмүүс нь харагдана. Тэгээд л тэвчиж чадалгүй би нутгаасаа Улаанбаатарт шилжиж ирсэн.
Таны ээж их сайхан дуулдаг хүн байсан гэсэн. Ямархуу хүн байсан бэ дүрсэлж яриач?
-Би ээжийнхээ нүүр царай, бие бялдарын хаана нь ч хүрэхгүй. Ээжийн хажууд би бол хар зураг маягтай л юм. миний ээж сүүхийсэн сайхан өнлөр нуруутай, том алаг нүдтэй, намайг бодвол жирэвгэр нарийн хар хөмсөгтэй сайхан хүн байлаа. Би бол нэг барлайсан юмтай шүү дээ. Шүд гэж гайхалтай. Уртаашаа жаахан судалтай ч юм уу гэмээр, инээхэд нь ярсгээд бүгд ил гардаг сайхан шүдтэй. Нутгийн хөгшчүүд надад “Наадам үзье гэж биш танай ээжийг харах гэж л наадамд явдаг байсан” гэдэгсэн. Нэг их гоёж гангалаад байхгүй. Сумын наадамд явахдаа шинэ дээлээ өмсөөд, байнга унадаг шанхан дэлтэй зээрд морио унана. Илүү дутуу гоёлгүй. Зүгээр байгаа нь өөрөө их гоё хүн байхгүй юу.
Маш гайхамшигтай хоолоотой хүн байсан. Дүү нарыг их сайхан бүүвэйлнэ. Мал сайхан тойглоно. Бүр айлуудад залагдаж мал тойглодог байсан юм. Тэгэхээр хүний сэтгэлийг бүү хэл малыг уяруулсан сайхан төрмөл хоолоотой хүн байсан юм. Ээж минь хээрээр явж тэмээн тэргэтэй аргал түүнэ. Аргал түүхдээ их сайхан дуулаад явна. Би бол ээжийг аргалд явахыг л хүлээж байдаг. Дагаж яваад концерт үзэх гэж байгаа нь тэр. Ээжийг дуулаад явахыг харах их сайхан. Аргаа үүрчихсэн дуулаад л. Би нэг жижигхэн шээзгий үүрчихнэ. Би ер нь багадаа ээжийгээ сонсож байсан шиг тийм гоё дуулж чадаагүй юм. Одоо ч чадаагүй. Тэр хүн хөгжмийн хүн биш шүү дээ. Би 50 гаран жил дуулж явахдаа өөрийнхөө сэтгэлд хүртэл ээжийгээ гүйцэж дуулаагүй юм. Ээж минь өөрөө их сайхан дуулдаг хүн байсан болоод ч тэр үү намайг бол нэг их сайхан дуучин гэж тоодоггүй байсан юм.
Тэгэхээр таны дуучин болсон нь ээжтэй чинь холбоотой байх нь. Ээжийгээ дуулж байхыг хараад л дуучин болъё гэж шийдсэн үү?
-Дуу гэдэг сайхан юм даа гэдгийг бол би ээжээсээ анх мэдэрсэн. Энэ бол яалт ч үгүй тийм. Бас миний өссөн ахуй бол тэр чигтээ дуу л даа. Ээж минь аргалдаа явахдаа сайхан дуулна, бид хонь малдаа явахдаа дуулна, хонио тойглож, үнээгээ өөвлөнө. Ерөөсөө тэр ахуй тэр чигтэй дуу хууртай холбоотой. Миний бага байх үеийн тойг, гийнгоо бол яг л уртын дуу шиг. Цохилготой, нугалаатай. Гэрийнхээ унинд дээл өлгөчихөөд концерт тоглож байна гэж тоглодог байсан юм. Морь унаад малд явж байхдаа бас их дуулна. Тэгж л дуучин болох эхлэл тавигдсан байх.
Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Таныг хурдан морь унадаг хүүхэд байсан гэж дуулсан юм байна?
-Би бүр эмнэг сургаж байсан хүн. Бидний үеийн хүүхдүүд эр эмгүй тийм л байлаа. Баргийн ширүүн дориун морийг бол уначихдаг, моринд их эрэмгий хүүхэд байсан юм би. Уурга барьж явдаг, хормойгоо шууж давхидаг бас их хээнцэр маягийн. Жаахан байсан болоод ч тэр үү хормойгоо шуугаад морь унах их гоё санагдана. За тэр цантай морь унах уу. Тэр шиг сайхан, ганган хээнцэр зүйл байхгүй санагдана. Бүр нэг сондор шиг. Мөнх хаанаар адуугаа эрээд л, хормойгоо шуугаад 14, 15 настай давхиж явлаа.
Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн ээжтэйгээ өнгөрүүлсэн ямар дурсамж байдаг вэ?
-Ээжтэйгээ өнгөрүүлсэн их олон дурсамжтай хүн би. Зун болгон ээжтэйгээ хамт байлаа. Үнээ малыг нь саана, аргал хорголыг нь дэлгэнэ. Сүү саалийг нь хөөрүүлнэ. Энэ бүхэн надад маш сайхан. Би ээжийгээ ачилж байна даа гэж бодогддог тийм сайхан үе байлаа. Муу ээж минь “Хүүхэн ирээд гөрлөө гөрлөө” гэнэ. Гөрлөө гэдэг нь манай Дарьгангаар бол сайхан байна, баярлалаа гэж байгаа юм. Тэр үе их бодогддог юм. Ээж минь аргаа үүрчихсан, шивээн толгой найгаад л. Тэр үед өвс ч их сайхан урт ургадаг байж. Хонины нуруу гүвэлзээд л. Ээжийгээ дагаад алхаж явсан тэр өдрүүд их бодогдоно оо. Одоо нүдэнд зураг шиг л харагдаад байдаг юм.
Та хөдөө бууцан дээр төрсөн гээд сая ярьсан. Тэр үед бол ер нь ихэвчлэн л тэгж төрдөг байсан байх?
-Тийм. Малчин эмэгтэйчүүд хөөрхий тэгж л төрнө. Би ээжийгээ их зовоож төрсөн юм гэсэн. Ээж минь хүүхдээ гаргах тамиргүй болоод. Ер нь хэцүүдэх талдаа болоод ирэхээр аав минь үүр цайгаагүй байхад хөтөлгөө морьтой сумын төв рүү давхиад. Тэр үед машин тэрэг гэж байхгүй. Сумын санитер Жалхаажамц гэж хүн байсан юм. Биднийг бүгдийг нь эх барьж авсан. Тэр хүнийг аав минь авчирж, хөөрхий минь гардуулж намайг төрүүлсэн юм гэдэг. Их зовоож төрсөн юм гэнэ билээ. Тэгээд ч юм уу би ээждээ бүр амиа тавина. Их хайртай шүү дээ. Эхдээ хайргүй хүн ч гэж хаа байх билээ дээ...
Ээждээ их амь хүн өөрөө ээж болох мэдрэмж ямар байсан бол?
-Хүн ээж болохоороо ээжийгээ ойлгодог гэдэг үнэн. Ээж болоод би ээжийгээ зовоож төрсөндөө бүр бодохоор л гэмшээд байсан. Би зовооё гэж бодоогоогүй л дээ. Гэхдээ л муу ээж минь миний энэ шархирч байгаагаас хэд дахин илүү зовсон гэж бодохоор л... Бидний үед их сонин. Эх хүн үрдээ үнэнхүү хайртай байлгүй яах вэ. Хамт байхсан гэж бодно шүү дээ. Гэтэл бидний үед тийм боломж байхгүй байлаа. Ердөө 3 сар болгоод л бригад явуулна. Хүүхдээ орхиод явна эсвэл аваад явна. Би чинь жүжигт тоглоно, хөгжим тоглоно, концертлндоо тоглоно. Тэр олон жүжиг, тоглолын хажуугаар хүүхдэдээ анхаарах чөлөө завсар бараг олдохгүй. Жаахан том болгоод ээж дээрээ орхидог болсон юм. Хүүдээ би их анхаарч чадаагүй юм. ганцхан би ч биш бидний үеийн урлагийнхан тийм л байсан. Миний насны урлагийнхан бол ганц ганц хүүхэдтэй. Нэг удаа би хүүгээ аваад бригад явж байтал хүү минь өвдөөд Дорнодын эмнэлэгт хэвтсэн юм. Тэгээд манай соёлын ордныхон хүүг минь сахиж байгаа юм. Би тоглолтын цаг болохоор хажуугийнхаа хүнд захичихаад явна. Хэлд ч ороогүй, хөлд ч ороогүй нялх хүүхдээ танихгүй аймагт, танихгүй хүнд үлдээчихээд концерт тоглохоор яваад өгдөг мөн муу ээж ээ. Бид улсын төлөвлөгөө биелүүлдэг байсан. Улсын төлөвлөгөөг тасалж хэрхэвч болохгүй.
Таны ээжийг их өглөгч хүн байсан гэлцдэг юм билээ?
-Тэр үнэн. Үнэнхүү өглөгч хүн байсан юм. Бид нар чинь их олуулаа. Нэлээн сүүлд юм. Би дуучин арай болоогүй байсан. Чулуу гэж хөгшин миний ээжийн яг үеийнх нь хүн. Цагаан сараас хойш тэр хоёр уулзаагүй байж байгаад тэр хүн бүр намар манайд тэмээн тэргэтэй зочилж ирсэн юм. Тэр үед агент гэж юм сардаа л нэг явна. Агент ирээгүй цагт хүний гар дээр тавих юм ховор. Ээжийг ммань айлын бэр болоод явахад ээж нь битүү ширмэл тойруулга хийж өгсөн байсан. урагдаж, хоргодсоор байгаад баруун урд хатавчинд хэсэг гурвалжин үлдсэн байсан юм. Тэгээд Өөшгөөд нь өгөх юм олдохгүй байна. Үүнийг аваачаад тэмээндээ хөллөгөө хийчих гээд өгчихөж байсан юм. Уг нь ээжээс нь үлдсэн их л нандин эд нь байсан л даа. Тийм л өглөгч хүн байсан юм. Өөртөө юм үлдээнэ гэж байхгүй.
Та багадаа хэр эрх хүүхэд байсан бэ. Тантай ярихаар их л эрх хүүхэд байж дээ гэж бодогдоод байх юм?
-Дээр үеийн улс хүүхдээ эрхлүүлнэ гэж байхгүй. Эрхийг сурахаар бэрхийг сур л гэнэ. Бэрхийг сургаж байгаа нь хүүхдээ хайрлахгүй байгаа юм биш. Хамгийн их хайрлаж байгаа хүн хүүхдэдээ бэрхийг сургадаг гэж би боддог. Миний аав ээж аль нь ч биднийг эрхлүүлж, эвийлж байгаагүй. Харин би өөрөө хүүгээ бол эрхлүүлж байна уу даа гэж бодох үе байсан шүү. Хүн тэгээд хүүхдээсээ илүү ач нартаа их хайртай болдог юм байна.
Таныг монголын ард түмэн дуучин гэдгээр нь сайн мэдэх болохоос судлаач гэдгийг мэдэх хүн цөөхөн байх. Та хэчнээн ном гаргасан бэ?
-Нийтдээ бол 10 гаран ном байгаа байх шүү. Эрдэм шинжилгээний номууд байна. Яруу найргийн номууд ч бий л дээ. Энэ харин миний бичсэн ном биш. Надад зориулж монголын яриуу найрагчдын бичсэн шүлэг байгаа юм. Яруу найрагч Мэнд-Ооёо намайг “Чи наад олон шүлгээ хадгалаад яах вэ. Нууж байсан юм чинь ил болчихоод байна. Одоо эмхэлж ном болгож үлдээвэл яасан юм” гээд. Тэгээд би тэр олон сайхан хүний надад зориулж бичсэн шүлгүүдийг эмхлэн гаргасан нь энэ.
Ээжийнхээ тухай сайхан дурсамж хуваалцсанд баярлалаа.