
Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5 хувийн өсөлт үзүүлсэн бол энэ онд 7 хувиар өснө гэж төсөөлж буй. Харин энэ оны эхний улирлын гүйцэтгэлээр ДНБ 2.4 хувийн өсөлт үзүүлэв. Хэдий цар тахлын дараа өнгөрсөн хоёр жилийн хуагцаанд эдийн засаг бүрэн сэргэсэн ч цаашид 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг Монголбанк сануулав.
Тус банкны зүгээс энэ нөхцөл байдалтай уялдуулан дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгааг өнгөрсөн Мягмар гарагт болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр дурдсан юм. Хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулах үеэр хийж хэрэгжүүлэн ажил болон эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэл, нөхцөл байдлыг танилцуулсан билээ.