Коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлж, “Нэг өрх-нэг иргэн” аяны хүрээнд нийслэлийн 70 гаруй мянган иргэнд тандалтын шинжилгээ хийхээр болсон. Энэхүү шинжилгээг Улаанбаатар хотын есөн дүүргийн 30 цэгт авах юм. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Багануур дүүрэгт 2, Налайх дүүрэгт 2, Багахангай дүүрэгт 1 цэг бий.
Тэгвэл өрх бүрээс шинжилгээ өгч буй иргэдийн тухай БЗД-ийн Шуурхай штабын ажилтан Т.Сосорбарамаас тодруулахад:
“Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70000 гаруй иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулахаар "Нэг өрх-нэг иргэн" аяныг эхлүүлж байна. Энэхүү аян нь коронавирусний голомт байж болзошгүй дүүрэг, хороодын арх айлуудаас нэг иргэнийг сонгож шинжилгээнд хамруулах зорилготой. Ингэснээр коронавирусний халдвар нэмэгдсэн эсэхийг шуурхай мэдэх боломжтой юм. Баянзүрх дүүргийн хувьд нийт 28 хорооноос эхний ээлжинд 14 хорооны 20090 гаруй иргэдийг зургаан цэгт "Нэг өрх-нэг иргэн" аянд хамруулж байна.
Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой. Түүнчлэн сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн хувьд хуучин шинжилгээ авч байсан цэгүүдэд очиж хамрагдах боломжтой” хэмээсэн юм. Харин нийслэлийн бусад дүүрэг дэх шинжилгээ авах цэгүүдийн байрлал болон хүний тоог хариуцсан хороо нь зохицуулж буйг хэллээ.
Баянзүрх дүүрэгт шинжилгээ авах цэгүүд:
- Амгалан Цогцолбор сургууль
- 97-р сургууль
- 21-р сургууль
- 44-р сургууль
- 133-р сургууль
- 14-р сургуулийн байр
Тусгайлан бэлтгэсэн дээрх цэгт 08:30-18:00 цагийн хооронд шинжилгээ авна