Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казино байгуулах үе үеийн санаачилга хийгээд бараан явдлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
20 минут 1 секунд

Хүн төрөлхтний зугаа цэнгэлийг дагасан бизнесийн нэг хэлбэр болох казиногийн үйл ажиллагааг манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа хориглосон байгаа. Энэ нь “казино бол мөнгө угаах газар” гэсэн бараан ойлголттой холбоотой. Гэтэл дэлхийн бусад оронд казиногийн эдийн засгийн үр өгөөжийг нь магтан дуулж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн хөгжүүлдэг. Түүний нэг бол Ази тивдээ казиногоор алдартай Макао бөгөөд төсвийн орлогын дийлэнх хувийг мөрийтэй тоглоомын бизнесийн ашгаас бүрдүүлдэг гэдэг тооцоо судалгаа байдаг. Үүнийг сонсоод л ашигтай хэмээн бодсон уу, аль эсвэл хэн нэгний лоббид автсан уу мөнгөний уурхайг Монголд оруулж ирэх сонирхолтой байгаагаа цухалзуулах болов. Гэхдээ тэд эдийн засгийн үр өгөөжийг нь бус өөрийн эрх ашгийг илүүд үзсэн учир хоригдсон, хоригдох шахсан гашуун түүхийг мартах учиргүй.

Гэтэл сүүлийн үед казинод тоглосон хэргээр хэд хэдэн гишүүн “яллуулж”, нийгмийн бухимдлыг төрүүлээд байна. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын Австрали улсад хийсэн албан ёсны айлчлалд багтсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын казинод байгаа зураг цахим сүлжээгээр тарч, асуудал дагуулав. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүд Австралийн Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Чулуунхүү бид хамт явсан. УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Бид тоглоогүй” хэмээн тайлбар өгөв.

Тэгвэл казинотой холбогдсон он цагуудын талаар уншигч олондоо эргэн сануулахаар шийдлээ.

ТҮШЭЭД ДЭЭЛЭЭ НӨМӨРСӨН 1998 ОН

Хуулиар хориглоогүй л бол зөвшөөрсөнд тооцдог тогтолцоо манай улсад хэрэгждэг. Түүний адилаар 1990-ээд оны дундуур “Чингис” зочид буудалд хууль бус казино үйл ажиллагаа явуулж байсан. Төрийн ордонд бараа нь харагддаггүй түшээдийг тэндээс олох боломжтой байсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энэхүү байдлыг зохицуулах гэсэн үү 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан юм. Гишүүдийн олонхийн саналаар баталсан энэ хуулийг санаачлагч тухайн үедээ Д.Энхбаатар гишүүн байлаа.

Тухайн үед УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ хуулийн төсөл байгаагүй. Гэнэт гарч ирээд ногоон гэрлээр явсаар гишүүдийн 85 хувийн дэмжлэгийг авч батлагдах байж. Хуулийг батлая гэж гар өргөж байсан хүмүүс жил хүрэхгүйн дараа “Үгүй больё” гээд эсрэг хууль санаачлаад гүйж явна гэж тухайн үед ёстой зүүдлээ ч үгүй биз, Д.Энхбаатар гишүүн. Гэвч бүх зүйл орвонгоороо эргэж, парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонсч, дээлээ нөмөрсөн. Тэднийг 1998 онд дараах үндэслэлээр буруутгаж байсан юм.

“Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 36 дугаар тогтоолоор байгуулсан Казиногийн асуудал эрхлэх зөвлөл, тендер зарлан явуулахдаа Казиногийн тухай Монгол Улсын хууль, Казиногийн тендерийг явуулах, дүгнэх шалгаруулах журам, түүнчлэн тендерийн нөхцөл болгон заасан зарим заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн 51-ээс доошгүй ширээний тоглоом ажиллуулах зориулалтын тасалгаа бүхий өөрийн болон түрээсийн байртай байх. Түүнчлэн тендер нууц явагдах арга хэмжээг аваагүй, зохих нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Ийнхүү тендерийг бүхэлд нь хууль бус явуулж “Мон-Макао” компанийг шалгаруулж, онцгой эрх олгосон байна. Дээрх ажиллагаанд УИХ-ын зарим гишүүн нөлөөлөн оролцож, улмаар авлига авсан гэж үзэх үндэслэлтэй. Зарим баримтыг дурдвал, 1998 оны долдугаар сарын 2-нд Зэвсэгт хүчний дугаар ангиас МИ-8 нисдэг тэрэг хөлслөн УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын төрсөн өдрийг Хагийн хар нуур гэдэг газар очиж тэмдэглэхэд “Мон-Макао” компанийн захирал Ван Жу Вэй, түүний туслах, дэд захирал Л.Байгаль нар эхнэрийн хамт явж “Их тэнгэр” цогцолборын хоёр ажилтан үйлчилжээ.

Нисдэг тэрэгний хөлсийг “Мон-Макао” компани гаргасан. 1998 оны долдугаар сарын 13-нд Д.Баттулга, Д.Энхбаатар нар “Мон-Макао” компанийн захирал, туслах нартай нь Тэрэлж явж зугаалсан байна. “Мон-Макао” тендерт ялж онцгой эрх авснаа тэмдэглэн 1998 оны наймдугаар сарын 19-нд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын 30 дугаар харшид хийсэн хүлээн авалтад Д.Энхбаатар, С.Батчулуун, Д.Баттулга нар оролцож, гарын бэлэг авсан. “Мон-Макао” компанийн дэд захирал Л.Байгаль 1998 оны долдугаар сарын 17-нд Д.Баттулгын эхнэр Оюундарийн нэр дээр “Ниссан патроль” маркийн жийп хоёрыг захиалж мөн оны арваннэгдүгээр сарын 11-нд Д.Энхбаатарын төрсөн дүү Д.Энхцэцэгийн нэр дээр улсын хил гаалиар оруулж Д.Баттулга, Д.Энхбаатар нарт хахууль болгон өгсөн. Зардлыг “Мон-Макао” даасан” гэж. Казино байгуулахаар санаархсаныхаа төлөө түшээд ялтан болсон түүх энэ.

КАЗИНО БА Х.ХУЛАН, С.БАЯР НАР 1999 ОН

1999 оны оны нэгдүгээр сарын 22-нд УИХ казиногийн тухай хуулийн төслийг хүчингүй болгожээ. Х.Хулан, Ц.Ганхуяг, Д.Бохынарга, ЭДогбадрах, Ч.Отгонбаяр, М.Зэнээ, Т.Ганди, Д.Энхтайван нарын 12 хүн Казиногийн тухай хуулийг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл санаачилснаа “Казино нь гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэтээр сөрөг олон зүйл дагуулдаг учраас хүн ам цөөтэй, Монголын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдгээр тайлбарлаж байлаа. Ингэснээр мөн оны хоёрдугаар сард “Чингис” зочид буудалд нээлтийнхээ өдрийг товлож, засварын ажил хийн бас диллерээр ажиллах залуусыг сургалтад хамруулан бэлтгэж байсан “Мон-Макао” компанийн ажил зогссон юм.

Монголд байгуулагдах гэж байсан казиног болиулсан нь хар тамхи гэх мэт гэмт хэрэг дагалдан орж ирнэ гэсэн эх оронч үзэлтэй холбоотой гэдэгт итгэх гээд оролдоод үзсэн ч, нэг л үнэмшил муутай. “Казино” Л.Байгаль 2007 онд Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл яригдаж байх үеэр “Өдрийн сонин”-д “Казиногийн хуулийг хориглох тухай Н.Багабанди Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан С.Баяр анх ярьж, удалгүй Х.Хулан тэргүүтэй хүмүүс хуулийн төслийг санаачилсан. Зарим нь хэвлэлийн бага хурал дээр эзэн Чингис хааныг дуурайж хувцаслаад гарч ирж байсан гээч. Төсөл санаачилсан 12 гишүүнээс Т.Гандигаас бусад нь өмнө нь Казиногийн хуулийг дэмжиж саналаа өгч байсан юм” хэмээн ярилцлага өгчээ.

САНАЛААСАА УРВАЖ САНААЧИЛСАН Ц.ШАРАВДОРЖИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ

Монгол Улсад казино байгуулах гэсэн хоёр дахь давалгаа 2007 онд эхэлсэн гэж үздэг. Учир нь 1998 онд казиног эсэргүүцэж, кноп дарж байсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж гэнэтхэн Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачилан өргөн барив. Гэхдээ тэрбээр ганцаар хөдлөөгүй бөгөөд ангийнхаа нэр бүхий гишүүд болох А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нарын хамт санаачилсан.

Гэтэл тэднийг “Морин нуур” төслийнхөн лообийдсон гэсэн хардлага дагасан юм. Тиймдээ ч УИХ дахь АН-ын зөвлөл яаралтай, бас халуухан хуралдаж, казиногийн асуудалд “хутгалдсан” таван гишүүнээ хуулийн төслөөс нэрээ татахыг үүрэгдэв. Тухайн үед АН-ын зөвлөлийн дэд дарга байсан С.Ламбаа “Уг хуулийг “Морин нуур” төслийн лообий гэж хард аж байна. Тиймээс АН-ынхан үүнд оролцохгүй” хэмээн шулуухан мэдэгдэж байсан юм. Ц.Шаравдорж тэргүүтэй МАХН-ынхан “Лообий биш” гэж тайлбарласан ч төсөл санаачилсан олонх гишүүн нэрээ татсан тул төлөвлөгөө нь нурсан юм. Энэхүү хуулийн төсөлд сонин сонин заалт олон байсан. Тухайлбал, Казиногийн онцгой бүсээс хааш хаашаа 300 км-ийн зайд 30 жилийн дотор өөр казино байгуулахгүй гэсэн заалт оруулахаар тусгасан байсан. Хойшоо Сэлэнгэ, урагшаагаа Дорноговь, баруун тийшээ Өвөрхангай, зүүн тал руугаа Хэнтий хүртэл газар нутагт 30 жилийн дотор өөр хэн нэгэн казино байгуулж болохгүй гэж үзсэн зөвхөн энэ заалтаас нь л “Монополь эрхийг нэг л газрын казинод өгөх зорилготой хууль байна” гэдэг дүгнэлтийг хийж болохоор байсан билээ. Чухам хаанахад өгөх зорилго байв аа гэдгийг нь хуулийн төслөөс нь харахад тодорхой.

“Тоглоомыг Монгол Улсаас бусад орны иргэдээр хязгаарлахын тулд батлагдсан чөлөөт бүс болон олон улсын нисэх буудлын ойролцоо, хязгаарлагдмал, хилийн хяналттай, газар зүйн байршлын хувьд бусад бүсээс тусгаарлагдсан хаалттай бүсэд хорооны зөвшөөрлөөр явагдана” гэсэн заалт байсан. “Олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо” гэдэг энэ үг нь мөнөөх хуулийн төслийн захиалагч эзэн нь гадны санхүүжилттэй “Морин нуур” гэдгийг батлаад өгч байсан билээ. 2007 оны хавар манай УИХ-ын гишүүд казиногийн тухай маргаж эхлэхээс хэдэн сарын өмнө АНУ-д “Morin nuur resort” төслийг танилцуулаад хөрөнгө босгох үйл ажиллагаа явагдаж байсан гэдэг. Төслийг боловсруулагчид Монголын Засгийн газраас тусгай зөвшөөрөл авсан хэмээж байсан гэдэг. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Казиногийн хуулийг монополь эрхтэй компани байгуулах гэхээр нь эсэргүүцэж, бүгд ижил байх тийм хууль өргөн барьсан” хэмээн мэдэгдэж, хуулийн төсөл санаачилж байв.

Д.ЗАГДЖАВ ЛОББИГОО ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН НЬ

Дээр дурдсан нэг компанийн захиалгатайг илтгэх эл заалтууд УИХ-ын гишүүн Д.Загджавын 2009 онд санаачилсан хуулийн төсөлд яг тэр хэвээрээ тусгагдсан байсан юм. Үг, үсэг нь төдийгүй зорилт нь адилхан байгаа юм чинь эцсийн хүрэх зорилго нэг байх нь мэдээж. Тэрбээр Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг танхимын нөхөд Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын 10 гишүүний хамт бүтээсэн. Гэхдээ Д.Загджав гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх бор шувуу нисэх болсон. Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад парламентад сонгогдсон, түүнийг засаг байх үеэс л хүрдэт тоглоомтой холбоотой лообий хийж байна гэсэн хардлага байсан билээ.

Учир нь Хан-Уул дүүрэгт “Империал гоулд” гэдэг компанид “Морин нуур” нэртэй амралт аяллын цогцолбор байгуулах зөвшөөрөл олгосон нь ийн хардагдахад хүргэсэн билээ. “Морин нуур” нь 2005 оны сүүлч, 2006 онд гадаадынхан Улаанбаатарын ойролцоо таван одтой зочид буудал барина, өвөл ч зунаараа юм шиг ногооноороо байх тийм цогцолбор байгуулна, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулна хэмээн хэвлэлээр ихээхэн сурталчилж байсан. Алан Гинсбург гэдэг эрхэм Монголд ирж “Морин нуур” төслийнхөө тухай хэвлэлд тусгайлан ярилцлага өгч байлаа. Мөрөөдлийн “Морин нуур”-ын эзэдтэй Д.Загджав гишүүн Засаг дарга байхдаа дүүргээ хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэж, бүр гарын үсэг зурж ч байсан. Энэ бүхэн нь Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл санаачилсан эрхэм гишүүн рүү хэн нэгний лообий орсон гэсэн хардлага сэрдлэгийн учгийг хөврүүлэхэд хүргэж байсан билээ. Энэхүү хуулийн төсөлд казинод монгол хүнийг оруулахгүй гэсэн хатуу заалт жаахан зөөлөрч, монгол хүн урилгаар ороод тоглож болно гэж өөрчлөгдөж байв.

ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР КАЗИНОГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

Үүнээс хойш таван жилийн туршид сураг тасраад байсан казиногийн асуудал дахиад хөндөгдөж эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хязгаарлагдмал хүрээнд казиног хүлээн зөвшөөрөхөөр болж ч байх шиг байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын УИХ-д өргөн барьсан 100 хоногт багтаан эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн 17-д “гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх” хэмээн казиног нэвтрүүлэх нь хэмээн хэнд ойлгогдохоор тусгажээ. “Амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх” гэх нэрний цаана мөнгөний уурхай болох казино байгаа. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ тогтоолын төсөлд төрийн ямар ч бодлого алга байна. Үүнийг хэлэлцэх хэрэг байгаа юм уу.

Казино оруулж ирнэ гэсэн заалт үүнд байна. Тогтоолын төслийн 17-д бусад улсуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлнэ хэмээн заасан байна. Энэ бол казино оруулж ирсэн гэсэн үг. Ийм зүйлс байгаа учир энэхүү тогтоолын төслийг сайжруулаад гаргасан ч үр дүнд хүрэхгүй” хэмээн хэлсэн. Мөн үүнээс гадна Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр казиногийн төнөг төхөөрөмжид татвар ногдуулж байжээ. Уг хуулийн 4.2 дахь хэсэгт “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна” хэмээн тусгасан байдаг. Угтаа бол казиног хуулиар хориглосон бол техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид татвар ногдуулах ёсгүй. Гэтэл Чөлөөт бүсийн тухай хуулийн 3.6 дахь хэсэгт “Аялал жуулчлал-үйлчилгээний чөлөөт бүсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий үйлчилгээний цогцолбор бүрдүүлж, бүх төрлийн үйлчилгээ эрхэлнэ” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, байгуулаагүй л болохоос тийм эрх нь 2002 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар нээлттэй байна гэсэн үг. Энэ бол хэлэлцэж, хэлэлцэж баталсан хуулиуд хоорондоо уялдаагүй, цоорхойтой гардгийн жишээ. Нэг хуулиндаа казиног хориглосон байхад нөгөө хуульд зөвшөөрсөн байна. Тэгэхээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэхээн сэргээх амь тариагаар эрхэм гишүүд казиног сонгох гэж буй бололтой. Казиногоор мөнгө олж болно гэдэгтэй маргах хүн байхгүй.

Тэгвэл Ж.Эрдэнэбатын танхим эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд казино байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед боловсруулсан хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлэхээр бэлдээд байна. Уг хуулийн төсөлд казиног дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд байгуулахаар төлөвлөжээ. Тусгай зөвшөөрлийг нь 10 жилээр олгоно. Нэг удаагийн тусгай зөвшөөрлийг 35 тэрбумаар арилжина. Казинод онцгой албан татвар ногдуулах бөгөөд энэ нь үйл ажиллагааны орлогын 15 хувь байх юм. Мөн казиногийн ширээ бүрээс сард 5.5 сая төгрөгийн татвар тогтмол авна. Түүнчлэн казино цогцолборын 85 хувь нь зочид буудал, үйлчилгээнийх, 15 хувь нь казиногийн зориулалттай байна гэж Казиногийн тухай хуулийн төсөлд тусгаад буй юм.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Ажлын хэсэг солигдож, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ахлах болсон бөгөөд өнөөдрийг хүртэл чимээ аниргүй байгаа юм. Гэхдээ төрийн хараа хяналт дутвал цөөхөн хүн амтай манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний хор уршигтай гэдгийг эрх биш манай түшээд мэдэж байгаа байх. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэрээр төр засаг хууль хяналтынхан хэзээ хойно нь өөрөөр хэлбэл ханиад хүндрээд хатгаа болоод сэхээнд орсон хойно нь л сая нэг юм арга хэмжээ авдаг тал бий. Үүнийг л битгий давтаасай. Казиногийн хууль батална гэж түшээд нь хөлөө хугалах шахам гүйлдэж, хэдэн олигархи казино байгуулна гэж хөөрцөглөн давхилдаж байгаад дээлээ нөмөрч байсан гашуун түүхийг санахад илүүдэхгүй биз. Дөрвөнтөө сөхөгдөж, гурвантаа бүдэрсэн казино хямралыг давах ганц гарц болоод ороод ирэх вий дээ.

Герман компани ПАССИВ орон сууцны стандартыг  Монгол улсад нэвтрүүлнэ
Герман компани ПАССИВ орон сууцны стандартыг Монгол улсад нэвтрүүлнэ
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.