Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард айлчлахдаа тус улсын цар тахалтай тэмцэх үйлсэд дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонийг бэлэглэхээ амласан.
Монгол Улс 30 мянган хонио аравдугаар сард Хятад руу илгээсэн. Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонийг аравдугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, тусгаарлан шалгаж, нядлаад цар тахалд ихээхэн хохирол амссан Ухань хот руу явуулжээ. Тэгвэл “Монголоос хандивласан хонь” хэмээх шошготой хайрцганд савласан мах зорьсон газартаа хүрч, Уханийн эмч, эмнэлгийн ажилтнууд хонины махаа хүлээн авсан байна. Энэ талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, эмч ажилтнууд “Өвлийн улиралд үнэтэй бэлэг хүлээн авлаа” хэмээн талархлаа илэрхийлжээ. Хятадын сошиал сүлжээнд эмнэлгийн эмч, ажилтнууд ширээ тойрч суугаад хонины махтай халуун тогооны шөл зооглож байгаа дүрс бичлэгүүд, Монгол хонины махыг тэвэрч зургаа авахуулсан эмч нарын зургууд цацагджээ.
Мөн зарим эмч бэлгэнд ирсэн махаа өөрийн ажилладаг эмнэлгийн гал тогоонд хандивлаж, өвчтөнүүдийнхээ дархлааг дэмжихээр шийдсэн талаар мэдээлжээ. Мөн Хятадын Коммунист намаас англи хэлээр гаргадаг “Global Times” сонинд Монгол Улсаас бэлэглэсэн хонины махтай холбоотой нийтлэл гарсан байна. Нийтлэлд хонины мах нь биеийг түргэн дулаацуулдаг, уламжлалт анагаах ухааны сударт өвлийн улиралд хонины махыг хүнсэндээ тохируулж хэрэглэх нь зөвхөн биеийг дулаацуулаад зогсохгүй, хоол боловсруулалтыг сайжруулж, ходоодны ханыг хамгаалдаг гэдгийг дурджээ.