Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт энэ сарын 26-нд коронавирусийн шинж тэмдэгтэй хүн ирсэн. Тухайн иргэнээс тэр даруй түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг хариу гарсан байна. Ингээд иргэнийг тусгаарлах байрандаа байрлуулж, ХӨСҮТ-рүү шинжилгээний дээжийг нь явуулахад PCR шинжилгээний хариу нь эерэг гарч, тухайн иргэн халдвар авсан нь батлагджээ. Иргэнийг одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа гэв.
Манай улсад коронавирусийн 801 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 418 нь дотоодын халдвар. Жолооч Д-гээс өнгөрсөн сарын 10-нд халдвар илэрч дотооддоо вирусийн халдварыг алдсан гэдгээ зарласнаас хойш 20 хоног өнгөрөхөд энэ тоо 418 болтлоо өслөө.
ЭМЯ-наас өдөр тутам хийж байгаа мэдээлэлд шинээр нэмэгдсэн тохиолдлуудыг халдвар авсан иргэний ойрын хавьтал, ойрын хавьтлынх нь ойрын хавьтал хэмээн тайлбарлаад тусгаарлалтад байсан иргэдээс илэрсэн хэмээн хэлж байгаа.
Энэхүү тайлбар иргэдийг тайвшруулж, бага ч гэсэн амьсгаа авахтай болгож байсан. “Халдвартай иргэд хорионд байгаа. Тэдний ойрын хавьтал хяналтад байгаа” гэсэн бодол дээрх тайлбараас төрж байна. Гэтэл энэхүү тайлбарт тийм ч итгэл төрүүлээд байх хэрэггүй бололтой.
Хэрэв халдвартай иргэдийн ойрын хавьтлын хүмүүс хяналтад байгаа юм бол дүүргийнхээ эмнэлэгт ирээд үзүүлсэн энэ иргэн хаанаас гараад ирэв...
Өнөөдрийн мэдээлэлд, 9 голомт байгаа гэв. Дээрх иргэний нөхцөл байдлаас дахиад ч голомт байж болзошгүй хэмээн хардаж байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хандсан иргэнтэй харьцсан эмч нарыг тусгаарлан, шинжилгээ аваад байгаа хэмээн ЭМЯ-ны мэдээлэлд хэллээ. Тус эмнэлгийн хүлээн авахаар хүүхэд болон том хүмүүс үйлчлүүлдэг. Тухайн иргэн эмнэлэгт хандах үед зөвхөн эмч нартай харьцаагүй байх нь ойлгомжтой. Хэдэн ч том хүн, хүүхдийг эрсдэлд оруулсан байж болно...
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр давхарт хүлээн авах, хоёрдугаар давхарт том хүмүүсийн хэвтэн эмчлүүлэх тасаг, гуравдугаар давхарт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг байрладаг. Тухайн үед хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нэгэн эмэгтэй манай редакцид хандсан. Тэрбээр “Өнөөдөр хүү маань хатгаа гэсэн онош нь тогтоогдож, бид хоёр эмнэлэгт хэвтсэн. Гэтэл эмнэлэгт орж ирээд эмчилгээгээ ч хийлгээгүй байхад гэнэт ариутгах гэрэл коридорт асаагаад, бүх өрөөний хаалгаа хаа, гарч болохгүй гэсэн. Энд дандаа өвчтэй хүүхдүүд эмчлүүлэх гэж хэвтэж байгаа учраас хүүхдүүд уйлаад, эмч, сувилагч нар ирэхгүй хэцүү байна. Эмнэлгээс нэг ч хүн гаргахгүй байгаа гэсэн. Бүх, эмч, сувилагч нар хариагүй байна. Энд халдвартай хүн ирсэн бол бид эрсдэлд орох уу. Тодруулж өгөөч” гэсэн байв.
Эрсдэлд орох эсэхийг тандалт судалгаа хийсний үндсэн дээр л тогтоох боломжтой. Тухайн ээж хүлээн авахаар хүүхдээ үзүүлэх үетэй халдвартай иргэн хүлээн авахад хандаж таарсан бол үнэхээр эрсдэлтэй. Тухайн халдвартай иргэнийг хүлээн авахаар үзүүлэх үед ээлжид ажиллаж байсан хүүхдийн эмч хэрэв хүүхдийг үзсэн бол бас л эрсдэлтэй...
Энэ бүхнээс дүгнэхэд, өдөр бүр тоть шиг давтаад буй “Халдвартай нь батлагдсан иргэн хяналтад, гэрийн хорионд байсан хүмүүсээс илэрсэн” гэж хэлээд буй мэдээлэл үнэн үү...