Туркэд цэргийн эргэлт гаргахыг оролдсон хэргээр 337 хүнд шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ Туркэд 2016 оны 7-р сард цэргийн эргэлт гаргахыг оролдсон хэрэгт холбоотой 337 хүнд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон байна. Тэдний ихэнх нь тухайн цаг үед Анкара хотоос холгүй оршдог Акынжи агаарын цэргийн баазад алба хааж байсан нисэгч, сонсогчид юм байна. Ар гэрийнхэн нь цэргийн эргэлтэд оролцоогүй олон нисэгч, сонсогчдыг хоморголон ийнхүү шийтгэснийг буруушаан эсэргүүцэж буйгаа илэрхийлцгээж байна.
Харин Анкара дахь зэвсэгт мөргөлдөөнд шууд бусаар оролцсон Туркийн зэвсэгт хүчний офицер асан олон хүнд 3-79 жилийн хорих ял оноосон байна. Энэ хэрэгт нийт 500 гаруй хүнийг холбогдуулан шалгаснаас 75-ийг нь л цагаатгаж сулласан байна. Цэргийнхэн төрийн эрхэнд гарах гэсэн оролдлогын улмаас Стамбул, Анкарад зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Үүний уршгаар 250 хүн амь насаа алдаж 2 мянга гаруй хүн гэмтэж шархадсан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 10 мянга гаруй хүнийг баривчилж 140 гаруй мянган хүнийг ажлаас нь халж огцруулсан юм.