Монголын нүүрсний экспорт 60-70 хувиар буурсан тухай “SXCoal” мэдээллэв. Цар тахлын улмаас Монгол Улсаас нүүрс тээвэрлэх транзит тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин буурсан байна. Өмнө нь өдөрт 700-1000 тээврийн хэрэгсэл нүүрс зөөж байсан бол одоо ердөө 200 болж, нүүрсний экспорт 60-70 хувиар буурчээ.
Монголоос БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээ эрс буурсантай холбоотойгоор Гашуунсухайтын БНХАУ-ын талын Ганцмод боомтын агуулах дахь нүүрсний хэмжээ нэг сая тонн болж, ердийн үеийнхээс эрс буурсан. Цагаан хаднаас Ганцмод боомт хүртэлх тээврийн зардал өнгөрсөн долоо хоногийн эцсээр тонн нүүрс тутамд 10-20 юаниар нэмэгджээ. Энэ долоо хоногийн эхэнд “Fenwei Energy”-ийн тооцоолдог үнийн индексээр Монголын угаагүй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэж, 860 юань болжээ. Угаасан коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 юаниар, өмнөх сартай харьцуулахад 30 юаниар өсч, 1060 юань болжээ.