Коронавирус хурдацтай тархаж байгаа хэдий ч халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй улс орнууд байсан хэвээр байна.
Тодруулбал, Номхон далайн өмнөд хэсэгт байрлах арлын орнуудад одоог хүртэл халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Эдгээр нь Тонга, Кирибати, Самоа, Микронези, Тувалу улсууд юм.
Гуравдугаар сард цар тахал дэгдэхэд Тонга улс нисэх онгоцны буудлуудаа хааж, аяллын хөлөг онгоцуудыг нэвтрэхийг хориглосныг “AP” онцолсон байна. Үүний улмаас эдийн засаг нь уналтад орсон хэдий ч тус улсын эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоосоор байжээ. Эдийн засаг нь аялал жуулчлалтай нягт уялдаатай байдаг тул халдвар илрээгүй байгаа бусад улс орнууд ч хохирол амссан байна.
Антарктидад одоогийн байдлаар халдварын тохиолдол илрээгүй байна. Тус тив нь халдвар бүртгэгдээгүй цор ганц тивд тооцогдож буй. Түүнчлэн 25 сая гаруй хүн амтай Умард Солонгос одоог хүртэл “КОВИД-19” өвчний нэг ч тохиолдлын талаар мэдээлээгүй байна. Туркменистанд халдвар авсан нэг ч хүн байхгүй байгаа нь Умард Солонгосын адил шинжээчдийн эргэлзээг төрүүлж байгаа юм. Гуравдугаар сард Туркменистаны эрх баригчид хилээ хааж, олон нийтийн шашны арга хэмжээг хоригложээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар коронавирусний халдварын 536224 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 55 326 907 болсон бол нас барсан тохиолдлын тоо 9220-оор нэмэгдэж, 1.33 сая давсан байна. Халдварын тохиолдлын тоогоор АНУ нэгдүгээр бичигдиж байна.