Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дипломатуудын дуулиант долоо хоног

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 25 секунд

70 кг хар тамхи тээвэрлэсэн дипломатуудын хэргийг шалгав

Герман улс руу монголын хоёр дипломат 70 кг хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан хэргийг өнгөрч буй долоо хоногийн Лхагва гарагт шалгаж эхэлсэн. Үндсэн шүүгдэгч буюу Б.Баттүшиг нь Туркийн Истанбул дахь Консулын газрын дэд консул алба хашиж байсан юм. Б.Баттүшиг өөрийгөө тагнуулын нууц ажилтан бөгөөд өндөр нууцлалын зэрэгтэй ажиллагааны хүрээнд хар тамхи зөөвөрлөж байсан гэж мэдээллээд буй.Тэгвэл түүний ямар хүмүүстэй харилцаатай байсан нь удахгүй ил болох магадлалтай. Учир нь Дрездений гаалийн мөрдөн байцаагчид түүний “iphone xs” загварын утасны түгжээг тайлж чадсан байна. Шүүх хурал ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлэх бөгөөд утаснаас гарсан мэдээллээс шалтгаалж түүний нууц ажилтан байсан эсэх эсвэл хар тамхины наймаачин зэрэг мэдээлэл ил болох аж.

Ардын баатрыг ардчилсан үндсэн хуулийн өдрөөр шүүсэн нь

Экс хотын дарга Э.Бат-үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэх бичвэрийг 2019 оны зургаадугаар сард baabar.mn сайтад нийтлүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар түүнийг ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад өгсөн. Уг хэргийг цагдаа мөн гүтгэлэг хэмэн үзэж зөрчлийн хуулийн дагуу 2 сая төгрөгөөр торгосон юм. Тэгвэл уг торгуулийг үндэслэлгүй хэмээн үзсэн экс хотын дарга эрүүгийн анхан шатны шүүхэд хандан хүчингүй болгуулах хүсэлтээ өгснөөр шүүх хурал 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр болох байсан юм. Тэрбээр шүүх хуралд сууж буй зургаа “Ардчилсан Үндсэн  хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна” гэсэн тайлбартайгаар өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн. Гэвч нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн улсын баатар Э.Бат-үүлийг 11 цагаас эхлэн шүүх танхимд оруулсан боловч шүүх хурлыг эхлүүлэхгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст тодорхой шалтгаангүйгээр шүүх хурлыг хойшлуулсан юм. Э.Бат-үүл “Шүүх хурлыг хэдий хугацаагаар хойшилсныг мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар хойшилсныг ч мэдэж чадсангүй. Миний ойлгосноор намайг шүүх шүүгч олдоогүй юм байх” гэв. Үүний зэрэгцээ олон хүн сошиал хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэв. Монголын нөлөө бүхий хүмүүс ингэж жиргэсэн бол АН, МАН-ын гишүүд энэ талаар үзэл бодлоо илэрхийлэлгүй нүдэн балай, чихэн дүлий мэтээр таг дуугүй өнгөрсөн юм.

Элчин сайд А.Баттөр саатуулагдан шалгагдаж байна

Монгол улсаас Франц улсад суух элчин сайд А.Баттөрийг 2020 оны 1 сарын 13-ны өдөр АТГ-аас баривчлан саатуулсан. Тодруулбал түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан, визний хураамжийн мөнгөөр гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авсан байж болзошгүй гэх хэд хэдэн хэргээр АТГ шалгаж байна. Энэ хэргийн хүрээнд өнгөрсөн 12 дугаар сард гадаад дахь элчин сайд нар монголд цуглараад байхад нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Баттөрийг 30 хоногийн хугацаатай 461 дүгээр ангид цагдан хорих шийдвэр гарган саатуулж байгаа аж. Гэхдээ хэрэг явдал элчин сайд А.Баттөрөөр зогсохгүй түүний эхнэр зөвлөх нарт хуулийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрэн сурвалжилж байна. Тодруулбал Польшийн цагдаагийн газраас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа бол тэр дунд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нар байгаа юм. Польш улсын цагдаагийн газар тэднийг тамхины хууль бус наймаанд оролцож, онцгой албан татвартай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хууль бусаар хил давуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. А.Баттөрийг Францад хулгай хийдэг монгол залуус болон хууль бус тамхины наймаа хийдэг хүмүүстэй хамтардаг гэх мэдээллийг хэвлэлүүд онцолсоор байна. Элчин сайд эхнэрийнхээ хийсэн хэргийг мэдэхгүй өнгөрөх боломж маш бага тул түүний хэрэг үнэн байх өндөр магадлалтай байна.

Цагаан сараас өмнө зээлгүй ахмадууд 3 сая төгрөг олгохыг шаардав

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай зөвлөмжийг УИХ-ын чуулаганаар дэмжин “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Тэгвэл тэтгэврийн зээлгүй ахмадууд өөрсдийн санаачилгаар тэтгэврийн зээлгүй иргэдийн түр хороо байгуулан, байгалийн баялагийг тэгш бус хуваарилан, ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлын үеэр ахмадууд Монгол улсын ерөнхийлөгчид санал хүргүүлснээ мэдэгдэн, уг саналд тэтгэврийн зээлгүй иргэдэд цагаан сараас өмнө 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаарджээ. Дашрамд,тэтгэврийн зээл аваагүй 200 мянган иргэдээс 20 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд байна гэх судалгааг түр хорооноос хийсэн байна.

Ч.Сайханбилэгийн хэвлэлийн хурал болох эсэх нь эргэлзээтэй

Дубайн гэрээний хэрэгт буруутгагдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “удахгүй монголдоо очиж хэвлэлийн бага хурал хийнэ” гэх мэдээлэл баттай эсэх нь эргэлзээтэй  байна. Энэ мэдэгдлийг “Чимэдийн Сайханбилэг” нэртэй фэйсбүүк хуудсанд нийтэлсэн юмГэвч энэхүү хуудас нь 500 хүрэхгүй дагагчтай бөгөөд саяхан нээсэн шинэ хуудас гэдэг нь маш бага мэдээлэлтэй, сүүлийн үед л идэвхтэй ашигласнаас нь харагдаж байна. Ч.Сайханбилэгийн албан ёсоор ашиглаж байсан өөр фэйсбүүк хуудас бий.  10 мянга орчим дагагчтай Saikhanbileg Chimed хуудсыг тэрээр ерөнхий сайд байхдаа албан ёсоор ашиглаж байсан бөгөөд 2016 оноос хойш ямар ч мэдээлэл нийтлээгүй байна.Ч.Сайханбилэгийн гэх албан бус хуудсанд нийтлэсэн өөрөө ирж хэвлэлийн хурал хийнэ гэх мэдээлэл нь үндэслэл багатай юм. Хэрвээ экс ерөнхий сайд ийм мэдээлэл түгээх байсан бол өөрийнхөө олон дагагчтай, өмнө нь ашигладаг байсан хуудсаараа дамжуулах нь ойлгомжтой. Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ сарын 11-ны өдөр эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлсэнТодруулбал Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад эрх олгосон байж болзошгүй хэмээн үзэж авлигатай тэмцэх газар, эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юмТэрбээр шалгагдаж байх үедээ гадаад руу эмчилгээгээр явна гээд амалсан хугацаандаа ирэлгүй оргон зайлсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн юм. 

 

УИХ-ын Сонгуулийн хуулийн тухай

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл ажил болон сонгуулийн хуулөөрчлөлт орсон заалтуудын тухай хэвлэлийн хурал хийсэн. Энэ удаагийн сонгуулийн хуулийг гаргахдаа 1992, 2005,  2011, 2015 оны хуулиудыг харьцуулж зөрчилтэй зүйлүүдийг нь арилгаж, сайн талуудыг нь үлдээсэн.Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг албаны хүмүүс онцолсон юм. Өмнөх онуудад сонгуулийн тухай хууль нэг байсныг энэ удаагийн ажлын хэсэг  3 тусдаа хууль болгож бэлдсэн. 2020 оны УИХ-сонгуулийн тухай хууль 11 бүлэг 81 зүйлтэй. Сонгуулийн хууль зөрчих эсэхэд цагдаа, тагнуулын алба, татварын газар зэрэг  нийт 7 байгууллага хяналт тавьна.нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ гэвэл УИХ 2 сарын нэгний өмнө сонгуулийн өдрийг товлон зарлаж санал авах өдрийг тогтоон, тойргийг байгуулан мандатыг хуваарилах ёстой байна.

Онцлох заалтууд

  • Сонгогчдын нэрсийн жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна. 
  • 2 сарын нэгнээс улсын хэмжээнд иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно.
  • Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа иргэдийн саналыг авахгүй. 
  • Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон. 
  • Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд гурван хэлбэрээр явуулж болно. Нэгт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.
  • Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон. 
  • Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.  
  • Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
  • Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно. 
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. 
  • Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн. 
  • Саналын хуудас нэг ширхэг байна. 
  • Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно. 
  • Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ. 
  • Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнө нь нам, эвслүүдэд нэг удаа өгдөг байсан. Энэ жил сонгогчийн овог нэр, регистрийн дугаар, албан ёсны хаягийг цахимаар нэг удаа олгохоор хуульд тусгасан. Нэрсийн жагсаалтыг хувилж тараавал Зөрчлийн хуулиар шийтгэнэ. 
  • Сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн аливаа этгээд нийтийг хамарсан уралдаан тэмцээн,  баяр наадам, хүлээн авалт зохион байгуулах, мөнгө, эд бараа тараах, гадаадад аялуулах зэргийг хуулиар хориглосон.  Харин одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүдийн хувьд тайлан тавих ажил нээлттэй. Харин сурталчилгаа явуулахыг хориглоно. Зөрчлийн тухай хуулиар хорин сая төгрөг, хуулийн этгээдийг хоёр зуун сая төгрөгөөр торгох зохицуулалттай.
  • Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болно.  
  • Сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө сурталчилгааг хаасан байх ёстой. Цахим орчинд ч сонгуулийн сурталчилгааг зогсооно. Сурталчилгааг хаагаагүй бол технологийн хүчээр хаах зохицуулалттай.
  • Хуулиар нам, эвсэл нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоох ёстой. Мөн нам, эвсэл бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт гаргана. Нам эвслийн хандивын тайланг баталгаажуулна. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор нам, эвслүүд тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ.
  • Олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг, хуурамч мэдээ гарвал хуулийн байгууллагад шалгуулж үндэслэлтэй гэж үзвэл арга хэмжээ авч устгаж тухайн хаягийг түр хугацаагаар хаана.Энэ тал дээр фэйсбүүк компанитай хамтран ажиллана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

 

 

 

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын дэд станцын хүчин чадлыг нэмлээ
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын дэд станцын хүчин чадлыг нэмлээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.