Өнгөрөгч өдрүүдэд зарим байнгын хороодын хуралдаан ширүүхэн болж, засагт хамтарсан намуудын гишүүд "Танай, манай"-гаараа дуудалцаж, энэ хаврын улс төрийн "нанчилдаан"-ыг нээв. Тэдний дунд "хэрүүлийн алим" дэгдээсэн зүйл нь Засгийн газар тайлан ба түүнд хийсэн дүгнэлтүүд. Эл тайланг байнгын хороодоор хэлэлцэх үед Ардчилсан намын төлөөллүүд эрх баригчид өөрсдөөр нь бамбай хийж байна хэмээн шүүмжлээд амжив. Тэгвэл гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд авсан Засгийн газрын хагас жилийн тайланд хийсэн хяналт шинжилгээнээс анхаарал татсан зарим агуулгыг хүргэж байна.
-ХАМТАРСАН ЗГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ 2024 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ 34 ХУВЬ ГЭЖ ДҮГНЭГДЭВ-
Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж буй хамтарсан Засгийн газар байгуулагдаад үндсэндээ найман сарын хугацаа өнгөрсөн байна. Харин 2024 оны сүүлийн хагас жилд эл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 34 ХУВЬ хэмээн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дүгнэжээ. Ийнхүү дүгнэхэд үндсэн дөрвөн бодлогын 16 чиглэлийн 620 зорилтын хэрэгжилтийг дундажлан авч үзсэн аж.
-ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО ХАМГИЙН ӨНДӨР ХУВИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ гэв-
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 34 хувь байгаагаас хамгийн өндөр хувиар хэрэгжсэн бодлогыг Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого хэмээн дүгнэсэн байна. Тодруулбал,
- Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого - 40.6 хувь
- Хүний хөгжлийн бодлого - 36.4 хувь
- Эдийн засгийн бодлого - 34 хувь
- Бүсчилсэн хөгжлийн бодлого 25.2 хувьтай үнэлэгджээ.
Түүнчлэн ЗГ-ын тус үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 620 дэд зорилтоос 3 буюу 0.5 хувь нь үр дүн гарсан, 43 буюу 11.8 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 241 буюу 38.9 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай байгаа бол 104 буюу 16.4 хувь нь үр дүнгүй байна.
-ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЧИГЛЭСЭН ЗОРИЛТУУД 48.3 ХУВИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ гэв-
Тэгвэл хамгийн өндөр хувьтай хэрэгжсэн гэх хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэдэгт ямар үндсэн чиглэлүүдийг "шалгуур" болгон авч үзсэнийг харья. Үүнд:
- Хүний эрх, эрх чөлөө
- Авлигагүй засаглал
- Цахим засаглал, төрийн бүтээмжийн дахин инженерчлэл
- Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба амар тайван нийгэм гэх үндсэн дөрвөн чиглэлд хамаатах 164 зорилтыг дэвшүүлэн ажилласан гэжээ. Харин эдгээрээс хамгийн өндөр хэрэгжилттэй нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зорилтууд гэжээ. Тодруулбал, эл чиглэлийн хүрээнд 33 үндсэн зорилтыг тавьсан бөгөөд түүний хэрэгжилт нь 48.2 ХУВЬ гэжээ.
Харин авлигагүй засаглалын чиглэлд тавьсан 39 зорилтын хэрэгжилт 30.6 ХУВЬТАЙ ҮНЭЛЭГДЖЭЭ.
-УИХ-ын ТАМГЫН ГАЗАР: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 25.3 ХУВЬ хэмээн БУУРУУЛЖ ДҮГНЭЖЭЭ-
Харин эл тайланд УИХ-ын Тамгын газар дахин дүн шинжилгээ хийсэн бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 34.0 хувь гэж үнэлж ирүүлсэн үнэлгээг 25.3 хувь буюу “хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнгүй” гэж хэмээн үнэлсэн байх аж. Ингэхдээ 431 зорилтоос 22.2 хувь буюу 138 зорилтын хэрэгжилт хангалтгүй байсан тул үнэлгээг бууруулан үнэлсэн гэжээ. Үүнийг бодлого тус бүрээр авч үзвэл:
- Бүсчилсэн хөгжлийн бодлогын 92 зорилтын 7 зорилт буюу 7.6 хувь
- Хүний хөгжлийн бодлогын 152 зорилтын 34 зорилт буюу 22.4 хувь
- Эдийн засгийн бодлогын 222 зорилтын 48 зорилт буюу 21.6 хувь
- Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын 154 зорилтын 49 зорилт буюу 31.8 хувийг тус тус эзэлж байна
-УИХ-ын ТАМГЫН ГАЗАР: Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх зэрэг хуулийн төслийг өргөн мэдүүлснээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлсэн гэж ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ-
Олон нийтийн анхаарлыг татаад байсан "Авлигагүй засаглал" чиглэлийн хүрээнд нийт 18 зорилтын хэрэгжилт 0 хувьтай, 8 зорилтын хэрэгжилт 30 хувьтай буюу “үр дүнгүй” хэмээн үнэлжээ. Тухайлбал, “Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, Түр хураасан, хураан авсан, царцаасан хөрөнгийг эрхлэн удирдах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх статистик мэдээллээс харахад 2020 оноос хойш авлигын гэмт хэргийн тоо тасралтгүй өссөн үзүүлэлттэй тул үнэлгээг бууруулж 50 хувиар үнэлсэн гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!