“Лхагвын тойм” нэвтрүүлэг хоёр дахь удаагаа онлайнаар зочинтойгоо ярилцлаа. Энэ удаа “Ноорог медиа”-гийн үүсгэн байгуулагч О.Уламсайхантай цаг үеийн асуудлаар ярилцав.
-О.Уламсайхан өөрийнхөө тухай эхлээд танилцуулаач. Хэзээнээс контент бүтээдэг салбарт орж ирсэн бэ?
-Би их сургууль төгсөөгүй. 2017 МУИС-д нийгмийн ухаан, улс төр чиглэлээр сурч байгаад, сургуулиа орхисон. Түүнээс хойш технологийн компанид маркетингийн чиглэлээр ажилласан. Технологийн 5-6 томоохон компанид маркетингийн чиглэлээр ажилласан. Дандаа бүтээгдэхүүн сурталчлах ажил хийдэг байсан. Ер нь мэргэжил бол маркетинг гэсэн үг. Тэгж яваад “Ноорог”-ийг 2022 оны зургаадугаар сард нэг найзтайгаа үүсгэн байгуулсан.
-Үүсгэн байгуулсан шалтгаан нь юу юм бэ?
-Монгол 3 сая хүнтэй, маш том газар нутагтай ч хүн ам аягүй цөөхөн. Энэ оронд маш олон инфлүүнсер байна гэж харж байсан. “Энэ олон инфлүүнсер дунд хүмүүсийн амьдралд бодит нөлөө үзүүлдэг хүн маш цөөхөн байна. Бодит нөлөө үзүүлж байгаа хүмүүсийг нь танихгүй байна” гэдгийг анх анзаарсан. “Ноорог” гэдэг чинь хүмүүсийн түүх танилцуулдаг контент компани байлаа. Нийгмийн чухал чухал сэдэв дээр бидний илэрхийлэх гэж байгаа өнцгийг илэрхийлж байгаа газар байгаагүй. Ингээд хэлчихвэл гэдэг санаа бидэнд байгаад байсан болохоор нийгэм, улс төр, эдийн засаг зэрэг бусад сэдэв рүү орж байсан. Түүнээс ихэнх хүн “Ноорог”-ийг хүмүүсийн түүх танилцуулдаг гэдгээр мэдэж байгаа. Монгол Улсад байдаг бүхий л төрийн бус байгууллага, хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчирдаг, хүүхэд хамгаалал, хүний эрх, эмэгтэйчүүд зэрэг бүх л хэрэгтэй зүйлийг хийдэг ах, эгч нар манай контентод зөндөө л орж байсан. Тэр зарчмаар л анх эхэлж байсан. Яг нийгэмд хэрэгтэй юм хийдэг хүмүүсийг олонд таниулъя гэсэн зорилгоор.
-“Ноорог креатив студио” ХХК өнгөрсөн хугацаанд цөөнгүй контент хийсэн гэдгийг мэдэж байна. Өчигдөр бас нэг тодорхой асуудал дээр олон нийтийг гайхшируулсан, хэвлэл мэдээллийн салбарт дохио өгсөн зүйлс боллоо гэж би хувьдаа хараад байна. Өнөөдөр надад О.Уламсайхантай ярилцах гурван үндсэн зорилго байна. Нэгдүгээрт, ямар асуудлуудад шалгагдаад, юунаас болоод О.Уламсайхантай холбоотой асуудал өндрийг авчхав аа?Хоёрдугаарт, чиний харж байгаагаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж Монголд ямар байна вэ?Гуравдугаарт, genZ гэж нэрлэгддэг үеийн төлөөлөл, ер нь Монголын улс төр, сэтгүүл зүй, цаашлаад нийгмийг юу гэж харж байгаа юм бэ? Хамгийн эхнийх нь, хэзээ юунаас болоод энэ шалгалт эхэлсэн юм бэ?
-12-р сарын 30-ны өдөр бид оффис дээрээ бөөнөөрөө байж таарсан. Орой нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас залгаад “Яг одоо хаана байна”. Ирж мэдүүлэг өг гээгүй шүү. “Хаана байгаа газраас чинь очиж авна. Уулзах хэрэгтэй байна” гэж ярьсан.
Шинэ жил дөхөөд, “Гэртээ ганцаараа”-тай холбоотой мийм гарсан, тэр залуу ганцаараа “мийм” пэиж ажиллуулдаг байсан. Тэр залуу миймээ цацсаны дараа шууд пэижээ устгасан үе. Цагдаа дээр дуудаж уулзаад, пэижийг нь устгуулчихсан.
Тэгэнгүүт араас нь бид “Утаан дээр тэдэнд шийдэл байсангүй ээ” гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга гурвын зурагтай ковер зургийг тусад нь постолсон чинь 300-400 мянган хүн үзээд, 5-6 мянган лаик авсан. Тэрэнтэй холбоотойгоор тухайн үед дуудахаар нь буцаагаад өмгөөлөгчөөр яриулсан. Тэр өмгөөлөгч ямар учиртай вэ гэхээр “Тэр залуугийнх шиг кэйс дээр манай хуулийн фирм үнэгүй өмгөөлнө” гээд хэвлэн нийтлэх эрх чөлөө талаас нь хандсан. Тэр хүнийг би мэдэж байсан болохоор шууд холбогдоод, яриулсан чинь “За за, маргааш уулзъя” гэсэн. Маргааш нь буюу 12-р сарын 31-нд ажлын цагаар уулзахаар болсон. Ингээд очоод уулзсан чинь гомдлын хуудас, нэмээд хавсралт дээр нь манай хийсэн мийм байсан. Тэгээд “Бид устга гэж хэлэхгүй. Ингээд өнгөрөөчихье. Угаасаа хэрэг бүртгэл үүсэхгүй” гээд орхичихсон.
Тэгээд уржигдар юу болсон бэ гэхээр биднийг 8-9 цагийн үед PC-д тоглож байхад, энгийн хувцастай цагдаагийн 5-6 ажилтан орж ирээд, биднийг авч гарсан. Хамгийн гол нь бидний утсыг хурааж аваад, өмгөөлөгчтэй холбогдох хүсэлтийг зөвшөөрөөгүй. “Очиж байгаад холбогдоно” гэсэн. Очсоны дараа нэг удаа өмгөөлөгчтэй холбож өгсөн. Тэрнээс хойшоо дахиж өмгөөлөгчтэйгөө холбогдож чадаагүй. Ингээд бид өмгөөлөгчгүй, шөнийн турш манай байгууллагын 7-8 хүн байцаалт, мэдүүлэг, үзлэг гэх мэтчилэн тойроод яваад байсан. Гэхдээ бидэнтэй 5-10 минут л үг сольсон. Бусад хугацаанд нь биднийг хаа нэг газар суулгаад л, өрөөнөөс өрөө рүү шилжүүлээд л байгаад байсан. Би тухайн үед дуугүй байгаагүй. Цагдаа нарт нь “Та нар ямар залхаан цээрлүүлж байгаа биш дээ. Юмаа асуугаад, асуух зүйл байхгүй бол бид өмгөөлөгчгүй мэдүүлэг, тайлбар өгөхгүй, үзлэг хийлгэхгүй гэсэн. Жишээлбэл: Өмгөөлөгчгүй байхад зарим файлд намайг байхгүйд үзлэг хийсэн.
-Цахим тоглоомын газарт байхад чинь мэдүүлэг авна гээд авч явсан байна. Тэгэхдээ ямар шалтгаанаар гэдгээ тодорхой тайлбарлаж хэлсэн үү. Тухайн үйл явц ямархуу процесстой өрнөсөн бэ. Хүний эрх зөрчсөн үү?
-Хүний эрхийн зөрчил талаасаа сүүлд хуулийн тайлбаруудыг нь сонсоод эхлэхээр зөндөө л юм харагдсан. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа байсан. Мөн прокурорын зөвшөөрөлгүй хэрнээ үзлэг, мэдүүлэг, байцаалт авсан байсан. Нэг байгууллагын бүх ажилтныг, дээр нь нэмээд тухайн үйл ажиллагаа явуулах, хэвлэн нийтлэхтэй холбоотой бүх файл, тоног төхөөрөмж, ажлын хэрэгслийг нэг шөнийн дотор, ажлын бус цагаар хурааж аваад, одоо болтол өгөхгүй байгаа. Биднээс байцаалт, мэдүүлэг авч байгаа хэр нь “Энэ нь огтоосоо хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, бүтээл туурвилтай хамаагүй” гэж хээв нэг хэлээд байгаа нь хамгийн их бухимдуулж байгаа. Тэр бол хүний эрхийн хамгийн том зөрчил нь байх.
Дараагийнх нь, залхаан цээрлүүлж байгаа юм шиг байсан. Нэг газраас нөгөө газар луу зүгээр байлгаад, суулгаад л, юу ч ярихгүй, хооронд нь юм яриулахгүй. Энэ бол тухайн нөхцөлд намайг үнэхээр их бухимдуулсан. Манай ажлынхныг ч бухимдуулах нэг шалтгаан болсон.
-Өнгөрсөн хугацаанд чиний хийж байгаа нэвтрүүлэгтэй холбоотой байх гэдэг зүйл сошиал дээр маш их яригдлаа. Та хэдэд цагдаагаас гарч ирсний дараа “Ийм материалуудыг чинь бид ингэж авсан. Түүнийгээ тулгасан эсвэл тэрийгээ төдийд буцааж өгнө” гэж хэлээгүй байгаа юу?
-Хэлээгүй байгаа. Өнөөдөр манай өмгөөлөгч нар тэрийг авах хүсэлт өгч байх шиг байна. Ер нь энд нэг “Ноорог” гээд байгууллага байна. Өмчлөгч нь жишээлбэл дийлэнх хувьтай нь би байна. Тухайн өмчлөгчийн өмчийг хурааж авч байж, тэр хүний ямар ямар бичгийг нь хэн гэдэг хүн хаана, ямар зорилгоор, ямар үндэслэлээр авав гэдгээ танилцуулаагүй. Тэр тэмдэглэлийг өнөөдрийг хүртэл би хараагүй. Сая юмаа буцааж авах хүсэлтээ өгөхдөө бид цагдаагийн байгууллагын үзүүлсэн тэмдэглэлээс биш, өөрсдийнхөө санаж байгаа зүйлсийнхээ бүртгэлийг явуулсан.
-“Манайд ийм юм байсан. Энэ хаачсан билээ” гэж байна гэсэн үг юм байна шүү дээ.
-Тийм. Тэгэхээр бид бүрэн файлаа буцаан хүлээж авах баталгаа байхгүй. Хоёрдугаарт, та “Яаж баригдсан. Яаж барьсан. Яагаад та хэдийг дуудах болсон үндэслэлийг хэлсэн үү” гэж асууж байна. PC дотор хэлээгүй. Манай 8 хүнийг үүрийн 5 цаг хүртэл байцаахдаа хэлээгүй. Хэний гомдлоор, ямар учиртай вэ гэдгээ хэлээгүй. Хамгийн төгсгөлд нь “Танай 3 гишүүнийг Эрүүгийн хуулийн 19.9.1-ээр баривчлах хүсэлт прокурорт өгч байна” гэхэд л хамгийн эхний 19.9.1 гэдэг юм гарч ирж байгаа байхгүй юу.
–Танай 3 хүнд энийгээ хэлсэн юм уу? Өчигдөр цагдаагийн байгууллагын мэдээлэл дээр ийм зүйл ангиар шалгаагүй гээд байсан.
-Надад байгаа баримт. Жишээлбэл: Над дээр ажиллаж байсан мөрдөгчийн утсаар би өмгөөлөгч рүүгээ мэссэж бичсэн юм. Миний утсыг өгөхгүй байсан болохоор өөрийнх нь утсаар өмгөөлөгчөөсөө асуусан. 19.9.1 гэдэг заалтаар биднийг баривчлах хүсэлт илгээх гэж байгаагаа уншиж танилцуулсан. Бид нарт танилцуулж байхдаа компьютерынхоо дэлгэцийг эргүүлж байгаад, 19.9.1 дээр зааж байгаад, би тэрийг нь нөгөө хоёртоо уншиж танилцуулсан. Тэгээд өөрсдийнхөө ярьсан юмыг үгүйсгээд, муухайгаар хэлж байна. Орон гаран гэж хэлдэг шүү дээ. Тийм л байдалтай байна. Яг үнэндээ. Миний харж байгаагаар ерөөсөө 19.9.1 гэдэг зүйл байхгүй гэх мэтээр.
-Наад заалт чинь нэлээн хүнд заалтын нэг л дээ. Үндэсний эв нэгдлийг хагалган бутаргахтай холбоотой. Та хэд чинь долуулаа шалгагдсан байсан. Хоёроос дээшээ болбол бүлэг болно. Бүлэг болбол зүйл анги хүндэрнэ. Энэ зүйл заалтаар шалгагдах яг юу хийчихсэн юм бэ, та хэд?
-Би энэ зүйл заалтыг надад хэлэхэд нь инээсэн. Яг үнэнийг хэлэхэд мөрдөгчийнх нь хажууд инээсэн. Надад утгагүй санагдсан. Нэгдүгээрт, утгагүй. Хоёрдугаарт, хөгжилтэй санагдсан. Бид үндэсний эв нэгдлийг бутаргах яг юу хийв. Хийсэн байх вий гэж хайгаад, бодоод, магадгүй зүүдэлсэн зүүдээ ухаад ч юм олохгүй. Ингэж мэдэн будилахыг нь мэдэж байсан учраас би тухайн үедээ л мөрдөгчийнх нь хажууд инээсэн. Намайг инээхэд “Яагаад инээгээд байгаа юм. Энэ тоглоом биш” гээд айлгах гэж үзэж л байна лээ. Тийм л юм болсон.
-Хэн гомдол гаргасан юм бэ. Гомдол гаргасан хүн нь тролл байсан гээд чи хэлчихсэн. Хэнд нь итгэх юм бэ? Яг юу болчхов оо гээд гайхаад л байж байна л даа.
-Гомдол гаргасан хүн нь тролл байсан гэдгийг мэдэж байгаа хүн зөвхөн би биш. Тэд манайхаас 1 ч төгрөг аваагүй хэр нь манайхыг өмгөөлж байгаа 4 өмгөөлөгч, нэмээд манай байгууллагын бараг бүх ажилтан тэнд суугаад, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн өндөр албан тушаалтай хүнээс гомдлынх нь талаар тайлбар сонсож байхдаа сонссон нэр, “Тогосоо Тижи” гэдэг. Энэ нэр бол дараа нь баримт шалгах газруудын мэдээлж байгаагаар манай эсрэг, зохиомлоор худал мэдээлэл тараасан 23 сайтын 1-нийх нь мэдээг тогтмол түгээдэг нэгэнтэй хамааралтай аккаунт байсан. Тэр нь тодорхой болсон.
Хэнд нь итгэх вэ гэхээр баримттайд нь итгэх ёстой. Ийм үед хэн юу гэж байгаа нь, хэн илүү олон сувагтай, эсвэл хэн нь өндөр албан тушаалтай, хэн нь сайд вэ гэдэг нь чухал биш. Хэн баримттайд нь итгэх ёстой. Миний хувьд бол бүх юмаа баримттай ярьж байгаа. Ер нь “Ноорог” баримтгүй бичлэг хийж үзээгүй. Баримтгүй байх юм бол тэрний оронд хийгээгүй нь дээр гэж шийдэхийг хичээдэг.
-Тэгэлгүй яах вэ. Баримт бол сэтгүүл зүйн хамгийн үнэт гол зүйл. Эргээд асуудалд орохгүй байх, бодитой мэдээлэл түгээх хамгийн чухал зүйл. Тийм учраас би чамд хүсэлт тавиад, ярилцлага хийж байгаа гол зорилго маань ямар компанитай холбоотой эсвэл О.Уламсайхан гэдэг хүн хувийн ямар асуудалтай вэ гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь сэтгүүл зүйн чиглэлээр, сэтгүүл зүйн нэг хэсэг болсон байгууллага, залуус дээр ийм үйл ажиллагаа явж байгаа нь хүний эрхийн зөрчил мөн үү? Хоёрт, бид чинь хэвлэлийн эрх чөлөөгөөр хагас эрх чөлөөтэй улс шүү дээ. Үүнийгээ алдаад хэцүү байдалд орчих вий дээ. Ямар нэг зөрчлийг дуугүй хараад, толгойг нь илээд өнгөрөх юм бол өнөөдөр О.Уламсайхан, маргааш өөр нэг сэтгүүлч, нөгөөдөр дахиад дараагийн хэвлэл үүнд өртөх аюултай. Зөвхөн хэвлэл аюулд орлоо гэдгээс илүүтэйгээр хэвлэлийн эрх чөлөө, монголчуудын мэдэх эрх, дээрээс нь бидний хамгийн хайрлах ёстой ардчилал, Үндсэн хууль гээд олон зүйл зөрчигдөх учраас би ярилцлага хийх санал тавьсан юм шүү.
-Чамайг шалгагдаж эхэлснээс хойш MCS-тэй холбоотой гэдэг мэдээлэл шууд явсан. Чи MCS-тэй ямар холбоотой юм? Танай компанийн хувьцаа эзэмшигч нь MCS-ийн хүн юм уу, MCS байгуулаад өгчихсөн юм уу. MCS-ийн тролл юм уу даа бараг.
-Харин тийм юм байна лээ. Манай нэг найз “Монголчууд тролл гэдэг үгийг ойлгохгүй байх шиг байна” гэж өнөө өглөөхөн надад хэлж байна. “Чамайг тролл гээд юм яваад байх юм” гээд. Тэр хүмүүсийн хувьд тролл гэдэг чинь шал өөр ойлголт шүү дээ. Бидний тролл гэж ашиглаж байгаа юм, тэр мэдээ түгээж байгаа хүмүүсийнхээр бол тэрэнтэй холбоотой. Эсвэл тэрийг дэмжигч юм уу. Яг ямар хүнийг тролл гэж ойлгоод байгааг нь ойлгохгүй байна.
Хоёрдугаарт, MCS гэдэг компанийг мэдэх өөрийнхөө бүх холбоог хэлэхэд, манай байгууллагын өмчлөлөөс эхэлье. Шинэчлэгдээгүй байсан улсын бүртгэл дээрх датаг скрийншот хийгээд, байгууллагын мэдээллийг тавиад байгаа байхгүй юу. Тэнд 3 өмчлөгч байгаа. О.Уламсайхан, Хатансайхан. Хатансайхан нь манай найз. “Ноорог”-ийн бүх өнгө дүрс, зураг будаг, тэр бүх юмыг нь, гүйцэтгэлийн багийг ахалж ажилладаг. Би агуулга, медиа багаа ахалж ажилладаг. Ийм хоёр багтай, жижигхэн компани. Нөгөө талд нь манай анхны хөрөнгө оруулагч байгаа. Тэр хүн MCS компанитай ямар ч хамаа байхгүй. Бидний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг маш сайн хүндэлдэг. Анх бидэнд хөрөнгө оруулснас хойш бидэнд ямар ч байдлаар нөлөөлөөгүй хүн. Одоогийн өмчлөлөөр бол Хатансайхан, О.Уламсайхан гэдэг хоёр хүн л өмчлөгч.
-Анхны хөрөнгө оруулагч чинь гараад явчихсан гэсэн үг үү?
-Тийм. Гараад явчихсан. Одоо ямар ч хамааралгүй. О.Уламсайхан, Хатансайхан гэдэг хүний л компани. Хамгийн сүүлд 2022 онд “Playtime” наадам дээр нэг компанийн, MCS-ийн биш компанийн маркетинг дээр ажиллаж байхдаа л бараг анх удаагаа хамгаалалтын компани гэж сонсож байсан. Тэр нэр л ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би одоо хамгаалагч хийж байсан юм уу, Хатанаа хамгаалагч хийж байсан юм уу эсхүл бид MR-т яачихсан юм. Тэр үлгэрийг би ерөөсөө гайхаад олохгүй байгаа. МRMR-тай яачихсан ч юм, MCS-тэй яасан ч юм, өмчлөлийн хувьд. Нэгдүгээрт тийм.
Хоёрдугаарт, манайх чинь бас гүйцэтгэлийн үйлчилгээ хийдэг. Тэдний түгээх гэж байгаа агуулгад оролцохгүйгээр, тэр хүмүүс хүссэнээ хийнэ. Монголын ямар ч студи, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилладаг зарчмаар бид MCS-ийн бизнесүүдтэй гэрээ хийж ажиллаж байсан тохиолдол байгаа. Түүнд улс төрийн агуулгатай ямар ч контент байхгүй. Зөвхөн MCS ч гэлтгүй, Монголын өөр ямар ч компаниас бид улс төрийн агуулга түгээхийн тулд мөнгө авч үзээгүй. Ер нь хэн нэгэн улстөрчийг сурталчлах, харлуулахын тулд улс төрийн өндөр албан тушаалтай хүн манайд мөнгө өгөөд, “Энэ хүнийг гүтгээд өгөөч ээ. Эсхүл ах нь одоо гоё харагдмаар байна. Ахыгаа энэ дугаартаа оруулаад өгөөч ээ” гэвэл манай хариулт үргэлж “Үгүй” байсаар ирсэн.
-“Newera вэнчис” бил үү дээ. Нэг компанийн нэр бас гаргаж ирсэн. Энэ компанийг ер нь мэдэх юм уу. Яагаад энэ нэр гарч ирээд байгаа юм бэ?
-Манай анхны хөрөнгө оруулагч. Тэр хүний компани MCS-тэй хамаа байхгүй.
–9 тэрбум төгрөг тэр дансаар нь ороод, гарсан байна гэх юм. Тэр яг ямар учиртай вэ? Энэ бол О.Алтангэрэл сайдын хэлсэн үг. Тэгэхээр үүнд маш нухацтай хариулт өгнө байх гэж харж байгаа шүү.
-Би хэлж байгаа үг болгоноо хоёр удаа биш, гурван удаа бодож хэлж байгаа. Би 9.3 тэрбум гэдэг дүнг дансандаа харах нь байтугай ер нь ийм дүнтэй том компанийн төлөвлөгөө ч үзээгүй. Өөрийнхөө нүдээр. Энэ л хангалттай байх. Ер нь онлайн мөрийтэй тоглоом зохион байгуулах нь байтугай хамгийн сүүлд хэзээ покер тоглосноо ч мэдэхгүй байна. Жаахан байхдаа хөдөө чихрийн цаасаар л тоглож байсан байх. “Ноорог критев студи” гэдэг компанийн хувьд хэзээ ч энэ төрлийн үйл ажилгаатай холбогдож үзээгүй. Оролдож ч үзээгүй. Дансаа холбож үзээгүй. Дансаараа тийм мөнгө гаргаж үзээгүй гэдгийг л хэлье. “Ноорог”-ийн үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олсон дүн тэрэнд хүрэх нь байтугай тэрний 1/4-т ч хүрэхгүй шүү дээ.
-Энэ бол маш хариуцлагатай хүн. Дээрээс нь хуулийн байгууллагаас мэдээлэл авч байгаа байх. “Яагаад ингэж хэлж байгаа юм бол” гэж чамд ямар нэгэн бодол төрж байна уу? 9.3 тэрбум гэдэг бол маш их хэмжээний мөнгө.
-Асар их хэмжээний мөнгө. Би 9.3 тэрбум төгрөгтэй байсан бол сая 15-ныхаа цалинг ямар ч асуудалгүй, инээгээд л тавих байсан байх. Эсхүл юу гэдэг юм MCS-ээс их хэмжээний мөнгө авчихдаг байсан бол саяын цалинг эвтэйхэн тавьчих байсан байх. Гэтэл би 3 дугаар сарын 15-ны цалинг 3 дугаар сарын 19 болж байхад тавиагүй л байна. Тэгэхээр логик нь ойлгогдох байх. Хоёрдугаарт, миний саяын хэлсэн үг бүр үнэн. Хуулийн өмнө ямар ч хариуцлага хүлээсэн асуудалгүй гэж бодож байна.
Намайг болоод манай өмгөөлөгчтэй уулзахдаа энэ тоог ярьж байна лээ. Гэхдээ “Танайтай ямар ч хамааралгүй гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ та хэдийг сэжигтнээр ч юм уу, гэрчээр ч юм уу, энэнтэй холбоотойгоор татаж уулзахгүй ээ. Нэг ийм юм байгаа юм байна аа” гэж танилцуулсан. Надтай болоод “Ноорог” гэдэг компанитай ямар ч хамааралгүй өөр юмыг ингээд нэг юм болоод байгаа.
-9.3 тэрбум гэдэг дүнг та хэдийг дуудаж байцаалт, мэдүүлэг авч байхдаа мөрдөгч хэлсэн юм байна. Тийм үү? Гэхдээ танай дээр хамааралгүй юм байна гэж хэлсэн гэсэн үг үү. Тэгээд яагаад өнөөдөр сайд нь гарч ирээд хамааралтай гээд ярьчихаж байгаа юм бэ?
-Би тэрийг мэдэхгүй байна. Би лав энэ хэмжээний мөнгөтэй амьдралдаа холбогдож үзээгүй. Тэгээд л боллоо.
-Хамаарал бүхий этгээд гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Чамайг байцааж, мэдүүлэг авч байхдаа тэрийг хэлсэн үү?
-Уучлаарай. Энэ чинь надтай холбоогүй, “Ноорог”-той холбоогүй асуудал юм чинь хэдүүлээ энийг орхичихъё. Тийм хэмжээний мөнгө, мөн MCS компанийн улс төрийн зорилготой холбоотой мөнгө манайхтай ямар холбоогүй гэдгийг би хэлчихлээ. Тэгээд л боллоо. Үлдсэн асуудлуудын талаар би мэдэхгүй учраас хамаагүй тайлбар өгч болохгүй байх.
-Тэрийг ойлгож байна. Танай хамт олны хийж байгаа сонгуультай холбоотой баримтат кино нэлээн хүлээлттэй байсан. Киноны ажил дуусаад олон нийтэд хүрэхэд бэлэн болсон тухай зарласнаас хэдхэн хоногийн дараа ийм асуудал болчихлоо. Маш олон хүн сонгуультай холбоотой, баримтат кинотой холбоотойгоор ийм асуудал үүсээд байна уу гэж хараад байна.
-Энэ талаарх хариултыг баттай мэдэхгүй байна. Яагаад вэ гэхээр бидэнд танилцуулсан албан ёсны үндэслэл бол амиа хорлолт гэх мэт шал өөр зүйл байсан. Амиа хорлоход, бидний хийсэн контент хүргээд байгаа ч юм шиг. Сонгуультай холбоотой контент хийчихээр хэн амиа хорлох гээд байгаа юм, мэдэхгүй. Тэгэхээр би энэ асуултад “Магадгүй” л гэж хэлнэ. Мэдэхгүй байгаа учраас. Хоёрдугаарт, Монголын үндэсний телевизэд ажиллаж байсан Пүрэвбат ахын ярилцлага дээр бид баримтат киногоо 6-р сард цацна гээд хэлчихсэн. Би чинь ам султай юм болохоор бөмбөг тэсэлнэ гээд төгсгөлд нь хэлчихсэн. Тэрнээс 3 хоногийн дараа энэ хойшлуулшгүй ажиллагаа тохиолдсон. Надад одоогоор ийм л мэдээлэл байна.
-Энэ киног хийх санаа, зорилго нь анх яаж төрсөн бэ. Яагаад ийм кино хийх болов?
-Энэ санаа надаас гараагүй. Манайд ажиллаж байгаа О.Пагма гэдэг охины санаа. Энэ хүн санааг нь гаргаад, ноорог цаасан дээр буулгаж, олон нийтийн дэмжлэг аваад, санаачилснаас эхлүүлээд өдий хүртэл маш олон хүний хөдөлмөр орсон. Биднийг баривчлагдаж, байцаагдаж байх үед өмөөрч пост, текст бичсэн хүн болгоны хүч хөдөлмөр байгаа. Тэгэхээр энэ кино бидний гэлтгүй маш олон хүний сэтгэлд үлдэх байх аа.
-Энэ киног хийхэд маш их хөдөлмөр, хүн, хүч зарцуулсан гэж чи сая хэллээ. Санхүүжилтийн хувьд MCS-ээс авсан юм уу? Нийт хэдэн төгрөг зарцуулж, энэ кино бүтэв ээ?
-Би нарийн дүнг нь харж байж хэлэх байх. Барагцаагаар 80 орчим сая төгрөг зарцуулсан.
-Энэ мөнгөө яаж олсон бэ?
-80 орчим сая төгрөг бол “Ноорог” 2 сарын хугацаанд олох их хэмжээний мөнгө. Зарим 2 сард бол ийм хэмжээний мөнгө олохгүй. Манайх тийм л жижигхэн агентлаг. Бүх данс, тооцоог нь бараг дэлгээд байгаа юм биш үү. Манай санхүүжилт, дансны мэдээлэл вэб саит дээр ил байгаа. Манайхтай хамтарч ажилласан, вэб саитыг маань үнэгүй хийж өгсөн технологийн компанийн ачаар онлайнаар цуглуулсан.
Сонгуулийн үеэр манай баг 3 бил үү 4 бичлэг хийсэн байдаг. Гэтэл том агентлагууд долоо хоногт 250 пост хийдэг шүү дээ. Гэтэл “Ноорог” гэдэг жижиг компани хажуугаар нь баримтат кино хийж байсан учраас 3, 4 бичлэг л хийсэн. Тэрнээс өмнө бид MCS-ийг шүүмжлээд юм хийж л байсан. АН, МАН хоёрыг шүүмжлээд юм хийж л байсан. Тэгэхээр яаж холбох гээд байгааг нь бид мэдэхгүй байна.
Бидний нээлттэй тавьсан дансаар хэн, ямар гүйлгээ хийснийг мэдэхгүй. Гэхдээ их хэмжээний гүйлгээ байхгүй. Онлайнаар 36 сая төгрөг босгохоор тийшээ 9.3 тэрбумыг хийсэн байх боломжгүй шүү дээ. 9.3 тэрбумыг хийсэн бол бид жижигхэн камераар кино хийхгүй шүү дээ. Гаръя гаръя гэх байлгүй дээ, 9.3 тэрбумтай байсан бол. Тийм биз дээ.
Энэ киног хийхэд түрээсэлсэн тоног төхөөрөмжийн зардал 22 сая төгрөг болсон. Бусад зардлыг бид бизнесийн орлогоороо санхүүжүүлсэн. Манайх хувьдаа ганцхан камертай. Би бүр маш дэлгэрэнгүй ярьж байгаа шүү. Итгэвэл тэр л биз, итгэхгүй бол тэр л биз. Ганц камертай. Нэмж 4 камер түрээсэлсэн. Тэр түрээсийн өр хүртэл одоо төлөгдөөгүй байгаа. Тэгээд л бодчих. Олон хамааралгүй зүйлсийг хооронд нь холбож, бидэнд ийм их хэргүүд гаргаж ирж байгаа. Хамгийн гол нь Ардчилсан намаас сонгогдсон, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд амаараа ийм хамааралгүй зүйлсийг холбож яриад, олон нийтэд ийм мэдэгдэл хийж байгааг мэдэхгүй. Эмгэнэлтэй дүр зураг. Одоо тэгээд мань шиг хүчгүй хүн ийм зүйл хийж байгаа нь эрсдэл дагуулах байх.
Одоо жишээ нь манай ээж надад энийг хийхээс жил, хоёр жилийн өмнө “Чи дуугүй бай л даа. Уламаа боль. Яах гээд байгаа юм” гэж хэлээд эхэлсэн. Зүгээр юмаа хийгээд явж байгаа хүний ээж хүртэл айгаад, тэгж хэлдэг болсон байна гэхээр бид яавч аюулгүй, эрх чөлөөтэй нийгэмд амьдрахгүй байна. Бид бүрэн ардчилсан нийгэмд амьдрахгүй байгаа юм болов уу?
-Мэдээж саяны чиний хэлж байгаа зүйл дээр бид анхаарахын тулд, энэ асуудалд дуу хоолойгоо хүргэхийн тулд, дээрээс нь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хаалгаж, боолгодоггүй тийм нийгэмд амьдрахын тулд өнөөдрийн ярилцлагыг хийж байна. Та хэд ч гэсэн уран бүтээлээ хийж байна. Сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд яг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Би ер нь мэднэ л дээ. Ийм чиглэлтэй дүрсүүд, ийм агуулгатай юм орох вий гэдэг нь та хэд монтаж хийж байх хугацаанд харагдаж байгаа. Тийм ноцтой зүйлүүд байгаа юм уу. Яг ямар агуулга гарчхаад байгаа юм бэ?
-Ноцтой юм байхгүй ээ. Аймаар ноцтой, хууль бус юм бичье гээд анх бодсон юм аа. Тэгсэн тэрийг чинь манайх шиг тийм камераар бичдэггүй юм байна лээ. Чааваас. Нууц камераар бичээд, манайхаас илүү мэргэжлийн баг хийдэг юм шиг байгаа юм. Үндсэндээ бид хангалттай баялаг дүрс авч чадсан уу гэвэл авсан. Хангалттай дүрс байгаа. Бүсийн сонгууль яаж явдаг, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлтэй хар машин тээвэрлэх үйл явцыг хүртэл бичсэн. Тэр хэмжээнд бидэнд асар их мэдээлэл байгаа. 6 өөр бүсэд. Хөдөө, хотод, гадаадад сонгууль яаж явдаг юм бэ. Сонгогч нарынх нь боловсрол ямар вэ. Сонгогдож байгаа гишүүдийнх нь боловсрол ямар байна. Намуудын сонгуулийн уулзалт яаж явдаг юм бэ. Ухуулагч нар нь яаж ажилладаг юм бол. Аль ухуулагч нар нь илүү мэдээлэлтэй байдаг вэ. Тэр мэдээлэл ямар замаар олдсон бэ гээд л. Ер нь бидэнд мэдээлэл байгаа. Гэхдээ учиргүй, гэмт хэрэг илчлэх, ямар нэгэн байдлаар хууль, шүүхийн асуудал болохуйц сүртэй дүрс байхгүй. Ямар ч байсан Монголд сонгууль яаж болдог вэ гэдгийг үзээд ойлгох дүрс бол байгаа.
-Шалгаад асуудалд орох үед “Энэ киногоо нэг бодож үзье. Кино цацагдах үед энэ хэсэг дээр ахиад асуудал үүсэх вий” гэсэн айдас төрж байна уу? Энэ бидэнд хамгийн чухал асуудал болох байх гэж би бодож байна.
-Би больё, тэгье ингэе гээд давхар бодолтой болоод ирвэл угаасаа буруудах байх. Хэрвээ тэгэх юм бол биднийг дэмжиж, бидний талд зогссон маш олон байгууллага, хувь хүмүүсийн итгэл алдрах болов уу. Тэгэхдээ би өчигдөр мэдүүлэг өгчхөөд, гарч ирж байхдаа сандарсан л даа. Би амьдралдаа анх удаа өмнө нь харж байгаагүй олон камер харсан. Тэгж сэтгүүлчдийг нэг газар ингэж цуглаж байхыг харж байгаагүй. Гэтэл миний таньдаггүй, хэзээ ч харж байгаагүй саитууд хүртэл тэнд байсан нь ямар органик вэ гэдгийн жишээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн байгууллагууд их сайн ажилласан. Олон улсын сайтууд руу хүртэл нийтлэл бичиж эхэлсэн. Иргэний нийгмийн байгууллагуудын асар их хүч байгаа юм байна. Шулуухан хэлэхэд, Монголын эрүүл массын хүмүүсийн зориг огт мохоогүй гэдгийн илрэл гарч ирсэн гэж харж байгаа.
-Залуу хүний нүдээр харахад манай ардчилал, эрх чөлөө, улс төр чамд яаж харагдаж байна бэ?
-Энд нэг ийм юм байгаа. Барууны үзэл баримтлалтай гэж хэлэнгүүт, баруун, зүүнээ ялгахгүй хүмүүс нь Европ, Америк талын санхүүжилттэй гэж ойлгодог байхгүй юу. Улс төрийн үзэл баримтлалынхаа хувьд барууны үзэл баримтлалтай буюу эрх чөлөөг эрхэмлэдэг гэсэн үг. Тийм хүний зүгээс харахад, Монголын эдийн засгийн эрх чөлөө маш боогдмол. Хэвлэлийн эрх чөлөө маш боогдмол гэдгийг би хувь кейс дээрээ мэдэрч байна. Нөгөө талаасаа дахиад улс төрийн эрх чөлөө, бусад эрх чөлөө маш боогдмол байгааг бид Засгийн газар нь өөрөө УИХ-ынхаа дээр гараад суучихсан байдалтай байгаагаас харж болж байна. Энэ сонгууль болохоос ч өмнө, өөр УИХ-тай байхад нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль ногоон гэрлээр батлагдаж байна. УИХ нь Засгийн газарт хяналт тавих ёстой байгууллага байтал хяналт тавьж чадахгүй байна гэсэн сэтгэгдэл байсан. Бид ч өөрсдөө хийж байсан. Судалгааны үндсэн дээр. Тэгэхээр яг энэ байдал дээр түшиглэж хардаг. Улс төрийн, эдийн засгийн, хэвлэлийн гээд эрх чөлөө маш боогдмол. Одоогийн байдлаар шүү.
Энэ зүйл өөрчлөгдөх үү гэвэл өөрчлөгдөнө, сайжирна. Юм болгон цаг хугацаатай. Юм болгон өөр, өөрийн гэсэн ээлж дараатай. Миний хувь өнцгөөс, миний итгэж явдаг олон судлаачид, энэ чиглэлийн судалгаа хийдэг байгууллагуудын өнцгөөс гэсэн харахад Монгол эрх чөлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ залуу хүн ам ихтэй. Үүнээс гадна залуучууд эрх чөлөөний мэдлэг өндөртэй гэсэн судалгаа бий. Тэгэхээр ирээдүй маш их гэрэлтэй байгаа гэж боддог. Одоо хүмүүс манайх шиг ингэж явж байгаад баригдчихлаа гэнгүүт Монгол хэцүү, сүйрлээ, гадагшаа явъя гэж бодож байж магадгүй гэж айж байгаа. Иймэрхүү хар бараан мэдээ хүмүүсийн итгэл найдварыг мохоодог. Би бол найзуудыгаа, ах эгч нарыгаа, дүү нарыгаа битгий шантраасай, Монголдоо битгий итгэл алдраасай. Монгол эрх чөлөөгүй болчихлоо гэдэгтэй битгий эвлэрээсэй гэж бодож байгаа.
-14 терабайт материал байсан гэж чи ярилцлага дээрээ дурдаж байсан. Тэнд хэдий хэмжээний материал, видео, зураг байгаа вэ гэдгийг нарийн тэмдэглэж байсан уу? Одоо тэндээс шалгагдаад гарч ирсэн материалаас зарим хэсэг нь байхгүй болсон байх вий дээ.
-Манайх том редакц биш учраас энэ тал дээр ажиллаж байгаа хүн хүч маань хомс. Одоо би энийг хэлчихлээр мэдээлэл нь нөгөө талдаа ашигтай ч юм шиг байж магадгүй болох гээд байна л даа. Тэгэхээр бас хэлж чадахгүй. Жижигхэн тэмдэглэл бол байгаа. Ямар агуулгатай дүрсүүд байсан бэ гэдэг бүртгэл бол байгаа. Гэхдээ нарийвчилсан бүртгэл байхгүй учраас энэ дүрс нь устчихаж дээ, энэний хэдэн секунд нь байхгүй байна гэж хэлэх арга байхгүй. 14 терабайт дүрс гэдэг чинь бага дүрс биш шүү дээ.
-Би одоо нэг зүйлийг ойлгохгүй болчхоод байна л даа. Та хэд “Бид хэдийг үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэдэг үндэслэлээр 12-20 жил хорих ялтай зүйл ангиар яллах хэмжээний юм яриад байна” гэсэн. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар нь “Бид тийм юм яриагүй” гэсэн. Тэгснээ та хэдийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гээд ярьчихлаа. Өнөөдөр сайд нь хүртэл цахим мөрийтэй тоглоом ярьж байна. Энэ аль нь үнэн, аль нь худлаа вэ гэдгийг ялгаж мэдэхгүй байна. Цахим мөрийтэй тоглоомыг та нар зохион байгуулдаг юм уу?
-Би одоо ингээд хэлэхлээр цагдаагийн байгууллагад үзэн ядагдах байх. Гэхдээ бүгдийг нь хэлээгүй. Цагдаагийн байгууллага дотор мэргэжлийн ажилладаг, үнэнч шударга, ажлаа маш сайн хийдэг хүн зөндөө байгаа. Монголын иргэд цагдаа, цагдаагийн байгууллагадаа итгэх итгэлээ алдаж болохгүй. Тэгвэл аюулгүй байдал байхгүй болно. Тэр утгаараа бүх цагдаа нарыг гэж байгаа юм биш.
Гэхдээ тухайн үед, тухайн хэрэг дээр надтай ажиллаж байсан цагдаа нар, одоо энэ хэрэг дээр мэдэгдэл хийгээд байгаа хүмүүсийн мэргэжлийн байдлын асуудал гэж харж байгаа. Үнэхээр мэргэжлийн байсан бол биднийг баривчлах үедээ айлгаж, тийм хуулийн заалт танилцуулахгүй байх байсан. Хэрвээ мэргэжлийн байсан бол анхнаасаа “Тогосоо Тижи” гэдэг фэйсбүүк аккаунтын гомдлоор мөрдөхгүй байх байсан. Тэгэхээр мэргэжлийн байдалтай холбоотой олон асуудал байгаа. Энэ мэдээллүүд тэрэнтэй л холбоотой байх.
-Монголын сэтгүүлзүйг чи юу гэж харж дүгнэдэг вэ? Алдаатай, өөрчилмөөр зүйлүүд байна уу. Мөн давуу тал байна уу?
-Би чинь сэтгүүлзүй, сэтгүүлчээр төгссөн хүн биш. Сэтгүүлзүйн чиглэлээр, үйл ажиллагаагаар дагнасан компани удирддаггүй. Олон жил энэ салбарт ажилласан хүн биш болохоор хэвлэл мэдээллийн салбар ийм тийм гэж ярих эрхтэй эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ одоо бидний хийж байгаа төрөл бол тайлбарлах сэтгүүлзүй. Манайхаас өөр олон саит байгаа. Бид хэдийн хувьд зарим нэг асуудал дээр илүү судалгаатай, нягт зүйл хийдэг болбол илүү сайн болох байх гэж бодож байгаа. Хоёрдугаарт, санхүүжилтийн хамаарал гэдэг зүйл хэвлэл мэдээллийн байгууллагуудад байгаа. Санхүүжилтийн хамааралгүй гэж 100 хувь зоригтой хэлэх хэвлэл мэдээллийн байгууллага цөөхөн байх. Тийм цөөхөн байгаа нь ч гэсэн буцаад эдийн засагтайгаа холбоотой. Эдийн засаг нь өөрөө төрөөс өндөр хамааралтай. Эдийн засаг нь төрөөс өндөр хамааралтай учраас санхүүжүүлэгч нар нь ихэвчлэн төрийн хамааралтай хүмүүс байдаг. Тэгэхээр төртэй холбоотой мэдээлэл нь тодорхой цензуртэй явагддаг гэх мэт. Ийм үхлийн тойрог дотор л бид явж байна. Хэн нь ч хэнийгээ за гэж хэлж чаддаггүй. Хэн ч хэнийгээ үгүй гэж хэлж чаддаггүй. Тэр байдал нь буцаагаад санхүүжилтийн асуудал байх. Энийг ганцхан би ч яриад байгаа юм биш. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд зөндөө хэлдэг. Судлаад ч гаргачихсан байдаг. Энэ чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
–Иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэдэг мэдээлэл явж байсан. Кинон дээр чинь нууцаар, хууль бусаар бичсэн, төрийн болон иргэдийн мэдээлэл байгаа юу?
-Тэрийг ёстой би ойлгохгүй байна. Биднийг тэр зургаан дүрээ нууцаар дагасан юм болов уу гэж хараад байгаа юм уу? Яагаад байгааг нь ойлгохгүй байна. Бид зургаан хүнтэйгээ гэрээ хийсэн. Гэрээ хийгээд, зөвшөөрлийг нь аваад, тохиролцоод зураг авалтаа хийсэн. Тэр гэрээнүүд цагдаа нарын хурааж авсан бичиг баримтууд дунд байгаа.
-Киноноос тусдаа хууль бусаар бичсэн зүйл байгаа юм уу?
-Тийм юм хийж чадахгүй шүү дээ. Манайх чинь өөрийнхөө дүрсийг бичээд, хөтөлж эхлэнгүүтээ сул дүрс өгч тавиад, өөрсдийнхөө судалсныг яриад, тоо фактуудыг нь график болгоод гаргачихдаг. Тийм л контент хийдэг шүү дээ. Бид газар дээр нь очоод сурвалжилдаггүй. Камер барьж, ийш тийшээ гүйх юм багатай медиа юм чинь яаж тийм юм хийх вэ? Боломжгүй.
-Чиний хувьд эрх чөлөө гэж яг юу вэ. Эрх чөлөө ямар үнэ цэнтэй вэ?
-Миний хувьд эрх чөлөө гэдэг миний амьдралын хамгийн чухал зүйл мөн. Яагаад вэ гэхээр эрх чөлөөтэй хүн боловсролтой, боловсролтой хүн эрх чөлөөтэй байдаг. Бас эрх чөлөөтэй хүн өөрөө яг жинхэнээсээ аз жаргалтай байж чаддаг. Жаргаж чаддаг.
Хүмүүс гайхаад байна лээ. “Шоронд орчих гээд, эсвэл байцаагдаж гарч ирчхээд энэ залуу чинь яагаад дэмийрээд байгаа юм бэ” гээд. “Инээгээд байна. Том ар талтайдаа инээгээд байна” гээд л. Би яагаад инээгээд байгаа учраа хэлье. Би эрх чөлөөтэй байгаадаа баяртай байна. Би буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэж байгаа. Хуулийн хүрээнд хариуцлага хүлээхүйц буруу юм огт хийгээгүй гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тэрийгээ мэдэж байгаа болохоор би инээж байгаа.
-Одоо өрнөөд буй асуудалд нэмж хэлье гэж бодож байгаа, хэлэхийг хүсэж байгаа зүйл байна уу?
-Би ингэж бодсон. Намайг байцаагаад сууж байгаа залуучууд надаас 3, 4 ах бараг л манай үеийн залуучууд. Тэгээд би зөвхөн өөртөө гомдоогүй. Тэр залуучуудын өмнөөс гомдсон. Манайхыг байцаая гэж тэр хүмүүс өөрсдөө хүсэхгүй байгаа. Бүх юм дээрээс тушаалтай. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг муу муухай харагдуулж, харлуулахыг хүсэхгүй байгаа шүү. Хоёрдугаарт, тушаал өгөөд, тушаалын дагуу ийм ажиллагаа цагдаагийн ажилтнууд хийх шаардлага үүсэж байна гэдэг бол системийн алдаа. Тийм учраас энэ асуудал цаашдаа цагдаагийн реформ гээд өөр өөр асуудал руу тойроод явчих байх. Ямар ч байсан би Монгол Улсын цагдаагийн байгууллагыг муухай харагдаасай гэж хүсэхгүй байгаа. Цагдаагийн байгууллага ч гэсэн нэр хүндээ унагаах үйлдэл бага хийгээсэй гэж хүсэж байгаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!