Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туршлага 3: Герман дахь монголчууд Ковид-19 халдварыг хэрхэн даван туулж байна вэ?

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
9 минут 4 секунд

Хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчуудтайгаа холбогдон гадаадын улс орнууд Ковид-19 цар тахалтай хэрхэн тэмцэж буй талаар мэдээлэхээр зорин манай редакцын зүгээс энэ удаа ХБНГУ-д оршин сууж буй элэг нэгтнүүдтэйгээ холбогдлоо.

 УДАХГҮЙ КОРОНА ЯЛАГДАНА

Германы Шлесвиг Холштайн муж улсын Килийн анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн мэс засалч Т.Тэрбиш эмч корона вирусын тархалтын талаар өөрийн дүгнэлтээ фэйсбүүк хуудсандаа нийтэлснийг хүргэж байна. Тэрбээр Герман улсад 20 гаруй жил ажиллаж байгаа аж.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд цаг завгүй өдрүүд үргэлжилж байна. Би сайн байгаа. Коронатай, коронагүй олон хүмүүст мэс заслаа хийгээд л байж байна. Мөн Монгол руу хэрэгтэй нэгэнд нь онлайн зөвлөгөөгөө өгч л байгаа, энэ хүнд үед германд эмчилгээ хийлгэх гэж зорьж ирж байгаа Монгол хүмүүсээр бахархаж байгаагаа хэлмээр байна.

Үнэндээ корона сэтгэл хөдөлгөх зүйл биш болжээ. Удахгүй корона ялагдана.

Германы Майнц хотод төвтэй BioNtech компанийн турк гаралтай эрдэмтэн гэр бүл коронагийн  вакциныг бүтээж нэг шөнийн дотор тэрбумтнууд болж чадаж байна. Эрдмийн бүтээлийг үнэлдэг улс гүрэнд гадуурхах үзэл гэж байдаггүй. Турк нь байна уу, монгол нь байна уу сонин биш ээ. Хөрөнгө татаж, технологи хөгжүүлэх л чухал.

Би монгол хүний авьяас билиг, оюун чадварт итгэдэг. Монгол эрдэмтэн, сайн чанарын оношлуур бүтээж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гэвч ЭМЯ маань ажил болгож чадсангүй, харамсалтай байна. Ядаж харьцуулсан нэг судалгааны бүтээл хэвлүүлсэн бол. Давхар оношлоод явчих боломж байсан. Нэг бус удаа иймэрхүү байдалд орж байсан тул миний хувьд гайхах ч юм алга. Харин Нямбаярыг /Nyambayar Dashtsoodol/ маш сайн ойлгож байна.

Монгол эрдэмтэн нь тэрбумтан биш юм гэхэд саятан, Монголын судалгаа олон улсад нийтлэгдэж, монгол улс оношлуураа бас өөрсдөө хийчихдэг, бүр илүүг хийдэг гэдгийг дэлхийд харуулсан бол уул нь ганган л байх байлаа. Дараа дахин ийм нөхцөл үүсэхэд туршлагатай болчихсон, өөр шүү дээ. Нэг ч гэсэн технологи л баймаар юм. 90-ээд он биш шүү, бид чадна ш дээ!!!

Өндөр хөгжилтэй орнуудад дэлхийн түвшинд ажиллаж байгаа монгол эрдэмтэд, мэргэжилтнүүд олон байна аа. Харин тэдэндээ монгол улс нь итгэдэггүй. Хамтран ажиллах хүсэлгүй байдаг нь эмгэнэл. Хүний ёсоор бие биедээ хандах их чухал байна. Үл хүндлэл, доромжлол улам хагаралд хүргэдэг гэж л боддог. Хэн хэндээ бас байдаг бизээ. Цаашид анхаарах л зүйл.

Даруухан, номоор нь хандахаар монголчууд тоож харахгүй...хэцүү шүү дээ бас л. Уул нь энэ хүний Монголоо гэсэн сэтгэл л байгаа юм. Нөгөө талаас хошин шог дээр гардаг шиг манай боржингончууд л бид биенээ дэмжих ёстой бус уу?!

Коронагийн энэ цаг үе монголчууд бидний жинхэнэ нүүр цайраг харуулж байгаа.

2 сард анх цар тахал эхэлж, юм хомс үед, гадаадад байдаг монголчууд 70.000 гаруй маск явуулж байв. Тун удалгүй хил хаагдсан. Зүгээр л түр гадаадад ажил амьдралын шалтгаанаар гацсан Монголчууддаа хүртэл хатуурхаж эхэлнэ гэж хэн бодох билээ дээ. Төрсөн эх нь нас барж байхад нь хүртэл уулзуулах сэтгэлгүй төр засагтай, цаашилбал энэ бүхнийг олгохгүй найз нөхөд, монгол ахан дүүстэйгээ мэдэж авсан биз ээ.

Эрүүл байх сайхан. Гэхдээ "бид эрүүл байна, халдваргүй, бидний амжилт Гиннест бичигдэнэ" гэж ерөнхий сайд маань зурагтаар ярьж байна лээ. Эрүүл хүн өвчтэй хүний хажууд онгироод байгаа мэт биш гэж үү?

Өнөөдөр миний амьдарч муж Германдаа халдвар багатайдаа тооцогдоно. Манай эмнэлэг яг одоо франц улсаас 6 хүнд хэлбэрийн коронатай өвчтөн авч сэхээндээ эмчилж байна. Хөрш Франц улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа нь энэ. Тэглээ гээд хэвлэл мэдээлэл, сошиалд нэг ч хүн гаднаас халдвартай хүн өвчтөн авчирлаа гэж бичихгүй юм.

Клиник тус бүр коронатай өвчтөнүүдтэй ажлах хоёр эмч гаргаарай гэж захиргаа хэлэхэд залуу эмч нар нь сайн дураараа гараа өргөж, сайн үйлсэд оролцох хүсэлтэйгээ илэрхийлж байх жишээний.

Энэ хэцүү үед харин ч бид ажилтайгаа, цалинтай бас нэмэгдэлтэйгээ байгаа, тиймээс бидний наад захын үүрэг гэж ярих.

Хүүхэд байхад шатар зааж байсан ах маань чиний нэг бод руу дайрахад чи түүнийгээ  үхтлээ хамгаалж, хамаг анхаарал хүчээ тийшээгээ шидэх юм, гэтэл би наана чинь шал өөр бодолтой байж байгаад чамайг ялчих юм гэдэг үгийг санагдуулам нөхцөл үүсээд байх шиг.

Монголчууд коронаад сөхрөхгүй байж болно, хамаг хүч анхаарлаа энд тавьж байх хооронд эдийн засгаараа нойл зааж түүнээс дутахгүй хохирол амсахвийдээ. Тиймээс асуудлыг олон талаас нь хараасай. Төгрөг суларч, доллар евро чангарч, нэг монгол хүнд ногдох өр 30 сая төгрөг болж, улам л хүндэрч байна. Энэ их өр зээл тоглоом биш шүү, уул усаараа төлөөд ч барахгүй болох вий.

Халдвар дотоодоо алдлаа гээд л бөөн сүр дуулиан. Хэрдээ сайн барилаа. Удахгүй вакцинтай золгоно.

Хүн амын хэдэн хувь нь залуус билээ, үхэж үрэгдэх аюул харьцангуй бага улс шүү. Судалгаанууд зөндөө л байх юм. Зөв бодлого, менежменттэй байвал бидэнд айх зүйл алга. Маскаа зүүгээд л, гараа ариутгаад, зайгаа бариад л болчих зүйл дээр наян юм... Ингэж их айж, сандрах нь сүүлдээ инээдтэй харагдах юм. Тэгсэн атлаа энгийн наад захын зүйлсээ хэрэгжүүлэхгүй.

Үүний оронд ухаан бодлоо уралдуулж, оновчтой замаа сонгох боломж зөндөө л байна. Гэвч монголчууд хэзээ нэгдэж, хэзээ хамтарч чадаж байлаа. Хэзээ ч эрүүлээр ярьж, зөвлөлдөж чадахгүймаа. Монголын заяа төөрөг уул нь өндөр л гэж би боддог, харин хийморь нь үхсэн мэт өр ширэндээ баригдаж, чадваргүй энэ мэт удаан байвал их л муудаа.

Иймд бүгдээрээ хамтдаа бүхнийг шинээр сэтгэж, нэгдэж, гоё cool баймаарсан.

Герман улсын Гебсаттел хотод амьдарч буй С.Дариа

Одоо ч дасаж байна. Өөртөө анхаараад маскаа гарч орохдоо тогтмол зүүх хэрэгтэй гэж анхааруулсан. Цэцэрлэгийн нэг ангиас корона гарлаа гэхэд зөвхөн тэр ангийг л карантилж байна. Сургууль ч бас коронагийн эерэг тест гарсан сурагчийн ангийг нь л карантинд оруулна. Бүхлээр нь хаадаггүй. Дэлгүүрүүд бүгд хэвийн ажиллаж байна. Бүх нийтийн үзвэр үйлчилгээ, ресторан, усан бассейн, спорт төвүүд хаалттай, хичээл цэцэрлэг тогтмол ажиллаж, халдвар илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч байна. Ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ажлаас нь чөлөө өгч явуулдаг.

Герман улсын Ноймюнстер хотод амьдарч буй Д.Оюу

Хүмүүс хоорондоо 1,5 зай барих, маск зүүх, гараа угаах бол одоо дадал болчихсон. Битүү орчинд 15-20 минут тутамд 5 минутын турш нэвт салхилуулж агаар сэлгэх заавар зөвлөгөө ирсэн хэрэгжүүлж байна.  Ойр орчимд халдвар илэрвэл карентинд ороод шинжилгээ өгч байна. Битүү орчинд 15-20 минут тутамд 5 минутын турш нэвт салхилуулж агаар сэлгэх заавар зөвлөгөө ирсэн тул хэрэгжүүлж эхэлсэн. Ойр орчинд халдвар илэрвэл карентинд ороод шинжилгээ өгч байгаа.  Ойр орчинд халдвар илэрвэл шууд карентинд ороод шинжилгээ өгнө.

Үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлсэн боловч ариун цэврийн цаас дахиад л хомсдолд орж эхэлсэн. Ер нь энд хойд хэсгээр халдварын тоо харьцангүй бага байгаа. Дани улсын хилээр худалдан авалт хийх хүмүүс, ажилтай хүмүүс орж гарж байгаа гэсэн өөр мужийн харьяалалгүй хүмүүс 24 цагийн дотор өдрийн аялал зугаалга хийх боломжтой.

www.ubn.mn

 

МУИС дотуур байрны оюутнуудаа хүнсээр хангажээ
МУИС дотуур байрны оюутнуудаа хүнсээр хангажээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.