Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, хэргийг гуравдугаар сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр товлосон байна.
Эргэн сануулахад, хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг.
Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгсөн юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байдаг. Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэжээ.Тодруулбал,
Нийслэлийн Прокурорын газраас Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг
- Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
Шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг
- Гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэж байв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!