Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг тус, тус гаргалаа.
Эдгээр бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Тодруулбал,
- АНУ-аас авч хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
- БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болж байна.
Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна.
- Үүнд цахилгааны үнийн өсөлт, үүний дам нөлөө болон өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлон нөлөөлөв.
- Нийтийн тээврийн үнэ 2-р сард өсөж, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ.
- Улмаар инфляц энэ оны туршид Төв банкны зорилтоос давж, ирэх оны 2-р улирлаас зорилтот интервал руу орж тогтворжихоор байна.
- Хэдийгээр зардлын шалтгаан давамгайлан инфляц Төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоог хийх шаардлагатай.
- Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг дурьдах нь зүйтэй.
Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу хүлээлтээс бага зэрэг доогуур гарлаа.
- Эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлон нөлөөлөв.
- Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгаллаа.
- Тодруулбал, Оюу толгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байна.
- Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх ба төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр жилүүдийн өсөлтөд нөлөөлөхөөр байна.
Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулж байна.
- Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна гэдгийг энд онцлох нь зүйтэй юм.
- Мөн гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна.
- Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлийн өр-орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна.
Ийнхүү гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн, өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус тус гаргалаа. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.
Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!