Хилийн боомтуудын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөө болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудал эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байгаа юу. Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Монгол Улс БНХАУ-тай нийт 4500 орчим км газар нутгаар хиллэдэг. Үндсэндээ Хятадын засаг захиргааны гурван том субьекттэй хиллэдэг гэсэн үг. ӨМӨЗО-той 13 боомтоор, шинжаан Уйгартай дөрвөн боомтоор, гурав дахь нь Хятадын дотоод муж болох Ганьсу мужтай нийт 65 км газраар хиллэдэг. Хятадын талаас дотоод муж болох Ганьсу мужаараа дамжуулан шууд худалдан авалт хийх, аялал жуулчлал хөгжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой байгаагаа илэрхийлдэг.
Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад УИХ-аар орж батлагдсан ажил байгаа. Нэгэнт төр засаг боомт нээх ажлыг дэмжсэн учраас бид заавал хийх ёстой. Мэдээж болгоомжтой хандах ёстой асуудал бий. Учир нь 1992-1993 онд Нарансэвстэйн боомт нээгдэж ажиллаж байх үед худалдаа хийх бүх боломжийг чөлөөтэй нээж өгсөн учраас зам барихаас авхуулаад төлөвлөлт хийгдээгүй байсан. Гэтэл энэ боомт маань Говийн их дархан цаазат газрын А хэсгийн цаадах хилтэй ойролцоо байрладаг гэдэг утгаар зам нь талхлагдсан.Тухайн үеийн эмзэг эко системийн баянбүрдүүд болох ан амьтан ургамал усаа дагасан гэдэг утгаар нөлөөлсөн зүйлсүүд бий.
30 жилийн өмнө гарч байсан алдааг өнөөдөр бид засаж, тусгай хамгаалалтын менежментийг сайжруулахын тулд эдийн засгийн үр өгөөжөөр л тэтгэх ёстой. Говийн их дархан цаазат газрын хамгаалагчдыг олноор нэмэгдүүлж, дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Үүний тулд Нарансэвстэйн боомт нээгдсэнээр эдийн засгийн хөшүүрэг нь сайжрах юм.
Мэдээж байгаль орчны салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн ярьж байгаа асуудал маш зөв. тухайн салбарт ажиллаж байсан хүний хувьд дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл говийн их дархан цаазат газрын А хэсэгт ямар нэгэн байдлаар уул уурхайн олборлолт явагдах ёсгүй гэдэгтэй санал нэг байдаг.
Хоёрдугаарт, ногоон бүс, онгон бүсүүдэд зам тавих нь хуулиараа хориотой байдаг. Иймд зөвхөн хязгаарлалтын бүс буюу хилийн зурвасаа дагуулж дэд бүтцээ байгуулах замаар боомтыг нээх хэрэгтэй болж байгаа юм. Ингэснээр Ганьсу буюу Хятадын дотоод мужтай ямар нэгэн өөртөө засах орноор дамжихгүйгээр шууд худалдаа хийх боломж бүрдэнэ. Монгол Улсын баруун бүсийн эдийн засагт болоод тэнд амьдарч байгаа иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө. Ганьсу мужийн онцлог нь эдийн засгийн бүтэц нь манайхаас өөр.
Хэдийгээр хятадын мужуудаас хөгжлөөрөө хойно явж байгаа ч гэсэн эдийн засгийн өсөлтөөрөө эхний гуравт явдаг. Өнгөрсөн 2024 оны байдлаар эдийн засгийн өсөлт нь 9 хувьтай гарсан. Тэгэхэд Хятад улсын дундаж өсөлт 4.5 байхад хоёр дахин өндөр өсөлт гарсан гэсэн үг. Эдийн засгийн бүтцээр нь Ганьсу мужийг авч үзвэл үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, ХАА, газар тариалангийн салбарууд илүүт хөгжсөн гэдгээрээ онцлогтой.
Мөн аялал жуулчлалын хувьд ч гэсэн онцлог бий. Чингис хааны үеийн түүхээс харахад Торгоны замын үеийн хамгийн сайн боомт хот болох Дунхан хот энэ мужид байдаг. Жилдээ ойролцоогоор 20 сая жуулчин авдаг. Ойролцоогоор 5 тэрбум ам.долларын ашгийг зөвхөн аялал жуулчлалын салбараасаа олж чаддаг гэсэн үг. Эндээс бид аялал жуулчлалын урсгалыг нь Монголоороо нэвтрүүлж чадвал орон нутгийн иргэд маань зөвхөн уул уурхайг шүтэж биш өөрсдийнхөө үйлдвэрлэл, худалдаагаар дамжиж эдийн засаг, амьжиргаагаа сайжруулах бүрэн боломжтой юм. Ингээд харилцан ашигтай байдлаар боомтын үйл ажиллагааг нээж баруун бүсийн эдийн засгийг хөгжүүлэх гол шийдэл гэж хэлмээр байна.
-Нөгөө талаас алт ухдаг ченжүүд ч боомт нээх үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор илүүтэй эсэргүүцэл илэрхийлж буй гэх мэдээлэл бий?
-Мэдээж ямар ч том төслийг эхлүүлэхэд том, багагүй эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ бид улс орны эрх ашгаа ухамсарлаж, харилцан ойлголцож бүтээн байгуулалтын ажлаа хийх л ёстой. Монгол Улс хоёр хөш орноос гадна дэлхийн бусад орнуудтай өрсөлдөх гол арга зам нь ердөө л эдийн засгийн чадавхаа сайжруулах шүү дээ. Түүнээс биш хүн очиж болохгүй, харж болдоггүй тусгай хамгаалалттайгаа газар байх нь утгагүй зүйл.
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн талбайн хэмжээг авч үзэхэд Баян-Өлгий, Булган аймгийн газар нутгаас том. Тийм том газар нутагт иргэд нь ч амьдраад, биологийн төрөл зүйлийн амьтан ургамал нь хадгалагдаад үлдэх боломж нь бүрэн байгаа.
Гэтэл үүнийг эсрэгээр нэг тал руу хэт туйлшруулж буй нь цаанаа өөр сонирхол агуулж байгааг харуулаад байгаа юм. Эсэргүүцэлт дагуулаад байгаа газарт бид саяхан тооллого судалгаа хийж үзсэн. Ингэхэд говийн их дархан цаазат газрын онгон бүсүүдэд гар аргаар алт олборлосон ул мөрүүд 30 гаран байна. Энэ нь өөрөө тэр эсэргүүцлийн цаана өөр сонирхол нуугдаж байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудлыг нэг талд нь гаргах л ёстой.
-Боомтын тухай хуулийг УИХ-ын эн хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон гэсэн. Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудал энд мөн яригдах уу?
-Боомтыг шинээр нээх ёстой гэдэг утгаар УИХ-аар хэлэлцэж, дипломат шугамаар хөрш оронтойгоо хэлэлцэж, хоёр талаасаа шийдвэрээ гаргасан тохиолдолд дараа нь байгаль орчны үнэлгээгээ хийнэ. дэд бүтцээ барих болно. Энэ хаврын чуулганаар Нарансэвстэйн боомтын асуудал орж хэлэлцэгдэнэ гэдгийг хэлье.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!