Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээг үзэглэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор боомтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгаас тодрууллаа.
Тэрбээр "Монгол улс өнгөрсөн гучин жилийн түүхэндээ анх удаа тогтвортой худалдааны том гэрээг хийлээ. Энэ гэрээг хоёр талаас үзэглэтэл 17 жилийг туулсан байна. Ингээд Гашуунсухайт-Ганцмод боомтоор одоо явж байгаа эрдэс баялгийн худалдаа дээр нэмээд төмөр замын холболтыг хийж, дэд бүтцийг байгуулж уурхайн хүчин чадлыг мөн нэмэгдүүлэх юм. Ингэснээр БНХАУ-д жил бүр 20 сая тонн нүүрсийг баталгаатай худалдаалах гэрээг хийж чадсан. Үр дүнд нь бид хятадын зах зээлд 16-17 жилийн турш тогтвортой нүүрс нийлүүлэх боломж бүрдэж байна. Мэдээж гэрээний ард хоёр тал үүрэг хариуцлага харилцан хүлээнэ.
Нэг талаас Монгол Улс 20 сая тонн нүүрсийг тогтвортой нийлүүлэх үүрэг хүлээж байна гэсэн үг. Нөгөө талаас БНХАУ манайхаас жил бүр 20 сая тонн нүүрсийг тогтвортой худалдаж авах үүрэг хүлээнэ.
Ингэснээр нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар байхаар тооцоолоход Монгол Улсын төсөвт жил бүр нүүрсний экспортоос 2 орчим тэрбум ам.долларын баталгаатай орлого төвлөрүүлж чадах юм.
Нүүрсний экспорт зөвхөн нэг үнээр тооцогдохгүй. Жилдээ дөрвөн удаа буюу улиралд нэг удаа Үнийн Зөвлөлөөр зах зээлийн үнэтэй уялдуулж үнэ өөрчлөгдөж явна.
Нүүрс маань хилийн цаана очоод боловсруулагддаг түүхий эд гэдэг утгаар чанар, хэмжээ, тогтвортой нийлүүлэлтээс хамаарч нүүрс хэрэглэдэг эрчим хүчний станц, коксын станц, Гангийн үйлдвэр гэх мэт маш олон үйлдвэрүүд манай нүүрсэнд зориулж горимоо тохируулдаг. Тиймээс үүнийг баталгаатай болгож өгч байгаа юм.
Гэрээний хүрээнд боомтын бэлтгэл ажлууд Гашуунсухайт-Ганцмод боомтод энэ хавраас хийгдэж эхэлнэ. Боомтын сэргэлтийн хороо уг ажилд бэлдэж төмөр замын холболтын газар олголтын асуудлаас эхлээд хийх ажил их бий.
Төмөр зам холбогдтол манай улс одоо гаргаж байгаа нүүрс дээрээ нэмээд 5-7 сая тонн нүүрсийг жил бүр тээврийн машинаар нийлүүлэх үүрэг хүлээж байгаа.
Уг ажилд зориулж Гашуунсухайт-Ганцмод боомтын чингэлэг тээврийн терминал, авто зам, зогсоолууд, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлуудыг хийж байна.
Тус боомтын хүчин чадал өнөөдрийн байдлаар 3-4 дахин нэмэгдсэн байдалтай байна. Цаашлаад чингэлэг тээврийн терминал, зогсоолын талбайг цэгцлэх, өргөтгөх ажил явагдаж байгаа. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар зогсоолын талбайг томруулах зэрэг газрын асуудлыг шийдсэн. Дээр нь Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаанд шинэ менежмент оруулах хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг илүү дэмжиж ажиллуулах төлөвлөж байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын ерөнхий төлөвлөлтийг хийгээгүй байсан. Үүнийг ЭЗХЯ зургийн тендер зарласны дагуу зургийн компани ажиллаж байгаа. Ажил энэ хавар дуусах ёстой. Түүний дараа тухайн төлөвлөлтөд багтсан төслүүдийг хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч боомт дээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.
Хаврын чуулганаар Боомтын тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Ингэснээр хилийн боомтууд дээр байгаа худалдааг дэмжих үүднээс зөвхөн төр менежмент хийх бус хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх заалтуудыг хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!