Их түүхэндээ бид эзэн богд Чингис хааныг эх хэлээрээ магтан шагшиж, цоллон өргөмжилсөн олон хувилбар бидэнд бий. Харин гадаадынхан дотор Тэмүжин хэмээх энэ агуа эрхмийн үйл хэрэг, амьдрал замналыг судалж, тунгаан эргэцүүлж, өөр өөрийнхөөрөө дүгнэсэн олон хувилбар байдаг. Тэдгээрийн дотор хамгийн анх хааны их улсын тухай тэмдэглэл Марко Пологоос эхэлж, “Хаан” банкны хэмээн танигдсан Питер Морроу агсны номондоо багтаасан хэсгийг хүртэл хамарч байна.
1. Марко Поло: Иргэддээ эзэн нь биш эцэг эх нь мэт
Хааныг нас барснаас хойш 40 гаруй жилийн дараа Хубилай хааны дэргэд ирж шадарласан италийн алдарт жуулчин Марко Поло “Чингис хааны бие бялдар хүдэр чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг яриа онцгой агаад баатар эрэлхгээрээ алдаршжээ” гэж ам дамжсан үгсийг тэмдэглэсэн. Улмаар Хубилай хааны төрх байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил гэж сонссоноо бичсэн байдаг аж.
Мөн тэрээр “Түүний нийтлэн захирах нь туйлын төв голч бөгөөд найрамдуу, ард иргэн түүнийг хүндлэн хайрлах нь эзэн болсоор шууд “өөрийн эцэг, эх” мэтээр санана” тодорхой өгүүлсэн нь барууныханд шүүмжлэгдэж байжээ. Учир нь, түүний байлдан дагуулал өрнөдийн соёл иргэншилд эзлэн түрэмгийлэл, алан хядлага, “утга учиргүй” дайн байлдаанаар л төсөөлөгдөх нь түгээмэл байв.
2. Жао Хун: Хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу...
1220-иод оны үед Сүн улсын элч болж Монгол оронд зорчин ирж, их хаанд бараалхаж байсан нэгэн бол Жао Хун гэгч юм. Тухайн үеийн Хятад улсыг төлөөлөх дипломат төлөөлөгчийн хувиар эх нутагтаа буцаж хариад “Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл” хэмээх судар туурвижээ. Уг туурвилыг өдгөө монгол судлалын ухаанд нэгдүгээрх эх сурвалж хэмээн үздэг, өндөр эрэмбэтэй үнэт бүтээл аж.
Чингис хааны өөрийн хөрөг хэмээх бүтээлийг энэхүү тэмдэглэлийн утга агуулга нь нотолдог. Тухайлбал “Татарын эзэн Тэмүжиний бие төрх хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу, ер бусын болой” гэж тэмдэглэжээ. Энэ үгийг өдгөө бидний мөнгөн дэвсгэртдээ ашиглаж буй их хааны хөрөгтэй нийцүүлэн ойлгодог.
3. Ким Жон Рэ: Наполеон, Гитлер, Македоны Александрыг нэгтгэснээс ч илүү
Солонгосын эрдэмтэн Ким Жон Рэ хэмээх эрхэм “” нэртэй номондоо хааны тухай судалгааг багтаажээ. Үүнд өгүүлснээр “...эзэлсэн газар нутгийн хэмжээ гэхэд Наполеон, Гитлер, Македоны Александрынхыг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин километрт хүрсэн...” гэдэг байна. Дэлхийн түүхэн дэх агуу дайн, байлдан дагуулал, ялалтаараа алдаршсан олон хүн бий. Тэдгээрийн дотор тодхон дуулддаг дээрх нэрсийг бүгдийг нь нэгтгэснээс ч уудам газрыг Чингис хаан эзэгнэж байжээ. Өнөөдрийн манай улсын газар нутгийг гурвантаа нийлүүлснээс ч их гэсэн үг юм.
4. Вашингтон пост: Дэлхий ертөнцийг ойртуулж, нягтаршуулсан Мянганы хүн
АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартаа өнгөрсөн мянганы хүнээр /Мянган жилийн хамгийн алдарт хүн/ Чингис хааныг тодруулж “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө... Тэр болон түүний залгамжлагчид Европ-Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно-өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн Дэлхийн худалдааны байгууллагын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд интернэт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн...” хэмээн түүнийг үнэлэн дүгнэжээ. /The Washington Post. December 31, 1995. Joel Achenbach/
5. Жон Мэн: Европын сэргэн мандлын үеийг авчирсан хөшүүрэг
Өөрөө очиж үзсэн бүх соёлыг хүндэтгэж, 10 шашин, 30 хэл идэвхтэй ашиглагддаг байсан нь түүхээс харагдана. Эмэгтэйчүүд түшмэл болж, удирдах албан тушаалд очиж байлаа. Мэргэжлийн засаглалыг үндэслээгүй байж болох ч хамгийн уудам нутагт хэрэгжүүлж чадсан анхны хүн мөн. Торгоны замыг тэд эзэмшиж байсан тул тэдний ачаар Марко Поло, Плано Карпини, Виллиам де Рубрук тэргүүтэй өрнийнхөн Азийг анх удаа Европ тивд танилцуулжээ. Энэ утгаар нь Британийн түүхч Жон Мэн “Европын сэргэн мандлын үе, өөрчлөлт шинэчлэлийн хөшүүрэг нь Чингис хаан байсан” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
6. Жек Уодерфорд: Шинэ системд оруулж нэгтгэхийг хичээжээ
Өнөө цагт Чингис хааны түүх, намтрын судалгааны ажлаар дэлхий дахинд хамгийн их алдаршсан бүтээл бол Жек Уотерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном юм. Тэрээр номондоо “Тэр зөвхөн хүчин чадлаар улс орныг байгуулж чадахгүй гэдгийг сайн мэдэх болсон тул ялагч, ялагдагч хоёр талын иргэдийг хоорондоо гэр бүл болох, хүүхэд үрчилж авах зэргийг дэмжиж, тэднийг нэгэн шинэ системд оруулан нэгтгэхийг хичээдэг болжээ” гэж бичсэн нь бий. Үүнээс үзвэл эзэн Чингис хаан хувь хүний эрхийг дээдлэх, эрх чөлөөг эрхэмлэх үзэл тэртээ 800 жилийн өмнө төлөвшсөн, хэрэгжүүлж байсан гэж үзэх үндэстэй билээ.
7. Мик Яйтес: Energize хүрээний харизматик хүн байжээ
Английн профессор Мик Яйтес ийм дүгнэлтэд хүрсэн байдаг. Energize гэдэг нь манллайлагчийн дөрвөн хэв шинжийн хамгийн сүүлийнх юм: Envision, Enable, Empower, Energize. Эдгээрт эхний гурван шатлалд ихэнх удирдагчид багтдаг бөгөөд яаж, хэрхэн гэтэгт төвлөрдөг удирдагчид багтдаг байна. Харин маш цөөн удирдагч нь дөрөв дэх ангилалд хамаарах бөгөөд яагаад гэдэгт илүү төвлөрдөг гэжээ. 800 жилийн өмнө дэлхийг байлдан дагуулсан их хаан маань 4 дэх “Е” төрлийн хүн буюу “Чингис хаан бол харизматик хүн байжээ” гэх дүгнэлт гарсан байдаг аж.
8. Райнхолд Нойман: Өгөөмөр сэтгэлийн хүчээр хүмүүсийг татагч
Чингис хаан судлаач, эрдэмтэн Б.Балжинням бүтээлдээ “Монголчууд төвшитгөсөн ард түмнүүддээ хэзээ ч ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хэл, шашин гэх мэт амьдралын хэвшлээ тулган хүлээлгэж байсангүй. Энэ бүхэн өнөөгийн хүн төрөлхтөнд нэн чухал үлгэр мөн” гэдгийг онцолжээ. Тэгвэл үүний санааг бататгасан Герман түүхч Райнхолд Нойман “Чингис хаан чухамхүү өгөөмөр сэтгэлийн хүчээр хүмүүсийг татаж чаджээ” гэж дүгнэсэн байдаг. 2000 онд гаргасан номондоо уг санаагаа тунхагласан бөгөөд их хаан хүн татах, таних чанараараа гойд нэгэн байсныг түүхэн сурвалж өөрөө нотолно. Тухайлбал, Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байх үед нь ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавьяа байгуулсан нөхдөө ард язгууртан гэж ялгалгүй мянгат, түмтийн ноёноор томилсон. Зэлмэ л гэхэд Тэмүжиний зарц байсан бол хожим жанжин болсон гэх мэт.
9. Питер Морроу: Монголын гэх бүхий л зүйлийн эхлэл ба тодорхойлолт
Одоогоос 20 жилийн өмнө Монголд анх ирж, Хөдөө аж ахуйн банк хэмээгдэж байсан ч дампуурлын ирмэгт нэгэнт тулсан байгууллагын захирлаар томилогдсон Питер Морроу агсны “Миний Монгол” хэмээх ном 2020 оны нэгдүгээр сард гарчээ. Уг номын нэгэн бүлэг нь Чингис хааны тухай юм. ХАА-н банкыг ХААН банк болгож өөрчилсөн нь ч санаандгүй хэрэг биш тул түүний тэмдэглэлээс эшлэл авъя:
- Монголд бол тэр бурхантай дүйцэх агуу хүн, манайхаар бол Есүс Христ, Жорж Вашингтон хоёрын хослол лугаа дээдлэн хүндлэгдэх эрхэм, Монголын гэх бүхий л зүйлсийн эхлэл хийгээд тодорхойлолт.
- Өрнийн соёлд түүнийг иргэншээгүй гэх утгын илэрхийлэл болгодог бол Монголд харин иргэншлийн мөн чанар юм.
- Хэдэн зууны тэртээх шашнаас ангид домогт удирдагч нь орчин үеийн соёлд хүртэл хүчтэй нөлөөлсөөр байгаа өөр улсыг би лав мэдэхгүй.
- Чингисийн армид 60-аас доош насны бүх эр алба хаана, тиймээс ч монгол эрчүүд цөм цэрэг байв.
- Цэргүүд нь дээд зэргээр хөгжсөн технологитой. Нүүдэлчдийн нум сум тухайн цагт өрнийн ямар ч зэвсгээс хүчирхэг төдийгүй морьтон бүр ийм зэвсэгтэй. Өнөө ч хэрэглэгдэж буй монгол дөрөө нь тэгш дугуй суурьтай, бүх чиглэлд чөлөөтэй эргэдэг нь аль ч зүг рүү нум сумаа онилох боломжийг унаачид олгоно. Хятадуудтай байлдах үедээ хүнд жад, дүүгүүрдэн харвагч хэрэгсэл, тэсэлгээний бодис ашиглаж сурсан гэдэг.
- Армийн царааг яг таг мэдэх аргагүй ч 100-200 мянган хүнтай байсан гэж зарим түүхчийн тооцоолол бий.
- Хүн бүр цаг алдахгүйн тулд 4-5 морь сэлгэн унаж, мориныхоо гүрээний судсыг зүсэж, цусыг нь уугаад эмээлээс буулгүй шим тэжээл авчихна.
- Чингис хаан байлдан дагуулсан улсынхаа цэргийг армидаа авах боловч өөр өөр нэгжид хуваарилж, аравт, зуут, мянгат, түмтийн алийг нь ч үндэстний цөөнхүүдээр бүрдүүлэхийг зөвшөөрдөггүй байв.
- Хааныг алдаршуулах гурван их үйлсийн нэгдүгээрт, боломж бага байсныг үл харгалзан анх удаа монголчуудыг нэгтгэн зохион байгуулж, өөрийн гэх улс бий болгосон. Хоёрдугаарт, монгол хэлийг бичиг үсэгтэй болгож, уйгар бичгийг эх хэлнээ нутагшуулсан. Гуравдугаарт, ертөнцөд хамгийн уудам хэмжээтэй том улс байгуулж чадсанаараа дэлхийн томоохон дүр мөн.
UBn team