АБГББХ: Хил дамнасан төмөр замын ЗГ хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжиж, саналаа ЗГ-т хүргүүлэхээр болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 50 секунд

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм. Тэрбээр,

Тус хэлэлцээрийн зорилго нь хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм байна.

Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараах ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Суурь зарчим бол хэлэлцээр харилцан ашигтай байх гэдгийг анхааруулсан. Тэрбээр, монголын талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Нүүрсний борлуулалтаас хүртэх үр өгөөжийг баталгаажуулах асуудал хамгийн чухал. Гишүүдийн хэлж буй хэлэлцээрийн төслийг УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолтой нийцүүлэх асуудлыг анхаарч ажиллаарай хэмээсэн. Говийн усан хангамж, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний экспорт гэж УИХ-ын тогтоолд тусгасныг тэрбээр онцлоод, хэлэлцээрт байгаагүй зүйл, заалттай холбоотой УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй асуудлыг Засгийн газар анхаарч ажиллахыг сануулав.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Нүүрс тээвэрлэж явсан ND-4250 загварын зүтгүүрийн тэвшний 6 дугуй, 25 тонн нүүрс шатжээ
Нүүрс тээвэрлэж явсан ND-4250 загварын зүтгүүрийн тэвшний 6 дугуй, 25 тонн нүүрс шатжээ
 
ХОЁРЫН ДАВАА: Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар ӨВДӨГ ШОРООДЛОО
ХОЁРЫН ДАВАА: Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар ӨВДӨГ ШОРООДЛОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!