Мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг аль болох хурдан хугацаанд баривчлахаар хоёр дахь ажиллагааг эхлүүлсэн талаар Yonhapnews агентлагт мэдээлжээ. Нэгдүгээр сарын 3-нд Юныг баривчлахыг завдсан ч Ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай тулгарч, улмаар буцсан юм. Тодруулбал, цагдаа, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийх, түүнийг баривчлах тушаалыг хэрэгжүүлэх хоёр дахь оролдлогыг ийнхүү хийж байна.
"Одоогийн байдлаар бид түүний сайн дурын үндсэн дээр гарч ирнэ гэж бодохгүй байна. Бидний зорилго бол зөвхөн тушаалыг биелүүлэх явдал юм" гэж АТГ-ын ажилтан сэтгүүлчдэд мэдэгджээ.
Арванхоёрдугаар сарын 3-нд Юн Сук Ёл нь улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргаж байв. Улмаар арванхоёрдугаар сарын 14-нд парламент нь олонхын саналаар түүний бүрэн эрхийг цуцалсан. Үүнээс хойш цагдаа, АТГ-ын байцаагчид Юн Сук Ёлыг байцаахаар зарлан дуудах хуудас өгсөн ч хүлээж аваагүй учраас шүүхээс баричлах захирамж гарсан байна.
Юн Сук Ёлын хувьд арванхоёрдугаар сарын 3-аас хойш өөрийн биеэр олон нийтэд мэдэгдэл хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд түүний хуульчид л өмнөөс нь мэдэгдэл хийсээр ирсэн.
Цэргийн онц байдлаас гадна бослого өдүүлсэн гэх хэргээр түүний баривчлахаар мөрдөн байцаагчид бэлтгэж буй нь энэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!