Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛИЙН ТОЙМ: ҮР ДҮН “ХУТГАНЫ ИР ШИГ” НАРИЙН ЗӨРҮҮГЭЭР ШИЙДЭГДЭХ НЬ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 20 секунд

Дэлхийн хамгийн том эдийн засаг, хүчирхэг армийн тэргүүн болохын төлөөх тэмцэл үргэлжилсээр. Нэр дэвшигчдийн хэн нь сайн, мууг ярих нь одоо огт сонин биш. Харин хуулийнхаа дагуу хэн нь олон санал авах нь вэ гэдэг нэн сонин болж байна.  

Сонгуулийн өмнөх бүх урьдчилсан санал асуулгуудын дүн ташаа байжээ. Байденыг цэвэр ялахаар ойлгуулж байсан атал Трамп ялах дээрээ тулж ирэв. Тоймчдынх нь хэлж буйгаар сонгуулийн үр дүн “хутганы ир шиг” нарийн зөрүүгээр шийдэгдэх болжээ.   

 

Трамп “савлуур” мужуудад үнэхээр гарамгай ухуулга хийсэн.

Үнэхээр ч цогтой, үнэмшилтэй харагдаж байсан. Түүнийг Ковид-19 тусахад нь олон шүүмжлэгчид нь магад дотроо битүүхэндээ баярлаж байсан нь дамжиггүй. Гэтэл өвчлөөд дөрөвхөн хонов уу үгүй юу гарч ирээд, маш эрчимтэй, шигүү хуваарьтай ухуулгын ажлыг “савлуур” мужуудад ар, араас нь хийсэн нь сайн үр дүн өгчээ.  

АН-ынхан олон төлөөлөн сонгогчидтой Флорида, Техас мужийг авчих өндөр найдвар тээж байв. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн 44 дугаартай Обама гуай сүүлийн өдрүүдэд Флоридад өөрийн биеэр сайн ч ухуулга хийсэн дээ. Гэвч Флоридагийн Куба гаралтай цагаачид дийлэнхээрээ Трампад өгчээ. Шалтгаан нь Трамп Байденыг “энэ нөхөр коммунист” гэж цоллосонтой нь холбоотой. Байден латин гаралтай сонгогчдод бага анхаарсан гэж шүүмжилж байсан нь үнэн байж. 

Трамп бусдад таалагдсан үг хэллэг, яриаг хурцаар хүргэхдээ гарамгай. Ихэнх хэлсэн үгс нь баримтгүй, худал байдгийг Америкийн хэвлэлийнхэн нэг хэсэг мөшгин баталж үзүүлсээр байгаад сүүлдээ цөхрөөд орхисон. Сүүлийн үед дис-информэйшн хэмээх мэдээллийг зориуд гуйвуулах замаар хүнд итгүүлдэг аргыг ихэд хэрэглэж байна. Тус улсад “үл итгэгчдийн” групп болох “Канон” хэмээх нэгдэл урьд байгаагүй хэмжээнд идэвхжсэн. Ийм бүлгүүд ердийн боловсролтой хүмүүс итгэхийн аргагүй зүйлс ярьдаг. Жишээ нь Германы канцлер Ангела Меркелийг Гитлерийн ач охин, Хойд Солонгосыг АНУ-ын CIA удирддаг, Байден болон АН-ыг дэмжигч Холливудын жүжигчин одууд бүгд бага насны хүүхдүүдтэй орооцолддог гэх мэт. Хамгийн гол нь дэмжигчид нь итгэж, үнэмшдэг. Үлгэрлэвэл, Чингис хааныг Трампын дээд өвөг байсан гэж ердийн америк өвөө, эмээ нарт итгүүлж чаддаг бүлэглэл юм.  Иймд Трамп, Байдены талаар уншихдаа олон эх үүсвэр ашиглахгүй бол ташаа ойлголттой болох нь амархан.  


Санал асуулгын шөнө нөхцөл байдал хүндээр эргэж, Трамп ялалт байгуулснаа цаг бусаар зарласан нь АН-ынханд сэтгэл зүйн хүнд цохилт өгөв.

Харин Монголын цагаар 11 сарын 4-ний орой (тэндэхийнхээр өглөө нь) нөхцөл байдал өөрөөр эргэж эхэлсэн нь шуудангаар ирсэн саналуудыг тоолж эхэлсэнтэй холбоотой. Байденыг дэмждэг, савлуур мужуудын томоохон хотын захын иргэдийн дийлэнх нь Байденд саналаа өгсөн тооцоололтой байсан нь батлагдаж эхэллээ. Байдены тал сэргэж ирэв.  

Шуудангаар санал өгөхийн хувьд өмнө нь АНУ угаасаа зөвшөөрдөг. Ялангуяа алс хол суугаа цэрэг армийнхан, гэрээт ажилчид, тэдний гэр бүлийнхний сонгох эрхийг хүндэтгэн саналыг нь шуудангаар авдаг байсан. Энэ жил Ковид-19-ын цар тахалтай холбоотойгоор бүх 50 мужид шуудангаар урьдчилж санал өгөхийг зөвшөөрснийг нь АН сайн сэвсэн байдаг. Үр дүнд нь 102 сая гаруй хүн урьдчилж саналаа өгсөн нь түүхэнд нь байгаагүй их тоо. Гараар тоолох нь өөрөө цаг их авдаг аж. Ирсэн хуудас бүрийг дугтуйнаас нь гаргаж, гарын үсгийг нь нягталж, улмаар сканердан компьютерт оруулж, тоонд оруулна. Санал тоолох хороо бүрд аль аль намын ажиглагч нар харж сууна. Ямар нэг алдаа хийх, луйвар хийсэн гэх сэжүүр гарвал намынхандаа мэдэгдэж, шүүхэд хандана. Яг одоо бүх Америк, дэлхийн анхаарал энэ хэдэн тооллого дээр төвлөрч байна гэхэд болно.  

Энэ удаагийн сонгууль яагаад ийм чухал болчихсон бэ? Дэлхий нийтээрээ урьд өмнөхөөс илүү сонирхоод байгаагийн учир вэ? 

 Үүнийг товч тайлбарлахад амаргүй. Дотооддоо Трамп олон хэрэгтэй зүйл хийсэн боловч хүн ардаа хагалсан олон алхам хийсэн.

  • Өнгөт арьстнуудын эсрэг бүлэглэлүүдийг турхирсан,
  • байгаль орчинд халтай шийдвэрүүд гаргасан, цагаачидтай хатуу ширүүн харьцсан,
  • шашин үзлээр нь ялгаварлан гадуурхсан гэх мэт хүн төрөлхтний түгээмэл хүний эрхтэй холбоотой олон сөрөг алхамууд хийж, Америкийн “муу” талыг сэдрээсэн.

Товчдоо өөрийн цөм дэмжигчдээ хадгалахын тулд улс орон, дэлхийн үнэт зүйлсийн чанартай алхамууд хийсэнгүй.  Өнгөрсөн хугацаанд урьд өмнө байгаагүй хэмжээнд байн, байн жагсаал цуглаан болсныг харсан байх. Тэрбээр хүн ардынхаа цөөнхийн далд байсан (аль ч улсад байдаг) үзэн ядалт, элдэв бүлэг, хийрхэгчдийг ил гаргаж, ил тодоор өөгшүүлж, эв нэгдлээ хангах бус хагалсан. 

Ерөнхийлөгчийнхээ мэтгэлцээний индэр дээрээсээс цагаан арьстнуудын сайн дурын зэвсэгт бүлэглэлүүдэд хандаж “түр хүлээгээд, харзнаж бай” хэмээн хэлж орхисон. Хамгийн их дургуйцэл төрүүлж буй зүйл  бол Ковид-19-ын цар тахлыг тогтоох ажлыг эрчимтэй хийгээгүйтэй нь холбоотой.  Өөрийнх нь томилсон эрүүл мэндийн ахлах зөвлөхүүд нь өөрийг нь ил тод шүүмжилж байна. Өдгөө дэлхийн хамгийн их тархалттай улс боллоо. Монголын аялал жуулчлалд хүртэл алсуураа хортой зүйлс өрнөж байна. Америк сул байх нь цаашилбал Хятад, Орос, Хойд Солонгос гэх мэт улсуудад ашигтай тул битүүхэндээ шоолоод, өөгшүүлээд сууж байгаа гэхэд буруудахгүй.  

  • Гадаад бодлогын хувьд Герман, Франц, Канад зэрэг уламжлалт түншүүдээс хөндийрсөн.
  • Орос, Турк, Саудын Араб, Хойд Солонгос зэрэг авторитар дэглэмтэй улсуудтай ойртсон.
  • Тусламж, дэмжлэг их шаарддаг Африкаас холдож, Украйныг улс төрдөө татаж оруулсан.
  • Хятадтай худалдааны дайн өрнүүлж, Тайванаас болж муудалцахад бэлэн болсон. ХонгКонг, Шинжааны уйгарчуудын талаар дуугүй өнгөрсөн гэх мэт.

Бразиль Трампад талтай байхад, Өмнөд хөрш Байден гарвал харилцаагаа зөөллөх санаатай. Иймд дэлхий даяар Америкийн сонгуулийг анхааран ажиглаж байна.  

Монголд хүртэл анхаараад байгааг зарим хүн шоолж байгаа боловч бид дэлхийн нэг хэсэг учир өөр аргагүй. Ерөнхийдөө хэн нь ч гарсан манай хоёр улсын харилцаанд зарчмын өөрчлөлт гарахгүй. Гэхдээ Трамп протекшинист буюу “Америкийг нэгдүгээрт” хэмээх үзэл баримталдаг тул олон улсын хамтын нийгэмлэгийн (international community) үйл хэрэгт оролцох, ялангуяа мөнгө зарах дургуй. Жишээ нь

  • НҮБ-д мөнгө төлөхөөс цааргаладаг,
  • ДЭМБ-аас гарчихсан.
  • Африк тивд олгодог хүмүүнлэгийн туслалцаагаа зогсоосон буюу багасгасан. Миний мэдэхийн манайд үйл ажиллагаа явуулдаг Америкийн төрийн бус байгууллагын санхүүжилт багассан,
  • Монгол судлал алсуураа хумигдсан.

Энэ мэтчилэн олон зүйлсийг нэрлэж болно. Алсуураа манайд ашиггүй. Хажууд нь Иракийн дайнаас болж хараалгаж байсан Жорж Буш хаа очиж “Мянганы сорилын сан”-даа Монголыг багтааж явсан байдаг билээ. 

Нүүрстэй холбоотой бодол ч өрөөсгөл.

Хятад Америктай муудсанаар Монголтой ойртоно гэсэн нь өрөөсгөл бодол. Монгол нь өөрөө хоёр их гүрний дунд байдгийн хувьд гадаад харилцааны тэнцвэртэй бодлогоос ихээхэн хамаардаг. Бидэнд урт удаан хугацааны чанартай, олон найз хэрэгтэй. Гадаад бодлогын үзэл баримтлал гэж бий. Түүнийг үзэж байгууштай.  НҮБ, ДЭМБ зэрэг байгууллагууд хүчирхэг байх тусам манайд сайн. Тэдэнд Америк их мөнгө өгж л байвал бидэнд л сайн. НҮБ, ДЭМБ-ын хөтөлбөрүүд нь Монголд олон жил ач тустай байж ирсэнийг Трампыг дэмжих өнцөгөөс харж буруутгаад ашиггүй.  


Трамп штабаа Цагаан ордонд байрлууж, тэндээс бүх зүйлээ удирдаж сууна. Мэдээж олон туслахуудтайгаа зэрэг, зэрэг мэдээний сувгуудаар дүнгээ ажиглаж байна. Нүдний өмнө нь ялж явсан мужууд нь өөрөөс нь бага, багаар холдсоор байгааг хараад суух амаргүй байгаа. Гэхдээ дэлхийн хамгийн том ардчилсан улсын сонгогчдын эрх хэрэгждэг хамгийн том процесс нь бидний нүдний өмнө явагдаж байна. Энэ л сонин. Үүнээс бид юунаас нь суралцаж, юунд анхаарах ёстой вэ гэдгийг харж, ажиглаж авах нь чухал юм. Наад зах нь иргэд нь өөрчлөлт хийхийн тулд идэвх үнэмшлээрээ сонгуульдаа хэрхэн идэвхтэй оролцдогоос харж суралцъя.  

Д.Гэрэлтөв

www.ubn.mn

3000 ажлын байрыг нээлттэй зарлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт урьж байна
3000 ажлын байрыг нээлттэй зарлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт урьж байна
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.