УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2025.01.13/ хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төслийн талаар Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгөх төсөл гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотгоод жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж, шинээр 700 гаруй ажлын байр бий болгох эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хэмээсэн.
Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 онд соёрхон баталсан. Төсөл батлагдсанаас хойш 2024 оны жилийн эцсийн байдлаар 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаад байгаа бөгөөд төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна гэлээ.
Түүнчлэн тэрбээр, төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, зээлийн хэлэлцээрийг хийгээд байна. Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг нь үүнд шингээж, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгаад байна. Төсөлд энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна гурван нөхцөлийг шинээр тавьсныг онцлов.
Үүнд, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах, мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2045 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд БНЭУ-ын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгаад байна. Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдлаа.
Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!