Төмөр замын хил холболт, төмөр замтай холбоотой нэвтрүүлэг энэ долоо хоногт өргөн нэвтрүүлгийн сувгуудаар цацагдсан. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шадар сайд Т.Доржхандыг Шанхайд болсон хүлээн авалтын үеэр "М.Энхсайханд яаж хэлэх вэ.. Хамгийн харамсалтай нь бүгд Женкогийн зөв болчихдог байгаа" гэж хэлсэн талаар мэдээлэл тавигджээ. Тэгвэл уг асуудалд Шадар сайд Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр "Парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор ХҮН нам ҮХНӨ-ийг манлайлж хийсэн. Үр дүнг нь цементлэх зорилгоор Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа. Энэ шийдвэрээ бид Монгол Улсын эрх ашигт нийцсэн үйл хэрэг гэж үздэг бөгөөд байр сууриндаа хатуу байна.
Харин төмөр замын хил холболт, Засгийн газрын тогтвортой бодлого нь Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад чухал талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн хэсэг болжээ.
Нэр төр, эрхэм чанар, ёс зүй байхгүй бол төр, улсын үйл хэрэгт оролцоод яах билээ. Улстөрд орсон шалтгаан маань ч популизмыг сөрөх зорилготой байв. Тиймдээ ч хамгийн популист улстөрч Х.Баттулгын үйл хэргийг шүүмжилж ирсэн болохоос дэмжиж байгаагүй, цаашид ч дэмжихгүй" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!