Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цөмийн хаягдлыг булшлах тухай гэрээ хэлэлцээр “байхгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 32 секунд

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад харилцааны салбарын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ.

-Дипломат төлөөлөгчийн газруудад улс төрийн нөлөөллийг бууруулахад та ямар бодлого баримтлан ажиллах вэ? Төрийн өндөр албан тушаалнуудын туслах байсан хүмүүс ДТГ-уудад ажилладаг гэсэн асуудал өмнөх сайд нарын үед ч яригддаг байсан?

-Дипломат албанд ямар нэгэн шахаа огт байхгүй. Надад бол хэн нэгэн хүний шахаа, барьцаагаар томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. ЭСЯ-дад мэргэжлийн, өндөр ёс зүйтэй, мэдлэгтэй хүмүүсийг томилох ёстой гэсэн нийгмийн шахаа бий. Цаашдаа гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа хүнээ дипломат албанд томилох бодлого баримтална.

-“COVID-19”-ийн дараа эдийн засгийг сэргээх, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Засгийн газар бодлого батлагдаж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ГХЯ хэрхэн ажиллах вэ?

-Аялал жуулчлал бол Монгол Улсын эдийн засгийн том салбар. Энэ салбарыг хөгжүүлэхээр БОАЖЯ-наас хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. 2019 онд Монгол Улсад гадны 560 мянган жуулчин ирсэн. ГХЯ гадаад сурталчилгааг маш сайн хийж байж жуулчдын тоо нэмэгдэх тул манай яам тодорхой хөтөлбөр боловсруулсан.

-Өнгөрсөн Засгийн газрын үед 10 гаруй Элчин сайдыг томилж чадаагүй. Ойрын хугацаанд Элчин сайдуудыг томилох уу?

-Өмнөх УИХ-ын үед 10 оронд суух Элчин сайдын нэрсийг өргөн барьсан ч эгүүлэн татсан. Хуулийн дагуу шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой. Энэ онд хугацаа хэтэрсэн долоо, хугацаа дуусч байгаа 10 гаруй Элчин сайд бий. Үндсэндээ бол 20 орчим Элчин сайдын томилгоог УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Энэ ажлыг ойрын хугацаанд хийх болно. Ирэх жил буюу 2021 онд хугацаа дуусах 10 гаруй Элчин сайд бий. Тэгэхээр энэ оны төгсгөл болон ирэх оны эхний хагас жилд  багтаад нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана.

-АНУ-ын Конгресст Гуравдагч хөршийн худалдааны хууль өргөн барьсан ч өнөөг хүртэл тодорхой мэдээлэлгүй байна. Үүнд ГХЯ хэрхэн оролцож байгаа вэ?

-Монгол, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Өнгөрсөн онд Монгол Улсаас 26 сая ам.долларын бүтээгдэхүүн АНУ гаргасан. Харин АНУ-аас290 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. 1991 оноос хойш өнөөг хүртэл АНУ-аас Монголд 240 сая ам.долларын тусламж олгосон байна. Одоо яригдаж буй хамгийн том төсөл бол Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах 350 сая ам.долларын төсөл. АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудал хурдацтай явагдаж байгаа гэж би үзэж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа энэ ажил тодорхой үр дүнд хүрч, гарын үсэг зурах хэмжээнд хүрнэ гэж ойлгож байгаа. АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга М.Помпей Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Энэ айлчлалын үеэр дээрх асуудлыг нарийвчлан ярихаар төлөвлөөд байсан юм.

-Гадаад худалдааг хөгжүүлэхэд ЭСЯ-дын оролцоог хэрхэн хангах вэ?

-Гадаад харилцааны салбарыг эдийн засагжуулах гэдэг асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа. Тодорхой хэлбэл, Элчин сайд нарт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэх үүрэг өгөх асуудал. 2021 оноос хойш Элчин сайд нарын ажлын үр дүнг эдийн засгийн ахиц дэвшилтэй холбож дүгнэнэ. Тухайлбал, тухайн оронтой гадаад худалдаа өссөн үү үгүй юу, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд урагшилсан уу, зогссон уу, жуулчдын тоо өссөн эсэх зэргийг харгалзаж, ажлыг нь дүгнэж, үүрэг өгнө.

-2010 онд Гадаад харилцааны яам цөмийн түлшний хаягдлыг Монгол Улсад булшлах тухай гэрээ хэлцэл хийсэн гэдэг нийтлэл мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Ийм гэрээ үнэхээр бий юу?

-Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Японы Засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй. Цаашдаа ч ийм гэрээ хэлэлцээрийг Япон болон бусад оронтой байгуулахгүй.

-Та БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын сайд нартай уулзсан. Энэ үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсэх санал тавьсан гэдэг асуудал яригдаж байсан. Та Гадаад харилцааны сайдын хувиар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ “ШХАБ-д Монгол Улсыг элсээч ээ” гэсэн санал тавьсан. ОХУ-ын С.В.Лавров сайд бас энэ асуудлыг санал болгосон. Монгол Улс 2004 оноос ШХАБ-д ажиглагчийн статустай явж ирсэн. Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа. Монгол Улс бие даасан гадаад бодлогыг явуулдаг. ОХУ, БНХАУ-аас гадаад бодлогод шууд нөлөөлөхгүй. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшинд хамгийн өндөр итгэлцлийн түвшинд харилцаж байна гэсэн үг. Тиймээс харилцаагаа стратегийн түвшинд үргэлжлүүлж, хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үед хоёр орон нэг нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй гэдэг байр суурь илэрхийлж байсан. Үүний цаана Өвөрмонголчуудын Монгол бичгийн төлөөх тэмцэл хөндөгдөж байгаа юу?

-Монгол бичгийн асуудал бол нийгмийн анхаарлын төвд байгаа асуудал. НҮБ бол өөрийн дотоод дүрэм журамтай. Тус байгууллагын гишүүн бүр энэ дүрмийг баримтлах ёстой. Энэ дүрэмд тус байгууллагын гишүүн бол аливаа улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхаар заасан. Мөн Монгол Улсын Засгийн газар, ГХЯ өөрийн гэсэн бодлоготой. Ван И сайдын айлчлалын үеэр ярих асуудлыг ҮАБЗ-д танилцуулж, чиглэл авсан. Энэ хүрээнд Ван И сайдтай хийсэн хэлэлцээ болсон. Монгол Улс бол БНХАУ-ын Нэг Хятад бодлогыг тууштай дэмжинэ. Өмнөх үеийн Засгийн газар ч энэ бодлогыг баримталж ирсэн.

-Консулын газрын ажилтнууд иргэдэд гадаад орнуудын ногоон паспорт авч өгнө гэсэн нэрийдлээр иргэдийг залилсан тухай мэдээлэл гарсан?

-Энэ асуудлыг шалгасан. Консулын ажилтан мөнгө авч, бусдыг залилсан тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Гадаад харилцааны салбарын нэр хүнд унаж байгаа нь дипломат төлөөлөгчид хар тамхины хэрэгтэй холбогдсон асуудал. Эдгээр хүмүүстээ хариуцлага тооцсон уу?

-Хар тамхитай холбоотой хэргүүд гадаад харилцааны салбарын нэр хүндийг унагасан. Хар тамхины хэрэгтэй холбогдсон хоёр хүн тухайн улсдаа ял эдэлж байгаа. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон 69 хүнээс гадаад харилцааны салбарт ажиллаж байсан 7 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Цаашдаа хар тамхи болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх ажил өрнөж байгаа.

-Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Гуравдагч хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн” гэж заасан. Тухайлбал, БНСУ байна. Монгол, БНСУ бол Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг.

-Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих боломж бий юу?

-Монгол, БНСУ-ын иргэд визгүй зорчих асуудлыг төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр тогтмол ярьдаг. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой цаг хугацаа орно. Одоогоор яриа, хэлэлцээний түвшинд байна. БНСУ-д манай улсын 47 мянга гаруй иргэн амьдарч байна. Өнгөрсөн онд хоёр орны 200 мянган иргэн харилцан зорчсон байна. Энэ нь виз олголт нэмэгдэж байгаагийн илрэл.

-Та БНСУ-д ойрын үед айлчлах бодол бий юу?

- БНСУ бол Монгол Улсын гуравдагч хөрш. Өнгөрсөн онд хоёр орны гадаад худалдаа 294 сая ам.долларт хүрсэн. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад 590 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Тиймээс худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш төдийгүй тус улсад Монголын 47 мянган иргэн амьдардаг БНСУ-д айлчлах сонирхол бий. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус улсад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалахаас эхлээд олон асуудал бий. Энэ айлчлалын талаар ойрын хугацаанд дипломат шугамаар ярилцана.

-Ирэх онд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохионо. НҮБ-д элссэний ач холбогдлын талаар ойлголт, мэдээлэл нэн шинэ үеийн залууст байдаггүй. Тэгэхээр түүхэн ач холбогдлыг нь олон нийтэд таниулах ямар ажил өрнүүлэх вэ?

-НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. НҮБ-ын 192 гишүүн орон Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Ойн хүрээнд хүүхэд залууст НҮБ-ыг сурталчилах хөтөлбөр гаргана.

Монгол Улс бие даасан гадаад бодлогыг явуулдаг. ОХУ, БНХАУ-аас гадаад бодлогод шууд нөлөөлөх асуудал байхгүй. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байгаа тухай мэдээллээ.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авч байна
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авч байна
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.