Монголчууд бид он солигдох мөчид төрийн гурван өндөрлөгийнхөө үгийг анхааралтай сонсож, өнгөрсөн 365 хоногоо нэг дүгнэж, дор бүрнээ тунгаацгаадаг уламжлалтай. Улс төрийн өнцгийн хувьд ч улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын шинэ жилийн мэндчилгээний үгийн цаадах далд санаа, ямар нэгэн “сюрприз”-д анхаарал хандуулдаг учиртай.
Ялангуяа тэтгэврийн зээл тэглэдэг тэр мөчөөс хойш жил бүрийн 12 дугаар сарын 31-нд мэндчилгээ дэвшүүлэх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үгсийг бүгд л чих тавин "юуг ч тэглэчих бол" гэж хүлээж суудаг болсон. Тэгвэл энэ удаад Ардын намаас сонгогдож, томилогдсон дарга нар бүгд улаан зангиа, улаан өнгөнөөсөө татгалзан цэнхэр өнгөөр жигдэрсэн нь нүдэнд туслаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эв нэгдлийг онцгойлон анхаарч, хориг тавьж төсвийг алдагдалгүй болгон шинэ зарчим тогтоосноо онцлов”
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үгийг сонсож дуусаад бүх монголчууд оргилуун дарсаа буудуулав. Цэнхэр дэлгэцээр хүргэсэн Ерөнхийлөгчийн мэндчилгээнд ЭВ НЭГДЭЛ, ЭВИЙГ ЭРХЭМЛЭХ, ЭВ ЭЕТЭЙ байх гэдэг санаа хэд хэдэн удаа давтагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол энэ улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг. Нөгөө талдаа 12 сарын эхээр баахан дарга нарыг өрөөндөө цуглуулаад хамтарсан засгийн газарт орсон Лу.Гантөмөр, Т.Доржханд нарыг “эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа тат” хэмээн зандарч суусан тэрбээр энэ удаад улс төрд эв эеийг эрхэмлэх тухай өгүүлж, хамтдаа хичээж зүтгэхийг уриалсан нь бас л сонин үзэгдэл. Эв нэгдэл гэдэг бидэнд ус агаар шиг хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн. Ерөнхийлөгчийн эв нэгдлийг онцолж байгаа цаад шалтгаан нь стратегийн ач холбогдолтой төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэж буйтай ч холбоотой байх.
Мөн төсөвт хориг тавьж анх удаа алдагдалгүй төсөв батлуулсан “оноо”-гоо өөртөө наасан нь ч анзаарагдав. Түүнээс гадна гадаад валютын нөөц, эдийн засгийн өсөлт, инфляц бага байгааг шагшин магтаж, гадаад худалдаа, экспортын тухай дурдаж эдийн засагт нөр их анхаарал хандуулсныг сонсоход Ерөнхийлөгчийн институт биш гүйцэтгэх засаглалын өнгөрсөн нэг жилийн тайлан шиг сонсогдов.
Ерөнхийлөгч мөн сахилга хариуцлагыг ч онцлох санууллаа. Харин баярлууштай нь эдийн засагтаа хор дагуулах ямар нэгэн популист амлалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мань хэдэд “бэлэг” барьсангүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, 126 гишүүнтэй парламентын танхимаа” онцлов
Д.Амарбаясгалан даргын үгэнд улс төрийн өнгө аяс бараг орсонгүй. УИХ-ын даргын мэндчилгээ цэвэр бэлгэдлийн шинжтэй болж нөгөө хоёрыгоо бодвол товчхон байлаа. Д.Амарбаясгалан даргын мэндчилгээний гол хэсэг нь Монголын парламентын түүхэнд шинэ хуудас нээсэн холимог тогтолцоо, 126 гишүүнтэй болгож парламентаа өргөжүүлсэн хуучин ажлуудын тухай байв. Шинэ гишүүдтэй, шинэ тогтолцоотой УИХ-ыг даргалж буй тэрбээр өнгөрсөн жилүүдэд энэ өөрчлөлтийн төлөө манлайлалтай оролцож, Үндсэн хууль өөрчлөх ажилд түлхэц болсон гол хүмүүсийн нэг. Тиймээс шинэ 30 жил гэгдэх парламентын анхны спикер тэрбээр бодлогын шилжилт, жендерийн дэвшлээ онцлож 2025 оноо угтаж, 2024 оноо үдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “4 жилийн ажлаа ТАЙЛАГНАЖ, 2025 он ГАЛТАЙ болохыг” онцлов
Гүйцэтгэх засаглалын тэргүүний мэндчилгээний эхлэл хэсэг. Ер нь бүхэлдээ дөрвөн жилийн хугацаанд хийсэн, хийхээр төлөвлөж ирсэн ажлуудаа тайлагнасан өнгө аястай байв.
2024 оныг дүгнэж хэлсэн мэндчилгээндээ Ерөнхий сайд 2021 оны цар тахлын үеэс эхлээд Ерөнхий сайд болсон цагаасаа хойших Оюутолгойн өрийг тэглэсэн, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг УИХ дээр ярьсан, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг зарласан, Тавантолгойд онцгой дэглэм тогтоосон, төрийн сангуудыг цахим системд тавьж ил болгосон, нүүрсний жагсаалтай үеийг сануулж, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцоог бий болгосон гээд бүхий л зовлон жаргал, амжилт ололтоо дэс дараалан тоочив.
Мөн Үндэсний баялгийн сангийн хуулиа онцолж, ирээдүйн ашиг орлогоо санууллаа. Тэрбээр, хамтарсан Засгийн газраа онцлон тэмдэглэж олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, төмөр замын хил холболт, уран зэрэг том төслүүдийг хөдөлгөж эхэлсэн тухайгаа ч дурдав
Харин Ерөнхий сайдын ирээдүйд хийх ажлууд болох сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц, Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийн дунд ОХУ-тай хийх хийн хоолойн төслийн шийдвэрлэнэ гэдэг санаа илэрхийлэгдлээ. Өөрөөр хэлбэл, манайхаар хийн хоолойг манайхаар дамжуулан тавих асуудлыг шийдэх бололтой.
Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд шинэ жилийн мэндчилгээ дээрээ 2025 оны улс төрийг ямар хэмжээнд халж, улс төрийн хүрээнд галтай олон шийдвэр гаргана гэдгээ ил тод зарласан явдал байлаа.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!