Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
---------------------------
-Гэр бүлээрээ, хамт олноороо, анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл, ухаарал, сургамжаа дүгнэж 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм монголчууддаа, хилийн чинадад ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс, та бүхэндээ ажил амьдралаараа Монгол Улстай холбогдсон хүн бүрт шинэ оны баярын мэндийг дэвшүүлж байна. Та бид хамтдаа, хил хязгаар хаалттай, түлш шатахуун хязгаарлалттай, covid-19 цар тахал, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсан. Гэхдээ үр дүнд нь боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтууд ирэх жилд нь жигдэрч агаарын тээвэр либериалчлагдаж, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж жуулчдын тоо 2 дахин өссөн, мөн экспорт ч хоёр дахин нэмэгдсэн. Та бид хамтдаа Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн санхүүгийн схем УИХ-аар хэлэлцэгдэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд зарлагдаж, Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогдож, төрийн сангууд цахим системд ээлж дараалан ил болж иргэдийн мэдэх эрх хангагдаж жагсаал цуглаантай шинэ жилийг угтаж байсан. Гэхдээ энэ бүхэн ил болсны үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, гадаад бондуудын өр төлөгдөж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, Үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэж, парламентын ардчилалын хоёр дахь том давалгаа эхлэх эрхзүйн том суурь бүрдсэн. Эрхэм монголчуудаа 2024 онд Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх онцлог жил болон өнгөрч байна. Шинэ тогтолцооны дагуу Монгол Улсын парламентын түүх 1992-2024 он хүртэл, 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Ази тивд жендерийн үзүүлэлтээр тэргүүлж эхэлж байна гэсэн үг. Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүн байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох явц 2024 онд болж өнгөрлөө. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо бодитоор ажиллаж байгаагийн эхний эерэг үр дүн гарч байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Улс төрийн намууд хамтарч "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөлбөр хэрэгжүүлж хамтарсан ЗГ байгуулагдаж Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан билээ. ЗГ эхний 100 хоногт багтаж 1964 оноос хойш яригдсаар ирсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч эхний ээлжид Бөөрөлжүүтийн ДЦС ашиглалтад орж чадлаа. 2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ажлыг ЗГ хоорондын хэлэлцээрээр, сүүлийн 20 гаруй жил хэлэлцсэн Бадрах Энержи Оранагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулж, Их хурал батлах нэгдсэн шийдэлд хүрч чадлаа. 2024 онд эдийн засаг 5 хувийн өсөлттэй гарч байна, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул УИХ-ын ирэх хаврын чуулганаар татвар болон Нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барихаар зэхэж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг хамтад нь шийдвэрлэхээр төлөвлөж байна. ЗГ-аас 2025 оныг нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан. Энэ боломжийг ашиглан нийслэлчүүд та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлэн хүнд шийдвэрийг гаргахад ЗГ дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье. 2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь, иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөг хуримтлал болгон хадгалагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг И-Монголиа дээрээс тогтмол харах боломж бүрдсэн. ЗГ-ын зарласан 14 мега төсөл хэрэгжснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээр ирэх онд эхэлнэ. Мэдээж галтай олон шийдвэр гарна. 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол та бидний сүүлийн 3 жил хамтдаа тэмцсэн тэмцлийн бодит үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх эхлэл цэг юм. Тийм ч учраас бид Баялгийн сангаа хамтдаа хамгаалах учиртай.
Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.
Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай!
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!