Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Бадамсүрэнгийн баримтууд мөсөн уулын орой төдий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 49 секунд

Охиныхоо сургалтын төлбөрийг /102 сая төгрөг/ Эрдэнэт үйлдвэрээс гаргуулсан, Өмнөд Африкийн "Стандарт" банкны өрийг хаахад зуучилсан, “Оcean partners” компанид 259 тэрбум төгрөг шилжүүлсэн, "Булган инноваци" төрийн бус байгууллагад 750 сая төгрөг шилжүүлсэн гээд Х.Бадамсүрэн захирлыг тойрсон дуулиан тасрахгүй хөвөрч байна. Онц байдал нэрийн дор хаалттай хөшигний ард Эрдэнэтэд иймэрхүү л завхрал явагдаж байсныг МАН-ынхан дотроосоо илчилж, Х.Бадамсүрэнг шонд өлгөх кампанит ажиллагаа эрчимжив.

Томилогдсоноос хойш хэн ч оролдоод дийлээгүй, алхаар цохиод ч унахааргүй, суудалдаа гүн бат шигдэж чадсан хүн гэвэл түүнийг л хэлж болно. Түүнийг ердийн нэг шилэн дансны мэдээллээр унагах боллоо гэхэд гэнэн нэг нь итгэх л байх. Гэвч үүний цаана түүнийг унагах хэд хэдэн улс төрийн шалтгаан бодитой үүссэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Х.Бадамсүрэнг хэрхэн томилов

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ хэл амтайгаар Эрдэнэтийн 49 хувийг Оросоос авснаар монголчууд анх удаа Эрдэнэтийн ТУЗ-ийг дангаараа байгуулсан. Ингээд хэд хэдэн хүнийг төрийн талаас томилуулахаар санал болгосон ч ХХБ-ны дэмжлэг авч чадалгүй томилгоо гацаанд орсон байдаг. Учир нь компанийн тухай хуулиар 64-өөс дээш хувийн саналаар Гүйцэтгэх захирлыг томилох бөгөөд тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлэлцээр хийж асуудлыг шийдэхээр нэлээд удаашралтай ажиллаж байсан гэдэг. Захирлаа ч томилж чадахгүй “жентельмэн” зан гаргасныхаа төлөө Ж.Эрдэнэбатын Засгийн газар удалгүй огцорсон. Хэнийг томилох вэ? гэдэг яриа удтал үргэлжилсээр эцэстээ 2016 оны 11 дүгээр сарын 24-нд сая нэг Х.Бадамсүрэнг томилов. Улс төрөөс бараг тэтгэвэртээ гарчихсан өвгөнийг тоглолт руу чирж оруулахад экс Ерөнхийлөгч Н.Багабандийн нөлөө их байсан гэдэг. Тэд Эрхүү хотод геологийн мэргэжил эзэмшсэн нэгэн үеийн уурхайчид. Мөн ХХБ ч хурдан зөвшөөрсөн нь, аядуу зөөлөн бөгөөд тохироогоо хийгээд явахад алдахгүй гэж тооцсонтой нь холбоотой болов уу. Үнэхээр ч Эрдэнэтийн асуудлаар Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ гэх мэт улс төрчид дуугарч, ТУЗ дээр нь бөөн дайн дэгдэн шүүхдэлцэж, УИХ-аас тогтоол гарч байхад Х.Бадамсүрэн ганц ч үг ган хийгээгүй. 2019 оны гуравдугаар сард Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоож, цэрэг цагдаа, буу шийдмээ агсан байж 49-ийн талынхныг хөөж гаргасан атал Х.Бадамсүрэнг захирлаар нь хэвээр үлдээсэн байдаг юм.

Х.Бадамсүрэнг зайлуулах улс төрийн операци

Худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 жил, хувийн хэвшлийн аж ахуй байгуулагдсаны 30 жилийн ойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн компанийн захирал, улсын томоохон үйлдвэрийн дарга нарыг төрийн шагналаар шагнасан. Харин энд Х.Бадамсүрэн багтаагүй. Түүнийг Монголын ажил олгогч эздийн холбооноос Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар тодорхойлсон боловч Ерөнхийлөгч Х.Баттулга эрс татгалзсан гэх мэдээлэл байна. Ингэх болсон шалтгаан нь Х.Бадамсүрэн үгэнд нь орохгүй болсонтой холбоотой ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ төмөр зам төсөлд Эрдэнэт үйлдвэрийг хөрөнгө оруулалт хийхийг “дээрээс” шахаж шаардсан гэнэ. Харин Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрт огтхон ч падлий байхгүй Тавантолгой зүүн баянгийн төмөр замд хөрөнгө оруулахаас татгалзаж зугтах болсноор “дээдчүүлийн” дургүйг хүргэж эхэлжээ. "Эрдэнэс таван толгой" ХК шинэ төмөр зам төслийн анхны хөрөнгө оруулалт болох 156 тэрбум төгрөгийг гаргасан, түүнчлэн жилийн ашиг болох 750 тэрбум төгрөгөө урагшаа биш хойшоо тавигдах, өөрсдөд нь огтхон ч хэрэгцээгүй төмөр замд оруулах шийдвэр гаргасан. Үүнийхээ төлөө Б.Ганхуяг “гавьяат” цолоор энгэрээ мялаав. Ингээд Х.Бадамсүрэнд хоёр л сонголт үлдэж нэг нь өөрөө ажлаа өгөх, нөгөөдөх нь ажлаа өгөөд “аавынд орох”. Болж байгаа үйл явдлаас харахад хоёр дахь замаар гэлдэрч буй бололтой.

Сайдын "нустай" төлбөрийн баримт

Х.Бадамсүрэнг тойрсон асуудал зөвхөн үүгээр дуусахгүй бололтой. Эндээс "Стандарт" банкны дундын зуучлалд шилжүүлсэн 40 сая долларын асуудал нэлээд өндрөө авах бололтой. Учир нь энэ 40 сая ам доллараас 10 сая нь Нью Иорк хотод бүртгэлтэй Монголын нэгэн улс төрчийн компанид орсон гэх мэдээлэл гараад тэгс хийгээд намжсан. Тэр хүн одоог хүртэл УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл задрахаас өмнө Х.Бадамсүрэнг үтэр түргэн явуулах хэрэгтэй болсон гэж дээдсийн ордны “тамхины цэг” дээр ярих болов. Хэдийгээр Х.Бадамсүрэн унасан ч Эрдэнэтийн асуудал үүгээр дуусахгүй бололтой. Энгийнээр бодоход Эрдэнэт үйлдвэр хэн нэгэнд өр төлбөртэй юм бол өөрсдөө гуйж учирлаж, яриа хэлэлцээр хийж яагаад болдоггүй, заавал нэг компаниар зуучлуулах ёстой вэ? гэдэг сонирхолтой бөгөөд хэнд ч ойлгомжгүй асуултын хариу удахгүй ил болох биз. Гадаад харилцааг нь хариуцсан маш том бүтэцтэй, 6000 орчим ажилтантай, улс доторх улс болсон аварга үйлдвэрт тийм хэмжээний хэлцэл хийчих хүн байгаагүй гэвэл хүн итгэх үү? Үүнээс үзэхэд "Стандарт" банкинд төлсөн 40 сая долларын зуучлалын падаанд манай нэг сайдын "нус наалдсан" гэх мэдээлэл үнэнд ойртоод л байгаа юм даа. Энэ мэтээр Х.Бадамсүрэнгийн хэрэгцээ нэгэнт дуусч, “цэргийн нууц” задрах аюул улам ихэссэн учраас түүнийг үтэр түргэн вангийн сэнтийгээс холдуулж “их цэвэрлэгээ” оруулах шаардлагатай болсон байна.

О.Цагариг

ЭМЯ: Дахин зургаан хүнээс коронавирус илэрлээ
ЭМЯ: Дахин зургаан хүнээс коронавирус илэрлээ
 
ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ
ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.