Ихэвчлэн сургалтын төлбөр, хэрэглээний зардлаа олох гэсэн оюутан, залуус CU сүлжээ дэлгүүрт гурван ээлжээр 24:00 цаг ажилладаг. Гэвч сүүлийн жилүүдэд тэдний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхлэв. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 21-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-ийн ажилтан охинд цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан. Өнгөрсөн зургаадугаар сард рэппер Rookie "CU" сүлжээний дэлгүүрт танхайрч, ажилтных нь биед халдсан. Түүнчлэн 2023 оны аравдугаар сард "CU" сүлжээ дэлгүүрийн ажилтан руу сүх далайж, айлган сүрдүүлсэн хэрэг гарч байв. Тиймээс энэ удаа CU сүлжээ дэлгүүрт ажиллагсдын талаар хөндөв.
Хотын төвөөс алсрах тусам гэр хорооллын эгэл бор амьдрал улам тодордог шиг CU дэлгүүрийн өнгө төрх ч мөн адил.
Долоон буудлын CU дэлгүүрийн салбар бүрт өдрийн цагаар архины эхүүн үнэр үнэртүүлж, тус дэлгүүрт унтах согтуу хүмүүстэй олон таарав. Сэжиглэж хамраа дарах хүмүүсийг эс тооцвол тэднийг хүн гэж анзаарах хүн алга. Гар гээд хэлэхээр гардаггүй, ажилтан охидыг элэг барьдаг иймэрхүү тохиолдол энгийн үзэгдэл мэт болоод уджээ.
Б нь 20 настай эмэгтэй. МУИС-д суралцдаг. Түүний хувьд "CU" сүлжээ дэлгүүрийн Долоон буудлын салбарт ажиллаад 5 сар болжээ. Эцэг эхдээ тус болохын тулд сургалтын төлбөрийнхөө талыг ч болтугай олохоор ажиллаж буй нь энэ. Б нь ихэвчлэн өдрийн ээлжинд ажилладаг бөгөөд гэр, ажил нь ойрхон тулдаа дажгүй болоод байдаг гэнэ. Тэрбээр "Би шөнийн ээлжилд ажиллаж үзээгүй. Гэхдээ шөнийн ээлжинд ажилладаг найзуудынхаа ярианаас их л хэцүү гэж сонссон" гэв.
Манайх 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зардаггүй. Гэтэл "Архи, пиво зарчихад хэн мэдэх юм. Өгчих л дөө" гээд нэхээд зогсчихдог
Харин түүнтэй нэг ээлжинд ажиллаж байгаа үе тэнгийнхэн нь залуу шөнийн ээлжинд гарч байсан туршлагатай. Тэр залуу "Долоон буудал паб, лоунж ихтэй. Ялангуяа баасан гарагийн орой архи асуусан ах нар их орж ирдэг. Манайх 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зардаггүй. Бүр шаналгаад "Архи, пиво зарчихад хэн мэдэх юм. Өгчих л дөө" гээд нэхээд зогсчихдог. Камерыг өглөө менежер ирээд шалгадаг гэхээр харааж, ерөөгөөд хэцүү. 10 минут гуйж, аргадаж янз бүрээр үзэж байгаад арай ч зодчихгүй тэгэсгээд гараад явдаг. Өнгөрсөн баасан гарагт Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг орсон доо. Тэрийг дагаад 01:00-02:00 цагт архи асууж орж ирсэн хүмүүс өмнөхөөсөө олон байсан" гэв.
Ерөнхийдөө орсон CU бүр мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд толгой компаниас нь гэрээндээ тэгж заасан гэх үгээр ам таглаж байсан юм. Тус дэлгүүрийн ажилчид гурван ээлжээр буюу 08:00-16:00, 16:00-00:00, 00:00-08:00 цаг хүртэл ажилладаг. Мэдээж хамгийн эрсдэлтэй ээлж нь шөнийх. Дэлгүүрийн менежерүүд шөнийн ээлжид ихэвчлэн хөвгүүдийг ажиллуулдаг байна. Түүнчлэн CU" сүлжээ дэлгүүр бүрт эрсдэл тулгарсан үед дарах аюулгүйн товч буюу улаан кноп бий.
Уг кнопыг ихэвчлэн дэлгүүр дотор архи уусан, гаднаас согтуу орж ирээд тасарсан, ажилтантай ёс бус харьцсан тохиолдолд дардаг аж. Уг товчийг дарснаар "Их хар сүлд" хамгаалалтын алба 10-20 минутын дотор ирэх ёстой гэнэ.
CU дэлгүүрийн ажилтан охинд цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн жишээнээс харахад аливаа эрсдэл нь цаг хугацааг хүлээхгүй гэдэг нь ойлгомжтой. Олны хөдөлгөөнийг дагаад хүүхдийн 100, Зайсангийн салбарууд нь 24 цагийн хамгаалалтын ажилтантай. Уг нь заавал улаан кноп гэлтгүй ядаж хотын захын салбаруудын шөнийн ээлжинд хамгаалалтын ажилтантай болох хэрэгтэй санагдах юм.
Манайх "Их хар сүлд" хамгаалалтын албатай урт хугацааны гэрээтэй
"CU" сүлжээ дэлгүүрийн хүний нөөцийн албанаас "Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газартай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Манайх "Их хар сүлд" хамгаалалтын албатай урт хугацааны гэрээтэй. Бүх салбар дэлгүүрүүдийг хариуцдаг. Эрсдэл үүсвэл дардаг аюулгүйн улаан товчлуур дэлгүүр бүрт бий. Их хар сүлд хамгаалалтын алба нь манай бүх хэсгүүдийг хариуцсан нэгжтэй учраас цаг алдалгүй ирдэг. Сүүлд гарсан тохиолдлын хувьд нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа" гэх мэдээллийг өгөв.
"Их хар сүлд" хамгаалалтын албатай холбогдож CU сүлжээ дэлгүүрүүдээс хэр их дуудлага, мэдээлэл ирдэг талаар лавлатал "Хамтрагч байгууллагын мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!