Төрийн цахим үйлчилгээний тоо, хүртээмж нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хүн, хуулийн этгээдийг найдвартай арга хэрэгслээр таньж, баталгаажуулах нь чухал юм. Гэтэл төрийн байгууллагуудын ашиглаж буй системүүд нь хүн болон хуулийн этгээдийг цахим орчинд таньж баталгаажуулахдаа төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглаж байна. Тодруулбал, иргэн төрийн цахим үйлчилгээг авахдаа иргэний бүртгэл үүсгэн, нууц үг болон бусад мэдээллийг хадгалах, байнгын нууц үг ашиглах тохиолдол их байна. Мөн тухайн систем нь мэдээллийн аюулгүй байдлын сайн туршлагыг хэрэгжүүлээгүйгээс үүдэж, иргэн бүх системүүд рүү олон төрлийн бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрч орж байна.
Үүний зэрэгцээ, цахим орчинд аливаа иргэн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах арга хэрэгсэл нь нэгдсэн байдлаар тодорхойлогдоогүй байсан нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Танилт, нэвтрэлтийн арга, хэрэгсэл батлах тухай” тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай танилт, нэвтрэлтийн ДАН системд ашиглагдах арга, хэрэгсэл тодорхой болж байна гэсэн үг юм.
Танилт, нэвтрэлтийн ДАН систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй, хүн, хуулийн этгээдийг цахим орчинд таньж, баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах зэрэг давуу тал үүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!