Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр 14:00 цагт танилцуулах юм. Улсын хэмжээнд инфляци 8.1 хувьд хүрч, сүүлийн таван сар гаруй хугацаанд дараалан чангарч байгаа нь энэ удаагийн хурлаар бодлогын хүүг чангаруулах уу гэх таамаг үүсгээд байна. Учир нь, ханш болон инфляцийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогыг чангалах хэрэгтэй болно. Эргэн сануулбал, төв банкны зүгээс цар тахлын хямрал, гадаад шокоос үүссэн инфляцын хөөрөгдлийг мөнгөний хатуу бодлогоор аргамжиж, 2020 онд 6 хувьтай байсныг 13 хувь хүртэл хатуурсан юм.
Өнөөдөр төвбанкны зарласан бодлогын хүү 10 хувьтай байгаа бөгөөд Мөнгөний бодлогын хорооноос нийт 3 нэгж хувиар бууруулаад байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд, Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн есдүгээр сард 11 хувьтай байсан бодлогын хүүг нэг нэгжээр бууруулсан билээ. Ийнхүү бодлогын хүүг үе шаттайгаар бууруулсан нь инфляци төв банкны зорилтот интервальд хүрсэнтэй холбон тайлбарлаж байв.
Бодлогын хүү нь банкууд хоорондоо зээл олгож авах суурь хүү юм. Тус хүүний өөрчлөлт ямар байхаас шалтгаалан арилжааны банкуудын зээлийн хүү, иргэн, аж ахуйн нэгж, өрхийн орлогод хүртэл нөлөөлдөг. Бодлогын хүүг хатууруулж 13 хувьтай байхад зээлийн хүү зорилтот түвшинд хүрч чадахгүй байх гол "чөдөр" нь төв банкны бодлогын хүү байсан юм.