Шинэ жилийн баяр хаяанд иржээ. Энэ үед охид, бүсгүйчүүдийн хувьд гоёлын даашинзнаас илүү "толгойн өвчин" болж байгаа зүйл нь нүүр будалт. Нүүр будалтын талаар хамгийн товчоор онож хэлсэн үг бол нүүрээ будаагүй эмэгтэй хүн дайнд зэвсэггүй орж буй цэрэгтэй адил гэж ярьцгаадаг. Өөрөөр хэлбэл, өөрийн давуу талаа ил болгож, сул талаа далдлах мөн үг яриагүйгээр өөрийгөө бусдад илэрхийлэх нэг хэрэгсэл бол нүүр будалт юм. Тиймдээ ч төгс нүүр будалтгүйгээр баяр ёслолыг төсөөлшгүй.
Тэгвэл энэ жилийн хувьд тоор жимсийг санагдуулам шаргал, ягаан туяа хосолсон өнгө нүүр будалтын салбарт ихээр дэлгэрчээ. Тодруулбал, Сабрина Карпентер, Хейли Бибер зэрэг алдартнуудын хэрэгжүүлдэг sun-kissed буюу шанаа, хацар, хамар хэсгийг тод өнгийн хацар өнгөлөгчөөр бүхэлд нь бүрхэж буддаг дүр төрх тренд болсон гэсэн үг.
Охид, эмэгтэйчүүд ч энэ трендийг дагаж шинэ жилийн баярт зориулан романтик мэдрэмжийг төрүүлэм бүдэг ягаан өнгийн хацар өнгөлөгчөөр бүрдүүлсэн зөөлөн будалтыг хийлгэж байгааг make-up артистууд хэлж байна. Түүнчлэн тод будалт ч энэ жил халаагаа тавьж өгөөгүй гэнэ.
Тэгвэл make-up артистуудын төлбөрийн мэдээллийг хүргэе.
Шинэ жилийн будалтыг нэг цагийн 500 мянган төгрөгөөр буддаг байсан артист эрэн сурвалжлагдаж эхлэв
Топ модель Э.Одгэрэл, дуучин Ука, Ану зэрэг бүхий л олны танил эрхмүүдийн нүүрийг буддаг байсан make-up артист Bella буюу Б.Алтанзул энэ салбараас холджээ. Дөрвөн жилийн өмнө шинэ жилийн будалтыг нэг цагийн 500 мянган төгрөгөөр буддаг байсан нь түүнийг Монголын хамгийн үнэтэй make up artist гэх нэр зүүхэд хүргэж байв. Гэвч түүнийг өнгөрсөн сараас эхлэн залилангийн хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн. Тэрбээр нүүр будалтын сургалт хийх нэрээр иргэдээс мөнгө авч, улмаар сургалтаа хийгээгүй, иргэдийн мөнгийг ч буцааж өгөөгүй залилан хийсэн гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүнийг хил давсан гэж ярьцгааж буй.
Охид Glass skin & Glowy будалтыг сонгож байна
Make-up артист Sabrina буюу Ч.Ганзул 12 жил энэ салбарт ажилласан туршлагатай. Найман жилийн өмнөөс эхлэн Sabrina make-up studio-г үүсгэн байгуулсан бөгөөд тэрбээр гоёлын будалтыг 250 мянгаар буддаг бол түүний студийн бусад артистууд 100 мянган төгрөгөөр будаж байна.
Тэрбээр "Өнгөрсөн жилүүдэд хүнд хүнхэр буюу хүмүүсийн дийлэнхийн мэддэгээр Smokey будалт онцгойрч байсан бол энэ жил харьцангуй энгийн болж, тухайн хүнийхээ онцлог дүр төрхийг тодотгосон Natura /байгалийн, энгийн/ будалтууд тренд болж байна. Жишээлбэл, суурь тавилт хийхдээ арьсыг илүү эрүүл, гэрэлтсэн харагдуулсан Glass skin & Glowy будалтыг сонгож байна. Илүү нимгэн, энгийн, чамин харагддаг" гэдгийг онцлов.
Гоёлын бүх төрлийн будалтыг 200 мянган төгрөгөөр хийж байна
Make-up артист Э.Эрхэсийн хувьд 2018 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. Түүний хувьд эрэгтэй артист гэдгээрээ онцлог төдийгүй гол төлөв европ буюу тод, хүчирхэг будалтад дуртай. Эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болгох, өөрийгөө өөр өнцгөөс хараасай гэсэн үүднээс энэ төрлийн будалтыг түлхүү хийдэг гэв. Тэрбээр гоёлын бүх төрлийн будалтыг 200 мянган төгрөгөөр хийж байна.
Гоёлын будалтыг 250 мянган төгрөг, Luxury make up look 450 мянгаар буддаг
Өөр нэг эрэгтэй артист болох А.Энхбаатар энгийн болон гоёлын будалтыг 250 мянган төгрөг, Luxury make up look 450 мянгаар буддаг. Тэрбээр 2020 онд дэлхийн оддын дүр хувиргалтыг цувралаар хийж, өөрийгөө хэр чадварлаг make up aртист болохоо харуулж байв.
Харин олонд төдийлөн танигдаагүй бусад артистуудын хувьд гоёлын будалтыг 70, 100, 120, 130, 150 төгрөгөөр хийж байна.
Pro makeup mongolia студи нь 10 жилийн туршлагатай. Тус студийн хувьд 125-135 мянган төгрөгийн багц гаргажээ. Үүнд нүүр будалт, үс ороолт, шуулт багтана. Үнийн хувьд нүүр будалт 90 мянга, үс ороолт 35 мянга, үс шуулт 45 мянган төгрөгийн үнэтэй байна.
Narumi студи шинэ жилийн нүүр будалтын дараах үйлчилгээний багцыг гаргажээ. Мастер багц нь 250 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үүнд мастер нүүр будалт, үс засалт багтсан бол 150 мянгын үнэтэй мэргэжлийн багцад нүүр будалт, үс засалт багтжээ. Харин 3-аас дээш хүнтэй найзууд багц 135 мянган төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!