Технологийн хөгжлийн үр дүнд 2025 он гэхэд 26 орны дунд болон том үйлдвэрүүдэд 85 сая ажлын байр алга болж, 97 сая ажлын байр шинээр бий болно гэж Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Future of Jobs 2020” судалгаанд дурджээ.
Тус байгууллагын судалгаанд тэмдэглэж буйгаар, “COVID-19” цар тахлын улмаас "хөдөлмөрийн зах зээл хүлээгдэж байснаас хурдан өөрчлөгдсөн байна". "Хүмүүс ба машинуудын хооронд хөдөлмөрийн шинэ хуваарилалт гарснаар 2025 он гэхэд аж үйлдвэрийн 15 салбарын дунд болон том үйлдвэрүүдэд, мөн 26 эдийн засагт нийт 85 сая ажлын байр алга болоход хүрнэ" гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ "роботын хувьсгалын үр дүнд 97 сая ажлын байр шинээр бий болно гэж таамаглажээ. "Ажилтнуудаа давтан сургах, ахисан шатны сургалтад хамруулах сонголтыг хийсэн" компаниуд шинэ нөхцөлд хамгийн их өрсөлдөх чадварыг харуулна гэж шинжээчид үзэж байна.
Шинжээчдийн тооцоолсноор, хөдөлмөрийн зах зээл хөгжихийн хэрээр 2025 он гэхэд ялангуяа хиймэл оюун ухаан, "ногоон эдийн засаг", компьютерын үүлэн технологи зэрэг салбарт 97 сая ажлын байр шинээр бий болгох шаардлага гарна. Үүний зэрэгцээ ойрын таван жилд өмнө нь хийж байсан ажлаа гүйцэтгэхийн тулд ажилчдын 50 орчим хувь нь давтан сургалтад хамрагдах шаардлагатай болох юм.